Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Пүрэвсүрэн: Худаг ашиглан цэвэршүүлэх технологи нь усыг 60-70 хувь хэмнэдэг

Авто угаалгын бизнес эрхлэгч залуус “ECO car wash” угаалгын газарт саарал ус ашиглах дэвшилтэт технологитой танилцахаар цуглалаа. Тэнд мөн телевизүүдийн камер ярайж байв.

“ECO car wash” авто угаалгын газар нь сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэглээндээ саарал ус ашиглаж байгаа юм. Нийслэлийн байгаль орчны газар тус авто угаалгатай хамтран энэ төрлийн бизнес эрхлэгч залууст саарал усыг ашиглах практик сургалтыг өнөөдөр хийлээ.

Энэ үеэр “ECO car wash” авто угаалгын газрын менежер Я.Пүрэвсүрэн тус практик сургалтад ирсэн авто угаалгын газрын эздэд зөвлөгөө өгч байв. Машин угаалгын газруудын төлөөлөгчид түүнээс ам уралдан дэвшилтэд технологийнх нь талаар асууж байлаа. Чөлөө гарсан даруй саарал ус ашиглах технологийнх нь талаар түүнээс тодрууллаа.

-Ус цэвэршүүлэх дэвшилтэд технологийнхоо талаар яриач?

-Манай авто угаалга ашигласан усаа цэвэршүүлэн дахин ашигладаг. Доороо худагтай шүүлтүүр бүхий нацостой. Энэ нацос нь америкийн Ханна гэдэг төхөөрөмж юм. Тус нацосд цэвэршүүлэхийн өмнө хэд хэдэн дамжлага дамжина. Зэрэгцээд цэвэршүүлэх гурван худаг бий. Энэ гурван худгаар дамжиж цэвэршээд дараагийн дамжлагад орно. Дамжлагаар явсаар ус саван, воктой холилдон машин угаахад бэлэн болдог.

-Энэхүү тоног төхөөрөмж усыг хэдэн хувьтай цэвэрлэдэг вэ?

-70-80 хувьтай цэвэрлэнэ. Ашиглалтын хувьд бохирдлоос хамаарна. Цэвэршүүлж буй ус дэндүү их бохирдвол тоног төхөөрөмжүүдэд халтай. Цэвэршүүлэх худагт гурван тонн ус бий. Энэ усыг хоёр сар орчим ашиглах боломжтой. Машин угаагаад бохирдсон ус хамгийн эхний худагт ордог. Доошоогоо гурван метр гүн. Сар орчмын дараа гэхэд хоёр метр орчим лаг үүсдэг. Дараа дараагийн худагнуудад үүсэх лагуудын хэмжээ буурна.

-Усыг хэр хэмжээгээр хэмнэдэг вэ?

-60-70 хувьтай хэмнэнэ. Ус сувгаас маш сайн гэсэн үнэлгээ өгсөн. Нэг автомашин угаахад 40-50 литр цэвэр ус ашигладаг. Энэ нь Улаанбаатарын 400 мянган автомашиныг угаахад 16 сая литр цэвэр ус хэрэглэнэ гэсэн үг. Саарал усыг авто угаалгын газрууд хэрэглээндээ нэвтрүүлснээр энэ тоог 9-10 сая литрээр багасгах боломжтой.

-Иймэрхүү цэвэрлэх технологи хэр их өртгөөр бүтдэг вэ?

Манай авто угаалгын ашигладаг технологи их үнэтэй. Учир нь Америкаас орж ирсэн төхөөрөмжтэй юм. Энд ирсэн авто угаалгын менежерүүдэд илүү хямд өртгөөр хийх аргыг танилцууллаа. Гэхдээ энд ярилцаад ямар нэг үр дүн өгөхгүй. Авто угаалга бүр дээр очиж орчинтой нь танилцаж заавар зөвлөгөө өгвөл үр дүн гарна гэв.

-СААРАЛ УС АШИГЛАСНААР ЦЭВЭР УСНЫ ХЭМНЭЛТ 60-70 ХУВЬД ХҮРДЭГ-

Машин угаахад саарал ус ашиглах технологийг бусад аж ахуй нэгжүүд маш их сонирхож байлаа. Тэр дундаас “Хангай” car wash-ын захирал Л.Цогжаргалтай хэсэг хором ярилцсан юм.

-Саарал ус ашигладаг авто угаалгын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Анхан шатны ойлголт авлаа. Дүүргийн ЗДТГ-аас саарал ус ашигла гэж шаардлага тавьдаг. Яаж үүнийг ашиглах вэ гэсэн анхны мэдэгдхүүн байхгүй байсан. Бага ч гэсэн ойлголттой боллоо. Ингэж хийж болох л юм байна. Монголд ганц хоёр газар л саарал ус ашигладаг байх.

-Энэ шийдлийг аж ахуй нэгжүүд хэр хүлээж авч байна вэ?

Надтай адилхан бодолтой байгаа. Хамгийн гол нь практик дээр хийчихсэн байгаа үнэтэй төхөөрөмжийг хараад хүмүүс сайн ойлгохгүй. “ECO car wash” авто угаалгын газрын менежерийн ярьж байгаагаар бага зардалд багтааж сая 500 мянган төгрөгт хийх боломжтой гэсэн. Хоосон ярихаас илүү аль нэг угаалгын газрыг саарал ус ашиглах төхөөрөмжтэй болгон хийж үзүүлэх хэрэгтэй. Энэ талаар сургалт хийвэл бүгд л дуртай байна гэв.

-УЛААНБААТАР ХОТЫН ГҮНИЙ УСНЫ НӨӨЦ 330 МЯНГАН М3/ХОНОГ БАЙДГААС АШИГЛАХ БОЛОМЖИТ НӨӨЦ НЬ 253,7 МЯНГАН М3/ХОНОГ ЮМ-

Саарал ус ашиглах нь цэвэр ус хэрэглэснээс өртөг өндөртэй байдаг байна. Тийм учраас энэ тал дээр ямар эрх зүйн зохицуулалт байдаг талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга Ч.Батсайхан ингэж ярилаа. “Цэвэр усыг ахуйн хэрэглээнд ашигладаг хотууд маш ховор. Нийслэлийн цэвэр усны хэрэглээг багасгах шаардлага байгаа. Хамгийн түрүүнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг шинэчлэх ёстой. Нэг литр цэвэр усыг ашиглахад үйлчилгээний газрууд нэг төгрөг 50 мөнгөөр үнэлж авдаг. Уух цэвэр усаа авахад 1000 төгрөг байдаг шүү дээ. Энэ үнэ маш хямдхан байна. Бохир усанд тавих тарифны хэмжээг өндөрсгөх хэрэгтэй. Эрх зүйн орчингоо дагаад аж ахуй нэгжүүд технологио шинэчлэнэ шүү дээ. Манай байгаль орчны газраас худаг гаргах зөвшөөрлийг хотоос өгдөг. Яамдууд бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Дан хотын захиргаа энэ асуудлыг шийдэж чадахгүй. Бид нар ганц сургалт хийгээд үр дүн өгөхгүй” гэв.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *