Categories
мэдээ цаг-үе

Б.Даваасүрэн: Манай байгууллагад хамааралгүй үйлдвэрчний эвлэл худал мэдээлэл тарааж, хүндрэл учруулж байна

Зорчигч тээврийн нэгmгэл ОНӨААТҮГ-ын орлогч захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа.


-“Зорчигч тээврийн нэгтгэл компани”-ийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийн талаар танилцуулахгүй юу?

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус 1”, “Автобус 3”, Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ыг нэгтэн шинээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулагдсан байдаг. Одоогоор энэ байгууллага маань таван хэлтэс, гурван баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага 367 хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хотын төвийн 25, хот орчмын ес, нийт 34 чиглэлд өдөрт 295 автобус, троллейбус гаргаж 1500 гаруй ажилтан албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар үйлчилгээ эрхэлдэг. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нийслэлийн зорчигч тээрийн нийт гаралтын 35 орчим хувийг, шугамын гаралтын 40 орчим хувийг хангаж ард иргэддээ түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

-Ажлын амжилтынхаа талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Манай байгууллага хийж бүтээсэн ажлаа үнэлүүлж хэд хэдэн шагнал хүртсэн. “Нийтийн тээврийн газар”-тай байгуулсан гэрээний биелэлтээ өнгөрсөн онд бүрэн хангаж 97.98 хувиар биелүүлж ажилласан. Энэ амжилтыг өндрөөр үнэлж 2017 онд авто тээвэр байгуулагдсаны 92 жилийн ойгоор Зам тээврийн яамны жуух бичгээр шагнуулсан байгаа. Мөн 2017 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зарласан болзолт уралдаанд тусгай байр эзэлж өргөмжлөл гардсан. Үүнээс гадна нийтийн тээврийн тэргүүний байгууллагаар шалгаруулж байсан. Нийслэлийн аудитын газраас санхүүгийн зөрчилгүй байгууллага гэсэн үнэлгээ авсан.

-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүднээс төлөвлөгөө график гаргаж ажиллаж байгаа. Иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс өглөө, оройны ачааллын цагаар шугамд нэмж автобус гаргажz ажилладаг. Мөн зорчигч тээврийн хэмжээнд автобусны хоёрдугаар баазыг эко болгосон. Энэ ажлын хүрээнд Каунти, маз автобус, троллейбусыг гээд 117 нийтийн тээврийн хэрэгслийг евро 4 түлшээр цэнэглэн явуулж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай соёлтой боловсон үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж байгаа. Үүний тулд “Нарны зам” сургалтын төв, Тээврийн прокурор, нийслэлийн замын цагдаатай хамтарч зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг хийдэг. Хамгийн гол нь иргэдэд осол зөрчилгүй үйлчлэхийг эрмэлэж туршлагатай жолооч нарыг ажилд шалгаруулж авч үйлчилгээнд гаргадаг. Энэ ч утгаараа 2016 онд 79 осол, аваар бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 52 болж буурсан. Сүүлийн үед үйлчилгээний гомдол санал ч бүртгэгдэх нь эрс цөөрсөн үзүүлэлттэй байгаа. Үүнээс гадна нийтийн тээвэрт батлагдсан цаг, графикийн дагуу үйлчилгээгээ явуулдаг л даа. Энэ маань улсын байгууллага учраас тогтсон цагт бууж, тогтсон цагт үйлчилгээндээ гардаг.

-Үйлчилгээнд явуулж буй нийтийн тээврийн хэрэгслүүд хэдэн онд Монголд орж ирсэн бэ. Хамгийн сүүлд хэзээ шинэчлэл хийгдсэн бол?

-Бид 650-700 мянган километр гүйсэн Солонгосын “Deawoo 106 S” маркийн автобусыг үйлчилгээндээ хэрэглэдэг. Эд маань захаасаа хуучирч моралийн элэгдэлд орж байгаа учраас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг нэн тэргүүнд солих хэрэгтэй байна. Үүнд төр засгийн дэмжлэг шаардлагатай байгаа.

-Танайх сэлбэг хэрэгслээ хаанаас худалдаж авдаг вэ. Монголд автобусны сэлбэг, хэрэгсэл нийлүүлдэг төрөлжсөн байгууллага байдаг уу?

-Технологийн шинэчлэл дэлхийн нийтээр явагдаж байна. Автобус, троллейбус жил бүр л шинэчлэгдэж, хэрэглэхэд хялбар болж байгаа. Энэ төрлийн унааны сэлбэг өнөөдөр валютын ханш, татвар даатгал зэргээс шалтгаалж үнэ нь өссөөр байна. Манайх сэлбэгээ дотоодын зах зээлээс өдөр тутамд нь худалдаж авч үйл ажиллагаа явуулдаг. Сэлбэгийг гаднаас бөөнөөр нь авч хуримтлуулдаггүй.

-Үйл ажиллагааг явуулахад учирч буй саад бэрхшээлүүд байна уу. Энэ талаар ярихгүй юу?

-Хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд байгаа. Бид нийтийн тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэгтэй. Гэвч улс төр болон төрийн бус байгууллагуудын оролцооноос шалтгаалж хэвийн ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгаа. Өнөөдрийн байдлаар хуучин татан буугдсан үйлдвэрчний эвлэлийнхэн байгууллагын дотоод ажилд хөндлөнгөөс оролцож ажилчдын сэтгэл санааг үймүүлээд байна. Үүнд сэтгэл дундуур байгаа.

-Хэзээ татан буугдсан байгууллага вэ. Та бүхэн шинээр үйлдвэрчний эвлэл байгуулсан юм уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өмнөх үйлдвэрчний эвлэлийн сонгуульт хугацаа нь дуусч, манайх шинээр үйлдвэрчний эвлэл байгуулсан. Энэхүү эвлэл байгуулагдсанаар ажилчдын эрх ашгийг хамгаалж хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.

О.НЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *