Categories
мэдээ нийгэм

“Cургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.9-д “Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар” төсөл хэрэгжүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл, баталгаат хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлнэ” гэж заасан.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачлагаар НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-тай хамтран энэ сарын 25-ны өдөр 84 дүгээр сургууль дээр “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт шаардлагад нийцсэн сургуулийн өдрийн хоолоор үйлчлэхэд цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхэд оршино.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ШУТИС, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, НЗАА, НМХГ, НЭМГ, НӨХГ, НХХААГ, Дүүргүүдийн Худалдаа үйлчилгээ, Боловсрол, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОНӨААТУҮГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, ЕБС-ийн захирлууд, сургуулийн гал тогоо түрээслэгчдийн төлөөлөл оролцож үдийн цайны хэрэгжилт, тогтолцоог сайжруулах тал дээр санал бодлоо солилцон, цаашид үдийн цайг үдийн хоол болгох боломж, хооллолтоор дамжуулан хүүхдийн бие махбодын болон оюун ухааны хөгжлийг дэмжиж, бие, сэтгэхүйн хувьд эрүүл иргэнийг төлөвшүүлэх, цаашид тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцаж, хэлэлцүүлэг хийлээ.

Манай улс 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч нийслэлийн сургуулиудын 86.7 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд халуун хоолоор үйлчилж байна. Гэвч шаардлага хангахгүй орчинд хоол, цайны үйлчилгээ эрхлэх нь сурагчдын эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай.

Улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын нэгэн баталгаа тул төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн үздэг. Хоол хүнс нь хүний дотор эрхтэнд төдийгүй бүх бие, тархинд, цаашилбал үр удамд дамжин нөлөөлдөг хүний нийгмийн оршин тогтнохын үндэс учир үндэсний аюулгүй байдлын чухал үзүүлэлтийн нэг юм.

Хоол хүнсний илчлэг болон тэжээллэг чанар, зөв зохистой хооллолт, хүнсний бүтээгдэхүүний өртгийг тооцох талаар сургуулийн удирдлага, хөтөлбөр хариуцаж байгаа багш, ажилчдын мэдлэг дутмаг, буруу ойлголттой байгаас хоол хүнсний хэмжээ чанар, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг анхаардаггүй, бүтээгдэхүүний бодит болон нийлүүлж буй өртгийн зөрүүг тооцдоггүй асуудлууд үүсэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс үдийн цайтай холбоотой тулгамдсан асуудлуудад цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж гаргасан нь хэлэлцүүлгийн гол онцлог боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *