Categories
мэдээ цаг-үе

Т.Тамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн байгаа

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамиртай ярилцлаа.


-Таныг ажлаа өгсөн гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Та яг одоо ажлаа хийж байна уу, эсвэл чөлөөлөгдсөн үү?

-Өнгөрсөн даваа гаригт би Төрийн өмчийн хороонд болон ТУЗ-д хандаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Би тус компанийн захирлаар сүүлийн хоёр жил гаруй ажиллах хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хавсаргаж өглөө. ТӨХ хуралдаж шийдвэр гаргана байх. Тийм болохоор яг одоогоор бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй, ажлаа хийж байгаа гэсэн үг болж таарч байна.

-Таныг ажлаа өг гэж салбарын сайдаас чинь шахалт ирэв үү. Таны хувьд сарын дараагаар дуусах үүрэгт хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх сонирхол байсан л байлгүй?

-Надад хэн нэгэн шахалт үзүүлсэн зүйл байхгүй. ТӨХ-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ би энэ талаар тодорхой дурдсан байгаа. Манай салбарын сайд агаарын тээврийн салбарт шинэчлэл, либералчлалыг явуулна гэж ярьж байгаа. Миний хувьд либералчлал явуулахыг нь дэмжиж буй ч салбарын сайдтайгаа зарим нэг асуудал дээр бодлогын зарчмын хувьд зөрүүтэй байгаа тул ажлаа өгөх шийдвэрийг гаргасан. Үүний өмнөхөн сайд ч өөрчлөх тухай асуудлыг хөндсөн байсныг нь бас харгалзан үзсэн. Тиймээс салбарын сайд бодлого явуулж хэрэгжүүлэхийн тулд санал нийлэх өөрийн хүнээ тавьж ажиллах нь зүйтэй болов уу гэдэгтэй миний хувьд санал нэг байна.

-Таны хувьд ямар асуудалд сайдтайгаа зарчмын зөрүүтэй байгаа гэж?

-Агаарын тээврийн салбарт либералчлалыг тодорхой үе шаттайгаар явуулах нь зүйтэй гэж компанийн зүгээс үзэж байгаа. Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад үнэлэлт дүгнэлт хийж байж үүний дараагаар үнийг чөлөөлөх гэх мэт ажлуудыг хийх ёстой болов уу. Тухайлахад, агаарын тээврийн салбарт барих бодлогын бичиг баримтын 3.8 буюу Үндэсний агаарын тээвэрлэгчтэй байна. Түүнийгээ улс бодлогын хэмжээнд хамгаална гэсэн утга бүхий заалт, 3.9 дэх заалт буюу Бээжин, Сөүл чиглэлд нэг шугам, нэг агаарын тээвэрлэгч байна гэсэн заалтыг яг одоо шууд хасаад явчихад “МИАТ” бэлэн биш байна гэж бид үзэж байна. Салбарын сайд болохоороо дээрх хоёр заалтыг хасч, чөлөөлнө гэж үзэж байгаа юм билээ.

-2013 он буюу А.Гансүх сайдын үед Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах 2020 он хүртэлх бичиг баримтад Сөүл, Бээжин рүү ганцхан тээвэрлэгч ниснэ гэдэг заалтыг УИХ-аас баталсан нь “МИАТ”-ийн монополийн хэлбэр мөн гэж салбарын сайд чинь ярилцлагадаа дурдсан байсан. Та үүний эсрэг саналтай байна уу?

-Хятадын талаас ч гэсэн нэг чиглэл, нэг тээвэрлэгч гэсэн бодлоготой байгаа. Бид эндээсээ чөлөөлөөд явуулчихлаа гэхэд Хятад, Солонгосын тал нэг чиг шугамаа баримтлахаар энэ асуудал өөрөө мухардалд орох л хэрэг байхгүй юу. Энэ бол улсын бодлого. Яагаад тухайн үед ийм шийдвэр гарах болов гэдгийг би тухайн үед “МИАТ”-ийн захирлаар ажиллаж байгаагүй ч тайлбарлая. Олон улсад сайн нэртэй биш гадны тээвэрлэгч нар орж ирж болзошгүй асуудал сөхөгдөж байсан учраас үндэсний агаарын тээвэрлэгчээ хамгаалж уг бодлогын бичиг баримтыг гаргаж УИХ-аас баталсан байдаг. 2020 он хүртэлх бичиг баримтыг одоо жил гаруй хугацааны өмнө заавал өөрчлөх шаардлага бас байна уу. Магадгүй 2020-2030 он хүртэлх бодлогын бичиг баримтдаа тусгах ёстой заалтуудаа оруулж ирж болох юм. Яагаад вэ гэвэл агаарын тээврийн салбарт хэрэгжих бодлого, хөгжил тодорхой хугацаа шаарддаг, бас тогтвортой бодлогыг чухалчилдаг. “МИАТ” компанийн менежментийг сайжруулах, либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг ярьж байгаатай миний хувьд санал нэг байна. Гол зарчмын ялгаа нь яг одоо биш, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Аялал жуулчлал зөвхөн агаарын тээврээс шалтгаалж байгаа гэдэгтэй би санал нийлдэггүй. Агаарын тээвэр аялал жуулчлалын салбарын ердөө нэгхэн хэсэг нь.

-Тийзний үнэ өндөр байгаагаас шалтгаалж жуулчид тэр болгон Монголыг зорьж ирдэггүй гэх яриа байдаг. Бас жуулчлалын улирлын үед тийз олдоц ховор болчихдог?

-“МИАТ”-ийн тийзний үнийг 2011 оноос хойш нэг ч хөдөлгөөгүй. Ханшийн зөрүүгээс үүдэж буй алдагдлыг компани өөрөө үүрээд явж байгаа. Нөгөөтэйгүүр “МИАТ”-ийн Европын зах зээл хамгийн их алдагдалтай чиглэл. Сүүлийн 10 жилийн хугацаанд 130 орчим сая ам.долларыг Берлиний чиглэлээс бид алдсан байдаг. Гэтэл 130 сая орчим ам.доллар нь өөрөө бүхэл бүтэн нэг онгоцны үнэ. Гэтэл бид энэ мөнгийг алдаад л байсан. Учир шалтгаан нь Монгол Улс заавал Европын холбоо руу буюу гуравдагч хөрш рүү шууд нислэгтэй байх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ чиглэлийн нислэгийг алдагдалтай ч үйлдсээр байна. Зөвхөн өнөөдрөөр харах биш шүү дээ. Агаарын тээврийн бизнес өөрөө эдийн засгийн уналт, өсөлттэй шууд холбоотой. Эдийн засаг өсч байх үед дагаж өсдөг, буухаар нь буурдаг. Төрөөс эдийн засгийг сайжруулах алхмуудыг хийгээд ирвэл дагаад сайжрах ч тийм бодит дэмжлэг тэр болгон гарч ирж чадахгүй байна. Ийм нөхцөлд “МИАТ” хэрэндээ сайн ажиллаж ирсэн дээ.

-“МИАТ” компани ямар орлого, зарлагаар тооцогддог компани вэ. “МИАТ”-ийг гаднаас нь харахад монопольдсон, нислэгийн тийзийн үнийг бууруулдаггүй, эрх мэдэлтнүүдийн тендер, шахааны үүр болсон гэх мэт байдлаар өнгөцхөн дүгнэсэн ойлголт бий. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд энэ бүх асуудалд та ямар хариулт хэлэх вэ?

-Манай компанийн зах зээлд эзэлж буй байр суурийг шууд харвал монополь гэж үзэхийг үгүйсгэхгүй. Гэвч нөгөөтэйгүүр үндэсний агаарын тээвэрлэгчээр Монголынхоо өөр компаниудыг оруулж ирүүлэхийг шахаж хавчсан зүйл нэг ч байхгүй. Тухайн компанийн бодлого, цар хүрээ, тухайн Засгийн газрын барьж буй бодлого, буруу шийдвэр зэргээс хамааралтайгаар хувийн секторынхон агаарын тээвэрт шууд орж ирж чадахгүй байгаа тал бий. Гэхдээ зах зээл бол хэзээд нээлттэй бий шүү дээ. Шинэ чиглэлд нисэх боломж нээлттэй. “МИАТ” бол төрөөс ямар нэгэн татаас, дэмжлэг авдаггүй. Төрд дарамт учруулдаггүй. Компанийн өөрийн үйл ажиллагаанаас буюу бизнесийн үйл ажиллагаа явуулж ашгийн төлөө явдаг Төрийн өмчит компанийн нэг. Магадгүй Төрийн өмчийн хорооноос ч юм уу ашигтай ажиллахыг урьтал болгохгүйгээр иргэдэд хямд үнээр үйлчил гэсэн шаардлагыг анхнаас нь тавиад эхэлбэл тэрэнд нийцүүлж бас ажиллаж болох л доо. Бидний барьж буй үндсэн зарчим бол татвар ногдлоо төлөх ёстой, улсад ашигтай ажиллах ёстой гэсэн зарчмаар ханддаг. Манайх өнгөрсөн 2011 онд Засгийн газрын дэмжлэг шийдвэртэйгээр гэрээ хийж АНУ-аас зээлээр худалдаж авсан “Боинг-767” онгоц нь төлбөрийг гэхэд улсад ямар нэгэн дарамт учруулахгүйгээр өөрийн үйл ажиллагаанаас хугацаанд нь төлөөд явж байх жишээтэй. Нэг ч төгрөгийн зээл авалгүй өр төлбөрөө барагдуулж, ашигтай ажиллаж байна. Манай компанийн санхүүгийн удирдлагын газар, эдийн засагчид эдийн засгийн орчны чиг хандлагыг судалж, таамаг дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөж ажилладаг. 2020 оноос хойш “МИАТ” биеэ бүрэн дааж, үнэ чөлөөлөх гэх мэт асуудалд бэлэн байх болов уу гэж харж байна.

-“МИАТ” компанийн захирлаар ажиллахдаа таны хувьд ямар бодлогыг баримталж, ямар шинэчлэлийг явуулж ажиллав?

-Парк шинэчлэл хийлээ. 30 жил шинэчлэгдээгүй системийг шинэчиллээ. Шинэ чиглэлүүдийг нээж өглөө. “МИАТ” системээ шинэчилж гадныхантай дүйцэхүйц хэмжээнд ажиллаж байна. Энэ жил шинэ нисэх буудал ашиглалтад орно. Тийм ч учраас бид цаашдын парк шинэчлэлийн асуудлыг хэд хэдэн хувилбараар ярьж хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд бидний явуулж байгаа бодлого шийдвэр зөв байна гэдэг нь компанийн ашиг орлогын хэмжээ эрс нэмэгдсэнээс нь харж болно. Хэдхэн жилийн өмнө алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны байдлаар 48 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. МИАТ компаниас 2014-2017 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг гаргасан байдаг. Энэхүү төлөвлөгөө үр дүнгээ өгч, компани зардлаа бууруулж, алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдсэн. Бидний баримталж ажилласан бизнес төлөвлөгөөний гол зорилго нь байгаа өгөгдөхүүн дээрээ илүү өндөр ашигтай ажиллах, боломжуудыг эрэлхийлэх, тэвчиж болох зардлыг танах, онгоцны түрээс, шатахуун гэх мэт холбогдох бүх зардал дээр нарийвчилсан дахин хэлэлцээрүүдийг хийж үнийг нь буулгаж чадсан. Импортоор авч байгаа түлшээ дэлхийн зах зээл дээрх биржийн үнээр худалдан авах гэрээ хэлэлцээр холбогдох байгууллагуудтай хийсэн. 2014 оны арваннэгдүгээр сараас хойш газрын тосыг зах зээлийн үнээр худалдаж авч, түүн дээрээ үйлчилгээний зардлаа нэмж авч байна. Өнөөдрийн байдлаар “МИАТ” компани түрээсийн тав, “Боинг” компаниас шууд худалдан авсан нэг, нийт зургаан онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Түрээсийн онгоцнууд бүгдээрээ өөр өөр түрээслүүлэгч компанийнх. 2014 онд эдгээр компаниудтай маш шаргуу ажиллаж, өмнө хийсэн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж, онгоцны түрээсийн төлбөрийг 20-30 хувиар буулгасан. Үүний үр дүнд нь зөвхөн нэг жилийн хугацаанд хоёр сая ам.долларын хэмнэлт гарч байгаа. Бид хоёр ширхэг “Б737 NG” онгоцыг Боингоос өмнөх “Боинг767”-ийн адил шууд худалдан авах байсныг өөрчилж, түрээсийн компаниар дамжуулан түрээслэхээр болсон. “Боинг”-ийн анхны хэлж байсан үнийг бид агаарын хөлөг тус бүрээр дөрвөн удаагийн хэлцлийн дараа бараг 10 сая ам.доллараар буулгаж чадсан ч “МИАТ” компанийн хувьд үнэтэй хэвээр л байсан. Тиймээс дахин ярилцаад түрээслэх гэсэн хувилбарт оруулсан юм. Онлайн борлуулалтыг олон улсын жишигт хүргэлээ. Миний олж харснаар зорчигч тээврээс дан ганц хэт их хамааралтай байж болохгүй юм гэдгийг тооцоолоод аль болох хамаарлыг бууруулж, солонгоруулж ажиллахыг зорьсон. Энэ дашрамд, нэг баг болж сэтгэл, зүтгэл гарган ажиллаж, “МИАТ”-д шинэчлэл, ахиц дэвшлийг авчран эдийн засгийн тэлэлтийг хийж чадсан хамт олноороо бахархаж бас талархаж явдаг гэдгээ хэлье.

-Нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд манайх томоохон ахиц гаргасан гэв үү?

-Манай компани цэгээс цэгт нисдэг мухар нислэгтэй. Улаанбаатараас Сөүл хүртэл нисээд цаашаа задарч нисч чаддаггүй. Миний бие ажлаа хүлээж аваад хамгийн гол анхаарч ажилласан зүйл бол Ази, Европын нислэгийн сүлжээг өргөжүүлэх бодлогыг баримталж ажилласан. Энэ бодлогын хүрээнд эхнээсээ гэрээ хэлэлцээр хийгдэж, үр дүн гарч байна.

-“МИАТ”-ийн 51 хувийг төрд үлдээж 49 хувийг хувьчлах тухай салбарын сайд зөвлөгөөний үеэр хөндсөн байсан. “МИАТ” хувьчлалд яг одоо ороход бэлэн үү. Эрсдэл бий юу?

-“МИАТ” ТӨХК ТӨХ-ны хувьчлагдах ёстой жагсаалтад хэдэн жилийн өмнөөс л орсон яваа. Хэзээ, хэнд,ямар хэлбэрээр яаж хувьчлагдахыг ТӨХ, салбарын яам, Засгийн газраас шийдвэрийг нь гаргах байх. “МИАТ”-ийг хувьчлах нь зах зээлийн жам ёсны зарчим, хөгжлийнх нь цаашдын хэлбэр мөн. Миний хувийн байр суурь бол “МИАТ”-ийн 51-ээс дээших хувийг худалдаж авч буй тал эзэмших нь зохистой. Хувьцааны дийлэнх нь төрд байх юм бол одоогийн байгаа нийгмийн хандлага хэвээрээ л байна. Шийдвэр гаргах түвшинг хувийн секторт түлхүү өгч байж зах зээлийн зарчмаараа, өрсөлдөөнд хошуучлах болов уу. Ер нь далайд гарцгүй улс орны хувьд зайлшгүй үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх ёстой юу, үгүй юу гэдгийг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс нь мэдэж шийдвэрээ гаргана байх.

-”Туркиш Эйрлайнз”нислэг үйлдэх саналыг удаа дараа тавиад байгаа. Одоо энэ санал ид хүчтэй яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Цөөнгүй жил ярилцаж л байгаа л даа. Үнэндээ алдагдал хүлээгээд ч 25 жил бойжуулж ирсэн Европын чиглэлийг маань хааж болзошгүй гэж болгоомжлон үздэг. Үндэсний агаарын тээвэрт эрсдэлтэй гэж үзэхийн зэрэгцээгээр тухайн компанийн нэр хүндийн тухай асуудал бас яригддаг. Миний хувьд үүнээс өөр хэлэх зүйл алга аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *