Жил бүр уламжлал болон зохиогддог амьд хөгжмийн “Play time” наадам энэ жил долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдана.
2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам маань энэ жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх аж.
Наадам зохион байгуулагдсан цагаас хойш 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж бөгөөд ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байжээ.