УИХ-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болно.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулгыг сонсох юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Соёл, урлагийн боловсон хүчний асуудалтай танилцаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас болон Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдаанд Үндэсний статисктикийн хорооны дарга А.Ариунзаяа “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдээллийн мониторинг” сэдвээр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа” сэдвээр танилцуулга хийх аж.