Categories
мэдээ нийгэм

АТГ: 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, их хэмжээний хөрөнгө шилжүүлэн авсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна

АТГ зурган илэрцүүд

АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийж ажлаа тайлагнадаг. Албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэнгүй. АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, “Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй. Асуултыг бичгээр авч вэб сайтаар албан ёсоор мэдээлэл өгнө” гэв. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгасан байна. Мөн авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон 344 хэргийг мөрдөн шалгажээ. Үүнээс эрүүгийн найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 24 хэргийг хаах, долоон хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү ярихдаа “Зарим хэргээс дурдвал УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Таван толгой” ХК нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж “Эрдэнэс таван толгой” компанийн лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөн Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий компаниудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдээс их хэмжээний мөнгөн хөрөнгө хувьдаа шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэргийг шалгаж ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаалал дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *