УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцжээ. “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа. Тэрээр энэ талаар бүлэгтээ мэдээлэл өгчээ.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
– Нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл УИХ бусад асуудлыг хэлэлцэхгүй шүү дээ. Энэ удаагийн чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж амжих болов уу?
-Бүлгийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийн явц ямар байгаатай танилцсан. Гишүүдийн олонх нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Тиймээс ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа төслөө УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна. Мөн бусад улс төрийн намууд, холбогдох хүмүүстэй зөвшилцсөний дараа эцсийн хувилбар дээр тохиролцож чадвал энэ жилдээ багтааж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн.
Ажлын хэсгийн хүрээнд нийт 300 гаруй мянган саналыг нэгтгэж, гол зүйлүүдийг нэгтгэх, зарим хэсэг томъёолол гаргаж танилцууллаа. Энэ зөвхөн ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа зүйл гэдгийг хэлэх ёстой. Цаашид олон нийтийн саналыг тусгах, томъёоллоо хасах, иргэдийн зүгээс ямар санал гарах вэ гэдгийг нухацтай судлах шаардлага бий.
-Танай намын зарим гишүүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэсэн саналыг гаргаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд бүлэг байр сууриа нэгтгэж чадах уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой. Түүн дотор парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу, парламентаас сонгох уу, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах ёстой гэх мэт олон санал гарч байгаа. Мэдээж, өнөөдөр эцсийн тохиролцоо хийгдээгүй зөвхөн ажлын хэсгийн түвшинд яригдсан. Төсөл яригдах үед МАН-ын бүлэг энэ олон асуудал дээр нэг байр суурьт саналаа нэгтгэнэ.
-Ардчилсан намын бүлэг Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндлөө. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг сонсоогүй. Ардчилсан нам ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.
-“Оюутолгой”-н гэрээг шалгах ажлын хэсэг бүлэгт урьдчилсан байдлаар мэдээлэл өгсөн үү?
-“Оюутолгой”-н гэрээг шалгах ажлын хэсэг бүлэгт мэдээлэл хийгээгүй байна. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улсын зовлон бий болоогүй, улс төр эдийн засгийн буруу бодлогын үр дүнд бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засаг 2-3 дахин тэлсэн нь гарцаагүй үнэн. Оюутолгойтой холбоотой хүнийг хуулийн дагуу шалгаж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг хуулийн байгууллага өгөх хэрэгтэй. Монголын эдийн засгийг урагш нь чирч байгаа томоохон үйлдвэр, компаниуд руу дайрсан олон нийтийг талцуулсан дайралт эрс нэмэгдэж байна. Үүнийг бид анхааралдаа авах ёстой гэж Засгийн газарт ч хандаж хэлсэн. Ер нь бид баялаг бүтээгч нараа элдвээр хэлж, хөөж, зогсоогоод тэгээд Монгол Улсыг хөгжүүлэх тухай асуудлыг яриад хэрэггүй. Энэ асуудалд Засгийн газар, төр нь аль ч гэсэн тодорхой хариулт өгч, маш тодорхой байр суурьтай болгохгүй бол цаашид нийгэмд юм бүтээх гэсэн хөгжүүлэх гэсэн хүмүүс ховордоно. Монголын томоохон компаниуд 5-10 мянган хүнтэй болтлоо зүтгэсэн байхад унагаах, харлуулахын төлөө зүтгэж байгааг нь олон талаас нь бодох ёстой. Засгийн газар ч гэсэн энэ компаниудынхаа төлдөг татвар, ажлын байраар хангаж байгаа гэдгийг тодорхой мэдээлж байх ёстой гэдгийг У.Хүрэлсүх сайдад хэлсэн.