Монгол Улсын Консерваторийн гуравдугаар курсын оюутан Б.Анударь, хоёрдугаар курсын оюутан Л.Эрдэнэжав нарын уран бүтээлийн тайлан тоглолт боллоо. Тоглолтод Монгол Улсын Консерваторийн үндэсний найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.
Ятга хөгжмийг гоцлон тоглосон Б.Анударьтай тоглолтын дундуур цөөн хором ярилцлаа
-Хэзээнээс урлагийн хүн болохоор шийдэв?
-Би бага байхаасаа урлагт дуртай хайртай нэгэн болж хүмүүжсэн. Дуулдаг, бүжиглэдэг, шүлэг уншдаг ер нь урлаийн талын авьяас багаас маань илэрсэн. Багадаа Хүүхдийн ордны дууны дугуйланд явдаг байлаа. Харин 2009 оноос ятга хөгжмийг сонирхон Монгол Улсын Консерватори сургуульд Ё.Отгонтуяа багшийн шавь болон сурч байна.
-Тоглолтдоо хэр удаан бэлдэв?
-Ер нь бидний хувьд тайлан тоглолт гэдэг асар том шалгуур, үнэлэмж болж өгдөг тиймээс есөн сард хичээл оров уу үгүй юу л бэлтгэж эхэлсэн.
-Хоёр дах тайлан тоглолт чинь юм байна. Урьдынхаасаа ур чадварын хувьд хэр ахисан бэ?
-Урьд нь бол коллежийн түвшинд сурсан мэдлэгээрээ тайлан тоглолт хийж байсан. Үүнээс хойш олон тоглолтод оролцсон, хамтран тоглосон. Энэ удаад бакалаврын түвшинд юу сурснаа харуулахыг зорьж байгаа болохоор мэдээж ур чадвар маань тодорхой хэмжээнд ахисан.
-Сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ ажиллах уу?
-Монголын урлагийн ертөнцөд нэвтрэх нэгэн гараа маань мэдээж манай сургууль. Олны танил болсон олон уран бүтээлчийг манай сургууль бэлтгэж гаргаж байсан, гаргасаар ч байгаа. Тийм болохоор сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн сайн уран бүтээлч болохыг зорьж байгаа.
-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Би л өөрийн багын сонирхлоо хөгжүүлж яваа.
-Аав тань сэтгүүлч хүн байжээ. Таныг хэр дэмждэг байв?
-Аав минь намайг бүхий л сэтгэл зүрхээрээ ойлгон дэмжиж тусалдаг хүн байсан. Энэ мөчид аав минь байсан бол надаар ямар их бахархаж, омогшиж байгаа бол гэж бодогдлоо.
-Ятга тоглоход ямар мэдрэмж авдаг вэ, тэр мэдрэмжээ өөр зүйлээс авч чаддаг уу?
-Ятга бол миний амьдралын зорилго. Хөгжмөө тоглохдоо би маш их тайвшрал, амар амгаланг олдог. Өөр ямар ч зүйлээс би ятга тоглоход авдаг мэдрэмжээ авч чадахгүй.
-Ятга хөгжмийг юутай зүйрлэх вэ?
-Сэтгэлийн минь хөг эгшиг бүхий л зүйлийг илэрхийлдэг болохоор өөрийнхөө төсөөллийн хамгийн сайхан зүйлтэй л жиших байх даа гэв.
Түүний тоглолтын ая эгшиг бүр хүнд тайвшрал, ухаарал, догдлол, баясал авчирч, сэтгэлийн хөг бүрийг хөндөж байлаа. Монгол Улсын Консерваторийн морин хуур хөгжмийн багш, Нумт хөгжмийн нэгдлийн ахлагч А.Бат-Очир энэ үеэр ярихдаа:
-Суралцагчдынхаа боловсролыг дээшлүүлэхийн тулд тайлан тоглолтыг бид тавиулдаг. Энэ тоглолтод 50 хувиас илүү нь урьд нь тоглогдож байгаагүй ая эгшгүүд эгшиглэж байгаа. Сургууль маань Монголын урлагийн ертөнцийн гол хүний нөөц. Ер нь бол урлагийн хүний нөөцийн 90 хувийг бид бэлтгэдэг. Надад Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхийн тулд манайд тайлан тоглолтуудыг тоглуулах юм бол нэг шат ахих байх гэсэн бодол байдаг. Энэ нөөц боломж нь ч бидэнд байгаа.
С.ОТГОНБАЯР