Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн ганц барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон юм биш үү гэсэн хар төрөөд байна

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа МҮБХ-ны тэргүүний асуудал, Бөхийн өргөөний маргаантай байдал, бөхчүүдийн талцал тойрсон дуулианы талаар МҮБХ-ны гүйцэтгэх захирал, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Бөхчүүд хоёр хуваагдаад Бөхийн өргөөгөө булаацалдаад уналаа гэсэн шум гадуур хүчтэй байна. Ер нь яг юу болоод байна аа?

-Бөхчүүд яагаад талцаад унав гэдгийг ярихын өмнө хуулийн хүрээнд ямар үйл явдал, процесс өрнөснийг эхлээд тайлбарлая. МҮБХ-ны дүрмийн дагуу Их Эе дөрвөн жилд нэг удаа хуралддаг. Дүрмийн дагуу холбооны тэргүүнийг дөрвөн жилд нэг удаа сонгох учиртай. 1998 онд МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон. 2002 оны сүүлээр дөрөвдүгээр Их эе хуралдаж холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн ажил явагдсан юм. Гэвч тэр үед хуралдааны хүчин төгөлдөр байдал хангагдаагүй. Энэ хурлаар Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгоогүй гэсэн үг. Гэтэл Р.Нямдорж гэдэг хүн тэр үеэс өнөөг хүртэл 16 жилийн хугацаанд хууль зөрчиж байна. Энэ хүн өөрийгөө тэргүүнээр сонгогдсон тухай нэхэмжлэлийг шүүхэд 2002 онд өгч байсан юм билээ. Харин Улсын дээд шүүх 2003 оны долдугаар сарын 1-ний 403 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн шүүхийн анхан шатны шийдвэр, Нийслэлийн анхан шатны шүүхийн магадлал зэргийг хэвээр үлдээж, Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгосныг батлах нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. МҮБХ-ны дөрөвдүгээр Их эе хууль ёсны дагуу явагдаж чадаагүйг тэр үед тогтоосон юм. Улсын дээд шүүхээс Их эеийг дахин хуралдуулахыг тухайн үед даалгасан ч Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Тэгвэл Р.Нямдорж хууль бусаар 16 жилийн турш Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлсэн гэсэн үг үү?

-Ерөөсөө л тийм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ үүргийг нь хэрэгжүүлэх боломж олгоогүй өнөөг хүрлээ. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэтгэлийн албан ёсны гүйцэтгэх ажиллагаа явуулж Их эеийг зарлуулсан. Хуулийн дагуу явагдсан Их эеийн хуралд Р.Нямдорж тэргүүтэй зарим хүмүүс оролцоогүй ч Монголын үндэсний бөхийн холбооны гишүүд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүрэм номынхоо дагуу оролцсон байдаг. Өнгөрсөн оны зургадугаар сард шийдвэр гүйцэтгэлийн 686 дугаар тогтоол гарсан. Энэ дагуу, 2003 оны Улсын дээд шүүхийн 403 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, МҮБХ-ны ээлжит бус Их эеийг хуралдуулж тэргүүнээр нь Н.Чинбат гэдэг хүнийг сонгосон юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн энэ ажиллагааг хэрэгжүүлэх боломж бололцоог Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар өгөхгүй байна л даа. Биднийг буюу Н.Чинбат тэргүүтэй албан ёсны Монголын үндэсний бөхийн холбоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанаас томилогдсон эрх бүхий хүмүүс, холбооны албан ёсны тамга тэмдгийг эзэмшигч нь мөн гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас албан ёсоор тогтоочихсон.

-Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүнээрээ сонгосон МҮБХ-ны наймдугаар Их эе хууль бус явагджээ дээ?

-Тэгсэн. 2010 онд МҮБХ-ноос зургадугаар Их эе гэж хийсэн. Тэр хуралдаанаар МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж өөрийгөө дахин сонгосон байдаг юм. Үндсэндээ Р.Нямдорж 2002-2010 он хүртэл холбооны тэргүүнээр хууль зөрчиж ажилласан гэсэн үг. Ингээд зогсоогүй өмнө хэлсэнчлэн холбооны зургадугаар Их эеийг 2010 онд хуралдуулсан байдаг. Энэ арга хэмжээнээс гаргасан бүх шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2011 оны долдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон. Тодруулж хэлбэл Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын шүүх хоёр дахь удаагаа тогтоосон юм. Хуулийн байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх гэхээр энэ хүн Б.Бат-Эрдэнэ аваргыг урдаа барьчихаад цагдаагийн хүчийг ашиглаж саад учруулаад байдаг.

-Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж нарын бариад байгаа тамга гэрчилгээг тэгвэл юу гэж ойлгох вэ?

-Оюуны өмч улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 670 гэдэг дүгнэлтээр тэдний бариад, үзүүлж харуулаад байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг нь хүчингүй болгосон.

-Ямар шийдвэр, хуулийг үндэслэж гаргасан юм бол. Зүгээр л нэг байцаагч хүчингүй болгох дүгнэлт гаргачихсан юм биш үү гэсэн хардлага төрж мэдэхээр юм байна?

-Тийм биш л дээ. 2011 оны Улсын дээд шүүхийн 715 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолыг үндэслэж гарсан дүгнэлт. 2010 оны зургадугаар Их эеийн хуралдаанаар тэргүүнийг сонгосон нь хууль бус гэсэн шийдвэр гарсан талаар би түрүүн танд ярьсан даа. Зургадугаар Их эеийн хуралдаанаар нийтдээ нэгээс арван тогтоол гарсан байдаг юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн газар (тухайн үед Улсын бүртгэлийн газар) гэсэн нэртэй байсан. Тэр газарт Б.Бат-Эрдэнэ аваргын бариад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг бүртгэсэн байдаг. Энэ бүртгэлийн үйл ажиллагааг Улсын дээд шүүх 2011 оны арваннэгдүгээр сард гаргасан 715 тоот тогтоолоор хүчингүй болохыг нь тогтоосон. Ийм шийдвэр гарчихаад байхад Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж тэргүүтэй нөхөд 2011-2018 он хүртэл буюу бүхэл бүтэн долоон жилийн хугацаанд хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаад үйл ажиллагаа явуулж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Бөхийн өргөөнд болсон үйл явдал руу оръё. Яг ямар үйл явдал болсон юм бэ?

-МҮБХ-ны ганц өмч бол Бөхийн өргөөний барилга байгууламж. Ард түмний итгэл сэтгэл, хандив өглөгөөр боссон гэдгийг Монгол даяараа мэднэ. Гэтэл өнөөдөр Р.Нямдорж гэдэг хүн ийм утга учиртай барилга байгууламжийг хуулиар хүлээн зөвшөөрсөн МҮБХ-нд нь өгөхгүй 16 жил болчихлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хийх гээд мэдэгдэл өгөх гэхээр авдаггүй, Н.Чинбат тэргүүнтэй албан ёсны холбооныхон нь очоод суух гэхээр оруулдаггүй нөхцөл байдал үүсгэсэн. Ийм шалтгаанаар бид Иргэний хуулийн дагуу өөртөө туслах арга хэмжээг авахаас аргагүйд хүрсэн. Энэ дагуу Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийн Бөхийн өргөөг хууль бусаар ашиглаад байгаа үйлдлийг зогсооё, албан ёсны МҮБХ нь ашиглая гэсэн утгатай шаардлага хүргүүлсэн юм. Энэ шаардлагыг мөн л биелүүлээгүй. Очихоор Одхүү ч юм уу, Б.Бат-Эрдэнэ аваргын туслахууд, хамгаалагчид, “Аварга” дээд сургуулийн оюутнууд нь хааж зогсчихоод оруулдаггүй. Иргэний хуульд заасны дагуу бид өмчөө ашиглах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Бөхийн өргөөний эзэмшлээ өөрсдөө авъя, ажилчдаа оруулъя гэдэг үндэслэлээр Бөхийн өргөөнд нэвтрэх шаардлагыг хүргүүлсэн ч цагдаагийн байгууллага хүч түрэн орж ирсэн. Бүр тодруулж хэлбэл цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж байна.

-Шүүхийн шийдвэр гарчихсан байхад Цагдаагийн байгууллага нөгөө талд үйлчилж байна гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй юм. Хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллага яагаад оролцоод байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь энэ үйл явдалд оролцох ямар ч шаардлагагүй. Та бод доо. Та өөрийн эзэмшлийн, өмчийн ажлын байрныхаа хаалгыг цагдаагаас асууж түлхүүрдэж орох уу. Бид эмх замбараагүй байдал үүсгэх гээгүй. Өөрсдийнхөө өмчийн барилга руу л орох гэж байгаа хэрэг шүү дээ.

-Хаанахын цагдаагийнхан юм бол?

-Нийслэлийн цагдаа, хэв журмын цагдаа, тусгайгийнхан бүрэлдэхүүнээрээ байна.

-Цагдаагийн байгууллагаас ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулаад байгааг нь тодруулсан уу?

-Тодруулж асуухаар тайлбарладаггүй. Гэмт хэрэг, зөрчил үүсэх гээд байгаа учраас урьдчилан сэргийлж байна л гэдэг. Бидний хувьд цагдаагийн байгууллагын энэ ажиллагааг ямар ч үндэслэлгүй, хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар эрх ашгийг нь хамгаалаад зогсч байна гэж үзэж байгаа. Уг нь цагдаагийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны тогтоол, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын бүртгэлийн үйл ажиллагааг бүгдийг нь үгүйсгэсэн ажиллагааг хийгээд буй нь гайхал төрүүлж байна.

-Цагдаагийнхан яагаад ийм үйл ажиллагаа явуулаад байна гэдгийн цаана өөр ноцтой шалтгаан байгаа юм биш үү, танил тал, нөлөөлөл, мөнгөний сонирхол ч юм уу?

-Албан ёсны тамга гэрчилгээтэй хүмүүс нь Бөхийн өргөө рүүгээ орох гэхээр цагдаагийнхан хамгаалаад оруулахгүй байна гэдэг нь гайхмаар хэрэг. Орсон хүмүүсийг нь баривчилж хориод, зодож нүдээд байгаа нь цагдаа, бөх нийлсэн бүлэглэл үүссэн үү гэж хардахаар байгаа юм.

-Цагдаагийнханд албан ёсны гэрчилгээ, тушаал захирамжуудаа харуулсан уу?

-Бүгдийг нь үзүүлээд байхад л “Та нарыг оруулахгүй. Дээрээс битгий оруул гэсэн тушаал ирсэн” гэж байгаа юм. Дээр нь байгаа тэр хүн яагаад төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд халдаж эзэмшдэг объект руу нь оруулахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Ард түмний татварын мөнгийг урсгаж хэдэн зуун цагдаа зогсоож байгаа юм бол тушаалт шийдвэр удирдамжаа ядаж харуулах ёстой.

-Дахиад асууя. Яг тэр үед өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт юу болсон юм бэ. А.Сүхбат аваргыг Б.Одхүү начин зодож гэмтээсэн гэсэн шум яваад байна л даа?

-Би яг тэр үед эмнэлэгт хэвтэж байсан болохоор сонссоноо ярья. А.Сүхбат аварга хууль ёсны холбоо нь үйл ажиллагаа явуулъя гэсэн асуудлыг тавьж Б.Бат-Эрдэнэ аваргад шаардлага тавьсан. Сайнбаяр, Б.Одхүү, Магалжав нарын хүмүүстэй уулзсан юм. Албан ёсны МҮБХ буюу манай талаас Х.Баянмөнх аварга, А.Сүхбат аварга, Батсуурь, Бүрэнтөгс, Амгаланбаатар заан гэх мэт хүмүүс байсан. Хууль ёсны холбооны төлөөллийг оруулахгүй гээд байгаа бол хэлэлцээр хийе, хууль ёсны гэрчилгээгээ гаргаад ир, хууль эрх зүйн ямар үндэслэлтэй юм бэ гэх мэт асуудлыг яриад хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад асуудлыг эцэслэж шийдье гэсэн. Сүүлдээ ямар ч шийдэлд хүрэлгүй нөгөө талаас оролцсон хүмүүс уулзалтыг орхиод гарч явсан юм билээ. А.Сүхбат аварга тэр үед хуралдаж байсан өрөөндөө үлдээд “Эндээс асуудлыг шийдэх хүртэл гарахгүй. Би Монгол бөхийн хууль бус ажиллагаануудыг таслан зогсоох зорилгоор тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэнэ. Хорин жил тэмцсэн юм чинь хоёр хоног хэвтэж чадна. Та нар ирж асуудлаа шийд” гээд хэвтээд өгч. Тэр үед Одхүү начин согтуугаар, арав гаруй хамгаалагчтай орж ирээд УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан юм билээ.

-Одхүү начин А.Сүхбат аваргыг зодоогүй, өргөөд гаргасан гэсэн мэдээлэл цацагдсан. Биед нь гэмтэл учруулсан уу?

-Биед нь гэмтэл учруулсан. Миний сонссоноор бол А.Сүхбат аваргыг хэвтэж байхад хаалгыг нь цөм өшиглөж орж ирээд гэрэл асаалгүйгээр хүч хэрэглэн барьж авч хоолойг нь боож, толгой руу нь цохисон гэсэн. Тэгээд хамт орж ирсэн залуустайгаа дөрвөн мөчнөөс нь өргөж гадагш нь гарган шидсэн юм билээ. Энэ үед цагдаагийн байгууллага Бөхийн өргөөг хамгаалалтад авсан хэрнээ УИХ-ын гишүүний биед халдаж байхад нэг нь ч хөдлөөгүй нь гайхмаар явдал. А.Сүхбат аварга Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт гомдол гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжээчийн дүгнэлт гаргуулаад байна. Одоо энэ маргаан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгагдаж байгаа. Монгол бөхөд аваргаа хүндлэх жудаг гэж айхавтар ёс бий. Улсын начин хүн Дархан аваргад халдаж байгаа нь монгол бөхийн жудаг яав ч биш. Ийм юм хийлгэж буй хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэйг хүн бүр мэдэж байгаа. Ийм юм хийж байгаа, хийлгэж байгаа нь ч ялгаагүй хууль шүүхийг уландаа гишгэхээс гадна бөхийн жудгаа гээжээ л гэж хэлмээр байна.

-Н.Чинбат гэж хүнийг Бөхийн өргөөнд шунасандаа ингээд байна гэсэн мессэж хүчтэй ажиглагдаад байна л даа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-МҮБХ тойрсон хууль бус явдал дийлдэхээ байсан. Наад зах нь начины найраа, шударга бус шүүлт байна. Адаглаад л камерын шүүлт хийдэггүй. Найраа бол бөх үзэх сонирхолгүй болтол яригддаг. Доппинг байна. Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс Бөхийн өргөөг, МҮБХ-ны нэрийг ашиглаад ашиг олоод суугаад байгаа нь харамсалтай. Бөхчүүдийн нийгмийн асуудлыг бол огт хайхардаггүй. МҮБХ-ны дүрэмд бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн заалт бий. Энэ тал дээр ажилладаггүй. Ийм байж хүчний байгууллагаар далайлгаад суугаа нь таатай санагдахгүй байгаа. Н.Чинбат гэдэг хүн өөрийнхөө хүслээр холбооны тэргүүн болоогүй гэдгийг мөн л Монгол даяараа мэднэ. Монгол Улсын аваргууд МҮБХ-ны байдал эвгүйдсэнийг мэдэж, мэдрээд хүсэлт тавьж гарсан шийдвэр. Найраа хэрээс хэтэрсэн, бөхчүүдээ анхаарахгүй байна, доппингийн бизнес газар авлаа гэх мэт асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн хүмүүс нь аваргууд. Сумъяабазар, Өсөхбаяр, Сүхбат гэсэн гурван аварга анх Н.Чинбат гэдэг хүнд санал тавьсан юм. Түүнээс биш асуудал байшиндаа байхгүй.

-Нээрээ Аваргуудын зөвлөл гэж байгуулагдаад Н.Чинбатад холбооныхоо тэргүүн болооч гэсэн хүсэлт тавьсан гэдэг байх аа?

-Монгол Улсын арван аваргын зургаа нь гарын үсэг зураад санал тавьсан гэхээр асуудал хэр хурцадсаныг харуулж байгаа хэрэг л дээ. МҮБХ-ны энэ их хууль бус үйл ажиллагааг зохицуулах хүн нь та гэсэн агуулгатай бичиг хүртэл бий. Их эеийн хурлаар Н.Чинбат гэдэг хүний нэрийг дэвшүүлээд сонгосон түүхтэй юм. Хурлыг Н.Чинбат болон Н.Чинбатын талынхан зохион байгуулаагүй. Увсынхан ч зохион байгуулаагүй. Би түрүүн хэлсэн шүү дээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2002-2003 оны гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Өөр ямар ч зүйлт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хурлыг нь хийлгүүлж Н.Чинбат гэдэг хүн МҮБХ-ны тэргүүнээр өнгөрсөн оны тавдугаар сард сонгогдсон ч жил орчмын хугацаанд Р.Нямдорж мөн л шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Б.Бат-Эрдэнэ аваргад хууль зөрчиж байгааг нь бөхчүүдийн зүгээс хэлсэн удаа бий юу?

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж байна. 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарсан юм. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн Их эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг МҮБХ-нд даалгасан. Өөрөөр хэлбэл наймдугаар Их эеийн хуралдааныг явуулж болохгүй гэдэг дээр шүүхийн захирамж гарчихсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга энэ захирамжийг зөрчөөд Их эе зарлаж тэргүүн нь болсон. Эндээс харахаар Бат-Эрдэнэ аварга өмнө дурдсан зургаан удаагийн шүүхийн шийдвэрийг зөрчсөний зэрэгцээ дахиад шүүхийн захирамжийг зөрчсөн болж таарч байна. 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бас л Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарсан. МҮБХ-ны ашиглаад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг ашиглахгүй байхыг МҮБХ-нд даалгасан юм. УИХ-ын гишүүн хүн нийт ард түмний эрх ашгийг хамгаалж хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллах ёстой. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга хуулиа дагахгүй байна л даа. Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан гурван шатны шүүхийн нийтдээ зургаан удаагийн шийдвэр, шүүхийн хоёр удаагийн захирамжуудыг уландаа гишгэж байна. Бөхчүүд очоод “Аварга аа та болиоч” гэхээр “Шүүгчээ аваад ир” гэдэг юм. “Шүүгч хүн яахаараа тантай ирж уулзах ёстой юм бэ” гэхээр “Тэгвэл өргөөд гаргачихаач” гэдэг. Хуулийн дор, шүүхийн шийдвэрийн дор амьдрахгүй л бол энэ нийгэмд эмх замбараагүй байдал бий болно шүү дээ. Дуртай нэгэн нь өөрийгөө тэргүүн, дарга гэж өргөмжлөөд явбал дэг журам гэдэг юм утгаа алдана.

-Бөхийн өргөөний удирдлагатай гэрээ байгуулж арга хэмжээ зохион байгуулах гэсэн хүмүүсийн эрх ашиг хүртэл зөрчигдөж байна. Энэ хүмүүс хаана хандаж гомдлоо барагдуулах ёстой вэ?

-Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хүчингүй болсон тамга тэмдэг, гэрчилгээ ашиглаад тэр хүмүүстэй гэрээ хийгээд байгаа нь буруу. Хүчингүй болчихсон тамга тэмдгээр гэрээ байгуулж төлбөр мөнгө аваад байгаа үйл ажиллагаа нь өөрөө хууль бус шүү дээ. Тэдэнд гомдол гаргаж хохирлоо барагдуулах хэрэгтэй.

-Та Монголын ард түмний хүндэлдэг бөхчүүдийн нэг. Монгол бөхтэй хамаатай асуудал бүр сэтгэлийг чинь зовоодог байх. Түрүүн таны дурдсанчлан начины найраа, допингийн бизнес хэрээс хэтэрсэн гэж бөхчүүд өөр зуураа санаа зовон ярьцгаадаг юм билээ. Үнэн бол асар их мөнгөний асуудал Бөхийн өргөө гэсэн халхавчны цаана байгаа юм биш үү?

-Допингийн үндэсний төвийн дарга нь “Аварга” дээд сургуулийн орлогч захирал Сүхбат гэж хүн бий. Энхсанаа гэж хүн энэ төвийн эмчээр ажилладаг. Сүхбат гэдэг хүний шавь. Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн төрсөн дүү Хайдавдорж гэдэг хүн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Яагаад заавал Бат-Эрдэнэ аваргын “Аварга” дээд сургуулийн ажилтан, удирдлагууд ах дүү нараараа допингийн асуудлыг бариад байна вэ. Энэ бол эргэлзэж, хардахаас аргагүй асуудал. Цаана нь асар их мөнгө эргэлддэг гэж л сонссон доо.

-Энэ асуудал цаашдаа ер нь яаж шийдэгдэх бол?

-Албан ёсны холбоо нь албаны ёсны байрандаа үйл ажиллагаа явуулах л болно. Цагдаагийн байгууллага хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсооно гэж найдаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *