ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.
-Ерөнхий сайд бНхаУ-д нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчиллаа. Хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгал төрүүлсэн айлчлал боллоо гэж тодотгож байна. Харин судлаачийн хувьд айлчлалаас ямар үр дүн хүлээж байв?
-Монгол Хятадын харилцаа өндөр түвшинд хүрсэн л дээ. Харилцан итгэсэн, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай байна. Гэхдээ хөрш орнуудын дунд янз бүрийн шалтгаанаар харилцаа зогсонги байдалд орох тохиолдол байдаг. Ийм үе сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хоёр орны харилцаанд тохиосон болов уу гэж бодож байна. Нэг талаас эдийн засгийн хүчин зүйл буюу дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас Хятадын хөрөнгө оруулалт, худалдаа буурсан. Нөгөө талаас улс төрийн үл ойлголцол, үл итгэлцлийн шинжтэй асуудлаас болоод хэсэг хугацаанд Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа эдийн засгийн салбарт нэлээд зогсонги байдалд орлоо. Далай ламын айлчлалаас болоод зарим албан айлчлалууд цуцлагдсан. Харилцан мэдэгдлүүд ч хийсэн шүү дээ. Мөн Ганц мод, Гашуунсухайтын боомтуудад нүүрсний тээвэрлэлтэд тодорхой шалтгааны улмаас механик бэрхшээл үүссэн. Улмаар яригдаж байсан зарим зээл, тусламжууд зогссон гээд Монгол, Хятадын харилцаа мухардалд орлоо гэж ярьж байсан. Энэ асуудлыг хоёр орны дотоод улс төр, эдийн засгийн байдалтай холбож үзэж байгаа. Тухайлбал, Монгол Улсад хоёр жил дарааллаад парламент болон Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Хятадын хувьд дотоод улс төрийн байдал, засгийн эрхийг авах, удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг солих, ХКНын 19 дүгээр их хурал, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит сонгуулийн анхдугаар чуулган болсон гээд олон үйл явдал давхацсан. Мөн тус улсад авлигатай тэмцэх дуулиан явагдаад дотооддоо илүү анхаарч байсан үе тохиосон. Иймд манай талаас эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, айлын зүгээс “Нэг бүсНэг зам” хөтөлбөрийнхөө хүрээнд хөрш орнуудтайгаа харилцаагаа идэвхжүүлэх хүсэл сонирхол байсан. Монгол Улс бол Хятадын “Нэг бүсНэг зам” төслийг амжилттай хэрэгжих эсэхэд нэлээд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг орон.
Хэрэв гурван улсын Эдийн засгийн коридор амжилттай болбол энэ бүсийн нэг хойд чиглэл амжилттай болох юм.
Си Жиньпинийг дэлхийд том тоглогч болж харагдуулах гол хүчин зүйл нь хөрш орнуудтайгаа түр зогсонги байдалд орсон харилцаагаа урагшлуулах сонирхолтой. Тиймээс Ерөнхий сайдын айлчлал их анхаарал татаж байсан. Энэ айлчлалын өмнө Монгол Улс эдийн засгийн нэг үе дуусч байна. Дараагийн үе маань эдийн засгийн тэлэлт томорно гэж найдаж байхад янз бүрийн шалтгаанаас болоод зогсчихсон. Тиймээс Монгол Улс эдийн засгаа, хөгжлөө түргэсгэж тэлэх шаардлага байгаа бол Хятадтай хэл амаа ололцохоос өөр арга байхгүй. Тэгээд ч ойрын арав, хорин жилд манай улсын эдийн засгийг авч явах гол хөшүүрэг нь уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэнэ. Эдийн засгаа томруулж, хөгжих суурь дэвсгэрээ сайн тавья гэвэл уул уурхайг түшиглэсэн том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Дэд бүтцийн том төслүүдээ хөдөлгөөнд оруулах байх гэсэн хүлээлттэй байлаа.
-Уг нь Ерөнхий сайдын айлчлалаар Таван толгойн багц төслийг Хятадын талтай тохиролцож чадна гэсэн хүлээлт байсан шүү дээ?
-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ажиллахад тодорхой хугацаа шаардах байх. Том төслүүд учраас шийдэх олон асуудал байгаа нь мэдээжийн хэрэг. Тиймээс энэ удаагийн айлчлалаар төмөр зам, Таван толгойн асуудлыг түр хойшлуулаад, магадгүй Хятадын талаас том дарга Монголд айлчлах үед эцэслэн шийдвэрлэх болов уу. Одоогоор хоёр тал тохиролцсон мэдээлэл алга. Гэхдээ хоёр орны Засгийн газар болон холбодох албаны хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа байх. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа “Таван толгойн төслийг цогцоор нь шийднэ. Хятадын талтай ярилцана” гэж ярьж байсан шүү дээ. Тиймээс энэ ажил эрчимтэй явж байгаа байх гэж найдаж байна.
-Хятадын талын амласан зээл, тусламжуудыг урагшлуулах тал дээр ямар ахиц гарав?
-Манай улсад олон асуудал бий. Тэр дундаа түгжрэл, утаа, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх гээд тулгамдсан асуудлууд байгаа. Ерөнхий сайдын айлчлалаар Төв цэвэрлэх байгууламжийг барих хөрөнгийн асуудлыг шийдэж чадлаа. Хятадын тал өмнө манай улсад нэлээд олон тэрбум юаниар яригдах буцалтгүй тусламж, олон зуун саяар тоологдох хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ярьж байсан. Энэ нь олон шалтгааны улмаас зогсонги байдалд орчихсон байв. Харин Ерөнхий сайдын айлчлалын гол үр дүнд зээл тусламжийг ашиглах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болсон нь сайн хэрэг. Улаанбаатар хотод давхар зам, гүүр барилгын ажил, гэр хорооллын дахин төлөвлөлтийн гээд олон чухал ажлууд эрчимжихээр болж байна. Хятадын зээл тусламж, Монголын эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ Энэ үүднээс нь үзвэл Ерөнхий сайдын айлчлал тодорхой үр дүнтэй байлаа.
-Айлчлалын багт бизнес эрхлэгчид түлхүү явах шиг болно лээ. Хоёр улсын бизнесийн салбарынхны форум болж, 4.6 тэрбум ам.долларын санхүүжилттэй 36 гэрээ хэлэлцээрийг байгууллаа гэж мэдээлж байна. Эдгээрээс ойрын хугацаанд үр, өгөөжөө өгөх ямар төслүүд байна вэ?
-Ер нь манай хоёр улс зах зээлийн эдийн засгийг голлосон. Хувийн өмчийн компаниуд үүрэг хариуцлага хүлээгээд бие даагаад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал руугаа явж байгаа. Энэ үүднээс үзэх юм бол бүх асуудлыг хоёр улсын төр засаг, төрийн өмчит компаниуд гүйцэтгээд байх шаардлагагүй юм. Юм болгонд улсын оролцоо орох нь таатай зүйл биш. Олон тооны гэрээ хэлцлүүд аль зэрэг үр ашигтай, хэр зэрэг бодитой байна вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Энэхүү 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй, 36 төсөл хэрэгжиж чадах юм бол аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээврийг хөгжүүлэхэд чухал төслүүд харагдаж байна лээ. Одоогоор цаасан дээр гарын үсэг зураад явж байна. Удахгүй хэрэгжих байх.
Ер нь улс орныг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд авч явах ёстой. Монголд олон тооны компани хүчирхэгжээд эдийн засгаа аваад явж байвал улс орон хөгжинө шүү дээ. Жишээлбэл,Солонгост “Hyndai”, “Dewoo” зэрэг том компаниуд аваад явж байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар бизнесийн болоод хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх систем рүү орох ёстой. Манай үе, үеийн Засгийн газрын том алдаа нь бүх асуудлыг өөрөө хэрэгжүүлэх гээд оролцоод байдаг. Тэрэнд нь парламентын гишүүд ч ордог. Уг нь Монгол Улсын эдийн засаг хурдтай тэлмээр байна шүү дээ. Жалга довны асуудлыг шийдсэн жижигхэн компаниудын жижигхэн улс төр яваад байвал хэзээ ч хөгжихгүй. Томоохон компаниуд нь гараад том төслүүд нь урагшлаад явах ёстой.
Өнгөрсөн хугацаанд Таван толгойн, Бөөрөлжүүт, Тэвш, Тавдугаар цахилгаан станцууд гээд арав гаруй том төслүүд яригдсан боловч нэг нь ч хэрэгжээгүй байна. Харин сэргээгдэх ганц, хоёр төсөл нь л явлаа. Ойрын үед тун дөхсөн ажил нь Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам байна. Одоо төмөр замаа хурдан бариад нүүрс тээвэрлэлтээ шийдвэрлэх хэрэгтэй.
-Ерөнхий сайд БНХАУ дахь айлчлалаа дуусгангуутаа өчигдөр Гашуунсухайт дээр очсон байна. Ер нь энэ нүүрсний нэвтрэлтийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ?
-Тавантолгой бол Оюу толгойн дараа орох хоёр дахь том төсөл. Энэ том төслийн цаана том улсын том эрх ашиг байгаа нь ойлгомжтой. Энэ бол хоёр улсын Таван толгойн яриа хэлэлцээ шийдэлд хүрээгүйн илрэл юм. Тэгэхээр үүнийг Далай лам юм уу, Ерөнхийлөгчийн Орос руу илүү хандлагатай байгаагаар тайлбарлахад өрөөсгөл асуудал. Энэ асар том ордыг Монгол Улс яаж ашиглах гээд байна вэ гэдэг шийдлийг хятадууд хараад хүлээгээд байна л даа.
-Хятад улс нүүрстэй орон. Дэлхийн хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрсний хэрэглээнээс татгалзаад байгаа. Тэгсэн хэрнээ яагаад Монголын нүүрсийг сонирхоод байна вэ?
-Үнэндээ Хятад улсын бодлого гадагшаа хөрөнгө оруулалт хийж, стратегийн чухал ордуудыг хамтран эзэмших, эсвэл нөлөөгөө тогтооход оршиж байна. Нөгөө талаас Хятад нүүрснээс татгалзаж байна уу, Хятадын нүүрс хангалттай байна уу гэдгээс хамаарахгүйгээр “Бүс нутгийн нөлөө бүхий том ордод бид оролцохгүй бол болохгүй” гэсэн стратеги бодлого сонирхол байна. Мөн Хятадын бизнесийн ухаанд Монголын нүүрс хямд, чанартай бүтээгдэхүүн. Ийм нүүрсийг аваад дахин ре-экспорт хийх сонирхол давамгайлж байгаа. Бид нүүрсээ гүн боловсруулаад Хятадын нутгаар дамжуулж Япон, Солонгос руу гаргах юм бол урд хөршид ямар ч хүртээмжгүй. Тэдэнд өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр нүүрс тээвэрлэх сонирхол байхгүй. Тиймээс бид том төслүүддээ далайцтай бодлогоор хандах ёстой. Жижиг бодлогоор хандвал Монгол Улс ирээдүйд стратегийн том орд дахь хяналтаа алдах эрсдэлтэй. Эргээд улс төрийн том асуудал үүснэ. Тиймээс болгоомжтой хандах ёстой.
-У.Хүрэлсүхийн айлчлалаар Бөөрөлжүүтийн дулааны станцын төслийг урагшлуулах тал дээр гарын үсэг зурсан гэл үү?
-Бөөрөлжүүт дээр миний мэдэхийн хоёр, гурван удаа гарын үсэг зурсан. Тэр төслийг одоохондоо үнэлэх эрт байна. Эндээс нэг зүйл анхаарал татаж байгаа. Манай улс нүүрсний арвин баялагтай. Одоо зөвхөн өрмийг нь л аваад байна. Цаана нь эрчим хүч үйлдвэрлэх хүрэн нүүрс нь үлдээд байдаг. Үүнийг ашиглах хамгийн хялбар арга бол цахилгаан эрчим хүч болгох юм. Ер нь Хятадын тал манайхаас эрчим хүч импортлох сонирхолтой. Бөөрөлжүүтийн тухайд дулааны болон цахилгаан станц гэсэн хоёр хувилбар дээр талууд гарын үсэг зурж байсан. Цахилгаан станц хоёр үүрэгтэй. Нүүрсээ шатаагаад усаа халаагаад уур болгож эрчим хүч үйлдвэрлэдэг. Том хот, хэрэглэгч олонтой газрууд руу тэр халаасан усаа дулаан болгож түгээдэг. Бөөрөлжүүт дээр хот байхгүй учраас шууд эрчим хүч үйлдвэрлэх байх. Тэр хол газраас энэ хүртэл дэд бүтэц татахгүй нь ойлгомжтой. Магадгүй тэр хэсэгтээ өвөл, зунгүй байнгын үйл ажиллагаатай цогцолбор үйлдвэр байгуулж болно.
-Энэ удаагийн айлчлалаар гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд зоогдсон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх тал дээр яриа өрнөв үү?
-Айлчлалын үеэр анхаарал татсан өөр нэг асуудал бол ирэх зургадугаар сард Циндао хотноо болох ШХАБ-ын хурлын үеэр гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг хөндсөн явдал байлаа. Эдийн засгийн коридорын хүрээний 32 төслөөс бид төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах дэд бүтцийн асуудалдаа түлхүү анхааръя гэсэн байна. Бодитой нэг төслийг ч хамаагүй дуусгаад үр дүнг нь үзэх ёстой. Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих 32 төсөл дотор боловсруулалтын түвшин болоогүй, хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй, яригдаж байсан асуудлуудаа ч оруулчихсан байгаа юм. Цөөхөн төслүүдэд хүч, анхаарч төвлөрүүлээд илүү ахисан байдлаар явуулах хэрэгтэй.