Өнгөрсөн мягмар гаригт БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас баасан гаригт болох Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын оройн зоогийг албан ёсоор олонд ил болгосон талаар “The Korea Times” мэдээлжээ.
Чонг Ва Дэ-гийн хэлснээр, энэхүү цэсийг 2000, 2007 онд зохион байгуулагдсан, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид болох Ким Дэ Жун, Ро Мүн Хён нарын оролцсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр ашиглаж байжээ. Тус уулзалтад “Hyundai” группийн үүсгэн байгуулагч Чүн Жү Ён оролцож, Сөүл, Пхеньяны хооронд бизнес харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн аж.
Хоёр Солонгосын Ерөнхийлөгч нарын зоогт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны залуу насаа өнгөрөөсөн Швед улсын төмс голдуу хоол байх бөгөөд Гимхегийн Бонгха тосгоноос хураасан будаагаар хийсэн “бибимбап”, цэрэггүй бүсээс авчирсан хүнсний ногоонууд, Ерөнхийлөгч Кимийн төрсөн нутаг Гагуо арлаас барьж жигнэсэн шувуу, Сеозаны фермерийн аж ахуйн үхрийн махаар хийсэн BBQ зэрэг багтжээ. Ким, Мүн Жэ Ин нар Өмнөд Солонгосын “Myeonchon Dookyunju”, “Moonbaesool” архиар ёслолын хундага өргөх юм байна.
Зарим эх сурвалжид мэдээлснээр, БНСУ болон БНАСАУ-ын удирдагч нар хоёр орны хил дээрх зэвсэггүй бүсэд байрлах Панмунжомын Энх тайвны ордонд уулзсаныхаа дараа үдийн зоог барих ажээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын үдийн зоогийг “Sunshine” гэх хоолны цэсийн дагуу тусгайлан бэлдэх юм байна. Түүнд жигнэсэн загасны мах, өргөст хэмхтэй банш, ил гал дээр шарсан үхрийн мах, наймаалжны махан зууш, мөн Хойдоос гаралтай хүйтэн шөл зэргийг багтаажээ.