Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхбат: Горьдлого тасарсан ард түмэн далдын хүчинд итгэж, үндэсний баатрын эрэлд гардаг

-АЛДАХ ЗҮЙЛГҮЙ ХҮМҮҮС
НИЙГЭМД ХАМГИЙН ИХ САВЛАДАГ-

МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхмийн багш, доктор профессор О.Мөнхбаттай ярилцлаа.

-Монголчуудын гэнэн итгэмтгий зангийн талаар та юу хэлэх вэ. Аливаа зүйлд ямар ч бодлогогүйгээр даган хөөрсөн хуйларсан байдал сүүлийн үед ихээхэн ажиглагдах боллоо?

-Гэнэн итгэмтгий гэсэн үгийг хэнд хандаж хэлдэг вэ гэдгийг эхлээд бодъё. Гэнэн итгэмтгий гэдэг үг нялх балчир хүүхдэд эсвэл хүн хөгшрөөд хүүхэд шиг болчихсон үед хэлэх нь бий. Наад захын зүйлийг мэдэхгүй хүнийг хөөрхий амьтан гэсэн байдлаар хөөрхийлж дүгнэх нь бий. Түүнээс биш ид сэтгэж боддог хүнийг гэнэн итгэмтгий гэж ярихгүй биз дээ. Тэгэхээр энэ үг магтсан утгаар биш болж таарах нь. Энэ үг хаанаас анх орж ирсэн бэ гэвэл гаднаас орж ирсэн үг. Европынхон, гадныхан монголчуудыг гаднаас нь хараад хөөрхийс гэж дүгнэсэн утгыг магтаалын үг юм гэж ойлгож эндүүрч болохгүй л дээ. Тэр тусмаа энэ үг хувь хүн дээр яригдахаас илүүтэй ард түмний хувьд хэлэгдээд эхлэхээр бахархаад байх сайн зүйл яавч биш. Монголчуудыг цагаан цайлган сэтгэлтэй учраас ингэж харж хэлж байгаа юм гэж эндүүрч болохгүй. Цагаан санаа, гэнэн итгэмтгий гэдэг үг хоёрын дунд маш том ялгаа бий. Хутагт хүн нутагтаа үнэлэгддэгүй гэсэн үг байдаг даа. Монголчууд бид ойр дотнын дэргэдэх хүнийхээ гавъяаг тэр болгон олж харж үнэлдэггүй талдаа байдаг. Гаднаас, холоос харж мундаг сайныг нь гайхдаг. Энэ нь урьд нь сургачихсан бүхэл бүтэн систем манайд байсантай бас холбоотой байж магад. Зөвлөлтийн ах нар, орос мэргэжилтнүүд гэдэг байсан бол одоо барууныхан, америкийнхан юу гэж үзэж байгааг чухалд үздэг болсон үе бий. Таньдаг бурхнаас таньдаггүй чөтгөр гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээр таньдаггүй бурхан руу явдаг л байхгүй юу. Монголчуудын өнөөдрийн зан үйлд нөлөөлж буй түүхэн нөхцөл байдал нь энэ болов уу.

-Олон нийтийн цахим сүлжээнд хэн хүн итгэмгүй нэгэн мэдээлэл гарлаа гэхэд бултаараа итгэж байгаа байдал харагддаг. Нухацтай нэгхэн хором бодоод үзээд ирэхээр арай ч ийм гэнэн итгэмтгий байх гэж үү дээ гэж хэлэгдэхээр байна. Яагаад олон нийт ийм байдалд хүрчихэв ээ?

-Хүн хэзээ савладаг вэ гэвэл юу хүсээд байгаагаа мэдэхгүй үедээ хамгийн туйлбаргүй, хувирамтгай, хошуурамтгай байдаг. Миний ашиг сонирхол гэж юу юм, улсын ашиг сонирхол юу вэ. Ашиг сонирхол гэдэг бол хэзээ ямагт ухамсарлагдсан хэрэгцээ байдаг. Энэ бол надад зайлшгүй хэрэгтэй гэж ухамсарлагдаж ойлгосон цагт түүндээ хүрэхийн тулд зорилго болж хувиргадаг. Гэтэл гадаах нь гэрт ороогүй, гэр дэх нь гэдсэндээ ороогүй тохиолдолд бид тогтворгүй савлаж эхэлдэг л дээ. Энэ хүний ярьж байгаа нь үнэн ч юм шиг санагдаад тэр хүнийх нь зөв ч юм шиг санагдаад савладаг. Хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, хүрэх замаа мэддэг, түүндээ хүрэхэд алдах зүйлсээ ч бас мэдчихсэн тохиолдолд тэр болгон савлаад байхгүй. Нийгэмд хэн айхтар савладаг вэ гэвэл алдах зүйлгүй буюу юу ч үгүй хүн савладаг гэж ярьдаг. Харин алдах юмтай хүн харсан болгоноо дагаад хуйсагнаад байдаггүй. Тийм учраас нийгэмд алдах зүйлтэй буюу дунд ангийг маш чухал гэж ярьдаг нь тэр. Нөгөөтэйгүүр алдах юмгүй хүн юу ч хийхэд бэлэн байдаг.

– Энэ тухайд манай өнөөгийн улстөрчдийн хандлага дээр та юу хэлэхээр байна. Тэд заримдаа алдах зүйлгүй юм шиг л аашлах юм байна шүү дээ?

– Улстөрчдийг би харахдаа ашиг сонирхлоо ухамсарлаагүй, боловсролын хэмжээ доогуур гэж харахгүй байна. Энэ хүмүүсийн хийж буй үйлдлийг гэнэн цайлганаасаа болж хийж байгаа үйлдэл гэж хэлэхгүй. Харин хэлж, ярьж байгаа нь биднээс илүү ашиг сонирхлоо ухамсарлачихсан, бид нараас илүү хүрэх гэж буй зүйлээ олоод харчихсан. Надад ямар ашиг тустай вэ гэдгээ тооцсон хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсийн хийж буй зарим нэг үйлдлийг боловсролгүй тэнэгтээ биш, харин өөрсдийн эрх ашгийн үүднээс биднээр “тоглоод” байгаа юм биш үү. Ард түмэн цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэсэн өнцгөөр зарим нь хардаг байхыг үгүйсгэхгүй. Надад хэрэгтэй талыг нь хөөргөж дэвэргэж жаахан онгироогоод өгчихвөл миний эрх ашгийн төлөө хоорондоо уралцана, уралцаж байх нь ашигтай гэх хандлага байгааг үгүйсгэхгүй. Ийм утгаар нь үзвэл энэ нөхөд зорилго чиглэлтэй зохион байгуулалттай хамгийн рациональ үйлдлийг хийж байгаа болов уу гэж боддог юм. Нөгөө талаас үзвэл улстөрчид юм уу эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд алдах зүйлтэй хүмүүс. Тийм учраас янз бүрийн аргаар хамгаалалт хэрэглэдэг. Хуулиар өөрсдийгөө хамгаалуулах, лам бөөгөөр хамгаалуулна. Зан үйл, шашин шүтлэг нь хэтрээд ирэхээр мухар сүсэг, агуу ихийн дэмийрэл рүү оруулна. Бусдыг хардах өвчин гэх мэт аливаа зүйл хэмжээнээсээ хэтрээд ирэхээрээ хэлбэр нь хүндэрдэг.

-Манай монголчуудын хувьд урьд нь ямар байсан бэ. Одоо л ингэж гэнэн итгэмтгий ул суурьгүй болчихоод байгаа хэрэг үү?

-Монголчууд бид сүүлийн 20 гаруй жил асар их өөрчлөлтөд орлоо. Дэлхий нийтийн хөгжил хурдацтай өөрчлөгдөж байна. Бид түүнээс ч илүү их өөрчлөлтийг мэдрэх болсон. Заримдаа би, бид хаана явна вэ гэдгээ бодох, анзаарах ч сөхөөгүй явж байна. Үүний зэрэгцээ бидэнд маш их боломжууд бий болсон. Нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоороо дээгүүрт орж байна. Магадгүй зуун жилийн дараахь ганцаардал гэдэг шиг их цангалт , өлсгөлөнгийн дараа маш их мэдээллүүд ороод ирэхээр хөл алдаж эхэлсэн. Сонин дээр нийтлэгдсэн бичвэр, мэдээлэл бүхэн туйлын үнэн гэсэн уламжлалаар явж ирсэн ард түмэнд сошиал нийгмийн сүлжээ ороод ирэхээр бүр барьц алдаж байна. Урьд нь бид мэдээллийг зөвхөн хүлээж авдаг байсан бол нийгмийн олон сүлжээгээр өөрөө мэдээллийг хуваалцах боломжийг олгочихсон. Илэрхийлэх боломж гараад ирэхээр хүмүүс самгардаж янз бүрийн арга барилаар өөрсдийнхөөрөө илэрхийлэх болсон. Үүнийг цахим донтолт, цахим хийрхэл ч гэж ярьдаг. Гэтэл үүн дээр тоглох прагматик хүчнүүд гараад ирсэн. Эрх мэдэлтэй, эрх мэдлээ барьж байхыг хүссэн ч гэх юм уу олонхийг өөрийнхөө хүссэн зүг рүү явуулахыг эрмэлзсэн тодорхой хүчин, улс төрийн намууд гэх мэт эрх ашгийн сонирхол бүхий хүмүүс тоглолт хийх болсон. Мэдээлэлд живээд эхлэхээр бүх зүйлд итгэдэг байснаа больж сүүлдээ юунд ч итгэхээ больж байна. Итгэл алдрах болсон шалтгаан нь зөвхөн нийгмийн сүлжээнээс хамаараагүй л дээ. Улс төрийн, төр засгийн үйл ажиллагаа гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Бүх зүйлд худлаа даа гэсэн байдлаар аливаа зүйлийг хараад эхлэхээр гэнэн итгэмтгий гэдэг зүйл маань юу руу орох вэ гэвэл бүгдийг үгүйсгэх, үгүйсгэл рүү орж ирж байна. Үгүйсгэлийн энэ үе бол шилжилтийн үе. Энэ үеэсээ одоо хаашаа явах уу?

-Харин хаашаа явах вэ?

– Харддаг, сэрддэг, эргэлздэг болсны дараа эерэг итгэл үнэмшил рүү явах уу эсвэл үгүйсгэл нь үгүйсгэлээр явсаар ангал руу унах уу. Үгүйсгэл ийм л хоёр талтай. Эерэг тал нь эргэлзсэний дараа өөрийн итгэл үнэмшлийг бий болгож бүтээлч хандлага руу сая нэг явах болов уу гэж би хувьдаа найдаж байна. Аливаа зүйлд эргэлзэж шүүмжлэлтэй хандаж үгүйсгэж байна гэдэг нь нэг талын сайн чадвар. Дан нүцгэн шүүмжлэл явуулах биш бүтээлч байх хандлага руу хэлбийх гэх ч юм уу. Ер нь дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болж эргэлзээ барьц алдахад хүмүүс хэнд, хаана, итгэхээ мэдэхээ байгаад ирэхээр тэр орон зайг нь гэгээрсэн, бурхан, ид шидтэй гэх мэтийн хүмүүс эзлээд эхэлдэг юм байна л даа. Хүмүүс яагаад итгээд байна вэ гэвэл хэрэгцээ байна. Үнэнийг олж харахыг хүсч байна. Гэтэл эрж хайж байгаа тэр хүмүүст бурхан шашин, шинжлэх ухаан нь мэдэгдэхгүй ч өөрт нь хамгийн ойрхон тусах, таалагдах үг хэлээр ярьж, түрийвчээ даллаад л баян болчихдог гэх мэт зүйлд эцэстээ итгэчихдэг болж байна. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр ийм хүмүүсийг залчихаад байна л даа. Харамсалтай нь очиж буй шидтэн нь хэн бэ гэвэл жинхэнэ очих ёстой эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүс, эсвэл лам санваартан нь биш, тэд нар нь таг дуугүй сууцгаагаад байгаа хэрэг. Тэд хүмүүсийн хүсч байгаа хэрэгцээтэй эргэлзээтэй зүйлд нь хариултыг өгч чадахгүй байна. Жишээлбэл, бурхан тэнгэртэй холбоотой хүн итгэмгүй зүйл ярьж байхад шашин судлалын эрдэмтэд, шашны мяндагтан нар яагаад нэг ч үг дуугардаггүй юм бэ. Монгол Улс доктор цолныхоо тоогоор бас дээгүүрт орох орон. Эрдэмтэн, боловсролтой хүмүүс маань соён гэгээрүүлэх нийгмийнхээ үүргийг биелүүлэхгүй байна. Тэгэхээр тэрхүү орон зайг нь бурзай гэдгийг шэйрлээд баяжчихдаг, түрийвчээрээ даллачихдаг, сүлжээний бизнесийн, эсвэл гэгээрсэн цоорсон гэгддэг хүмүүс эзэлчихээд байна. Бид тэдгээр хүмүүсийг буруутгахаасаа илүүтэй эхлээд өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Уг нь ард түмэн чинь миний мэдэхгүй зүйлийг мэдээд өг, миний чадахгүй байгааг чадаад өгөөч гэж төр улсыг, нийгмийн бүхэл бүтэн институцийг бий болгож боломжийг олгож сонголтоо хийдэг. Гэтэл тэр эрхийг нь авсан мань мэтийн нөхдүүд нь довоо борлуулчихаад дуугүй л яваад байдаг л байхгүй юу. Эзэнгүй газрын тарвага дошин дээрээ галзуурна гэдэг шиг хоосон орон зайн дээр эвгүй нөхдүүд орж ирж тоглолт хийж байна.

-Манай монголчуудын амиа бодсон аминч зангийн илрэл нь энэ үү. Бид үүнээс хэрхэн гарах вэ?

-Судалгаагаар үзэхэд монголчуудын хамгийн эрхэмлэн үздэг зүйлсийн тэргүүнд боловсрол, эрүүл мэнд дээгүүрт явдаг бол гуравдугаарт шударга ёс, төр засаг бүр дөрөв, тав руу мөнгө гэсэн үнэлэлт жагсдаг. Өөр улс оронд тухайлбал, Оросын үнэт зүйлсийн нэгдүгээрт мөнгө явдаг байх жишээтэй. Монгол хүнд сониуч юмыг мэдэх гэсэн эрмэлзэл байдаг. Эрдэм мэдлэгт тэмүүлдэг ард түмэн. Ийм эрэлт, хэрэгцээтэй ард түмэнд хүссэн зүйлийг нь нөгөө бий болгосон нийгмийн институц, төр засаг, боловсролын систем нь бүрэн дүүрэн өгч чадахгүй байгаагаас үүдэлтэй. Би Монголын буддын сүм хийдийг гайхдаг. Улайм цайм шашныг нь шороотой хутгаад нэрийг нь барьж мөнгө олоод байхад яагаад сүм хийд өөрийнхөө байр суурийг илэрхийлдэггүй юм бэ. Яагаад үүнд нигүүсэх гэдгээрээ хандаад байдаг юм бэ. Шинжлэх ухааны эрдэмтэд, мяндагтнууд бас ялгаагүй нэрийг нь барьж ашиг хонжоо олоод буй хүмүүсийн эсрэг дуугардаггүй. Шинжлэх ухаан, боловсрол, шашны институц нь өнөөдөр ажиллахгүй байна. Хэрэгтэй нь над дээр ирнэ биз. Намайг гуйгаад ирвэл би очно гэсэн үзэл хандлагаар хандаж байна. Мухамед хэрвээ уул над дээр ирэхгүй бол Мухамед уул руу очно гэж хэлдэгтэй адил бид нар уул руу очих ёстой л байхгүй юу. Тэгтэл уул над дээр ирвэл ирэг харин би очихгүй, би агуу хүн гээд суугаад байна шүү дээ. Ийм байвал нийгэмд үүссэн оюуны манан будангаа арилгаж чадахгүй. Манан будан дотор байж байгаа олон нийт үнэндээ юм мэдэхийг хүсээгүйдээ биш мэдэхийг хүсээд ийш тийшээ гүйгээд байгаа л хэрэг. Монголын сэхээтнүүд социализмын үед ч бэртэгчин байсан. Өнөөдөр ч бүр хэтэрсэн. Одоо үзэл бодлоо илэрхийлэх бололцоо нь нээгдсэн ч бэртэгчин зан дээр нь өөрийнх хувийн ашиг сонирхол нийлж энэ даргын цүнхийг нь барьж явсан нь надад хэрэгтэй, үр хүүхдэд маань хэрэгтэй гэж үздэг болсон. Маш олон хүмүүсээр улстөрчид, олигархи бүлэглэлүүд өөрийнхөө хүссэн зүйлийг хэлүүлж байгааг би анзаарч хардаг. Маш амархан худалдаж авч байна. Үзэл бодол өөрчлөгдсөндөө биш тэр хүний үзэл бодлыг өөрчилдөг болсон.

-Ингэж автаад гүйгээд байгаагаа яаж зогсоох вэ. Монголчуудыг уг нь дотроо бодолтой дороо суурьтай ард түмэн гэж хэлдэг биз дээ?

-Ард түмнийг, монголчуудыг богино ой тогтоомжтой гэж ярих нь бий. Нэг талаасаа яг тийм байдаг. Харин хэн урт хугацааны ой тогтоомжтой байх ёстой вэ гэвэл нийгмийн институц, төр урт удаан ой тогтоомжтой байх ёстой байдаг. Энэ нь өчигдөр тийм байсан өнөөдөр ийм байна, ирээдүйд тэгнэ шүү гэж хэлдэг байх хэрэгтэй. Гэтэл тэр нийгмийн систем ажиллахгүй байгаа. Усанд живж буй хүмүүсийг аврах биш усанд живэх үгүй нь өөрсдөөс чинь хамаарна аа гээд хаячихаж байна. Нийгмийн институц гэхээрээ мэргэжлийн хүмүүс, экспертүүд, мэргэшсэн хүмүүсийн нэгдэл дээр тулгуурладаг. Ер нь ард түмэн өөрөө өөрийгөө хянаж чадахгүй гэж бодож байгаа учраас өөрийг нь хянах, зөвлөх байгууллагыг бий болгосон. Ард түмэн бүгдээрээ ухаалаг байна гэж хэзээ ч байдаггүй. Харин нийгмийн тогтолцоо нь ухаалаг шинжийг агуулж байдаг. Тухайлбал, иргэдээ сайн үйлд уриалж сэдэлжүүлж чаддаг. Муу үйлээс хориглож, зогсоож чаддаг. Одоо энэ байдал манайд дутагдаж байна даа.

-Бид ингэж гэнэн тэнэгтэж явсаар цаашдаа юунд хүрэх бол?

-Нийгмийн институц нь сайн ажиллахгүй байгаагийн зэрэгцээгээр нөгөө талаас бид юунд ч итгэхээ байсан. Монголчууд 1993 оны судалгаагаар төр засагтаа итгэх итгэл маш өндөртэй гарч байсан. Одоо бидэнд итгэл байхгүй болсон. Итгэлээ алдаж, дараа нь найдаж эхэлсэн. Одоо бол горьдож эхэлсэн. Хамгийн аюултай нь горьдлого тасралт явагдахад ганцхан алхам дутуу байна. Уг нь ард түмэнд төрөөс горьддоггүй л байхгүй юу. Төрдөө итгэдэг, найддаг л байх ёстой. Гэтэл бид горьдлого тасрах амин цэг дээрээ хүрчихсэн. Горьдлого тасарсан учраас лам олдохгүй бол буцахдаа залах болсон олон хэлбэрийг бид харж байна. Хүн горьдлого тасраад ирэхээр далдын хүчинд итгэж эхэлдэг, ердийн үед итгэхгүй байсан зүйлдээ итгэдэг. Ингэж гэнэн тэнэг зан гаргаж буй нь горьдлого тасарч буй хүний үйлдэл. Хүн өвдөөд эмнэлгээс найдлагагүй гэсэн хариу сонсчихоороо яадаг билээ. Хэн сайн, чадна гэсэн рүү горьдлого тасрахгүйн тулд явдаг. Ард түмэн яг ийм байдалд орчихоод байгаа гэж би харж байна. Энэ зам руу ард түмэн өөрсдөө яваад оччихсон биш. Ард түмнийг энэ зам руу авчирчихсан. Итгэл өгсөн төр, институц ард түмнийг ийшээ аваачсан. Удахгүй хамгийн ноцтой байдал руугаа явах байх. Горьдлого тасарч байгаа ард түмний хувьд дараахь хэдэн алхмууд харагддаг. Далдын хүчинд итгэнэ. Энэ нь хамгийн гэмгүй хэлбэр нь шүү. Яахав өөрийнхөөрөө гэнэн тэнэгтэж явна. Үүний дараагийн хувилбар бол үндэсний аврагч, үндэсний баатрыг хайж эхэлнэ. Гуравдугаарт терроризм руу явдаг. Сүхбаатарын талбайд дүүжил, парламентын гишүүдийг бүгдийг нь буудъя, цаазлая гэх мэт хандлага гарч ирнэ. Монголд энэ гурван хэлбэр гурвуулаа ажиглагдаж байна. Монголчууд цөөхүүлээ учраас одоогоор учиргүй нэгнээ дэлбэлчихгүй байна л даа. Энэ нь сайндаа биш, монголчууд цөөхөн нэгнээ мэддэгтээ байгаадаа аврал болж байна. Одоо хамгийн болзошгүй хэлбэр нь үндэсний аврагч, их залуурдагчыг хайж эхлэх рүү явахыг үгүйсгэх аргагүй.

-Сүүлийн үед үндэсний баатар, аврагчтай байх нь зүйтэй гэсэн уур амьсгал ажиглагдах болсон л доо?

-Хэрвээ гадны бодлого хүчтэй яригдах тохиолдолд олон хүнтэй зөвшилцөж тохиролцох эсвэл нэг хүнтэй тохиролцох уу гэдгийн аль нь хялбар байх вэ. Энэ утгаараа үндэсний аврагч гарч ирээд эргээд үндэсний дарангуйлагч болчих вий. Тиймээс алдах юм байгаа гэдгийг дор бүрнээ анзаарч ухамсарлаж аливаад жаахан ч болов ул суурьтай хандах нь зүйтэй юм болов уу. Монголчуудыг нийтээр нь нэгтгэсэн үнэт зүйлс Монголд өнөөдөр байна. Монголчууд эх орондоо хайртай. Монголоороо бахархдаг ард түмэн. Энэ үнэт зүйлсээ үндэсэрхэг үзэл болгож туйлшрахгүйгээр та ч тэр, төр нь ч тэр, институц нь бэхжүүлж төлөвшүүлэх ёстой. Бидэнд алдах юм бий гэдгээ ухаарах хэрэгтэй. Эх орон, тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэх мэт бидэнд алдаж болохгүй зүйлс байна. Биднийг хагаралдуулж салгаад байгаа мэт боловч нэгтгэж байгаа хүчин зүйлс маань үүнээс илүү хүчтэй шүү дээ. Одоо үнэт зүйлсийг тойрон хүрээлүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл дутагдаад байна.

Б.ДОЛЗОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *