Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Жаргалант суманд шарил чандарлах газар байгуулна

Зураг

Орхон аймагт хоёр газарт шарил чандарлах газрын зөвшөөрөл олгожээ. Нэг нь Баян-Өндөр сумын Говил баг, нөгөө нь Жаргалант суманд гэнэ. Энэ нь Орхон аймгийн зүүн талд гэсэн үг юм. Үүнээс Жаргалант суманд барих шарил чандарлах газрын дэд бүтэц нь шийдэгдэж, энэ хавраас ажил нь эхлэх гэж байна.

Харин Говил багт баригдах газрын төсөл сонгон шалгаруулалтын явцдаа байна. Дээрх газруудад нийт хэдий хэмжээний талбайд шарил чандарлах байгууламж барих вэ гэдэг нь удахгүй тодорхой болох ажээ. Одоогоор АЗДТГ, БОАЖГ-ын хамтарсан “Ажлын хэсэг” судалгаа, мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна.

Орхон аймаг 1976 онд байгуулагдсан. Үүнээс хойш 16 га газрыг “чимээгүй хотод” зарцуулсан байдаг. Энэ нь аль хэдийн Булган аймгийн хилийн дээсийг давсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Орхон аймаг талийгаачдаа Булган аймгийн Бугат суманд оршуулж байна. Газар зүйн байрлалаараа Орхон аймгийн баруун талд буюу салхины урсгал талдаа байгаа нь иргэдийн эрүүл мэндэд нэн хортой байгаа юм. Тэр ч бүү хэл оршуулгын газартай хаяа дэрлэх айлууд ч олширчээ. Иймд Орхон аймагт шарил чандарлах газрыг зүүн талдаа барихаар шийдвэрлэсэн байна.
Арван жилийн өмнө аймгийн удирдлагууд хогийн цэгийн зүүн хойд хэсэгт буюу “Ястын хөндий” гэдэг газарт оршуулгын газрын зөвшөөрөл олгосон байдаг ч иргэд талийгаачдаа энд тэндгүй дур мэдэн тавьсаар байгаа юм. Талийгаачийг газар булах болон ил тавихад агаар, орчинд асар хортой хий ялгаруулдаг байна. Тодруулбал, хүний яс газрын хөрсөнд 40-50 жилийн хугацаанд задарч энэ хоорондоо 70 орчим төрлийн хорт хий ялгаруулдаг гэнэ. Түүнчлэн нэг талийгаачийг хөдөөлүүлэхэд 7 м.кв талбай шаардагддаг байна. Харин чандарлахад ердөө нэг кг үнс гардаг ажээ. Иймд оршуулах зан үйлийн соёлыг нэвтрүүлж иргэдэд ойлгуулах нь чухал байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *