Улаанбаатарыг минь амар амгалангийн хот гэж дэлхийгээрээ нэг ярьж байна. Амар амгалан хотын тухай энэ яриа Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёрын уулзалт болно гэснээс эхтэй л дээ. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Хойд Солонгосын удирдагчийн уулзах хүсэлтийг уламжилсан юм. Хариуд нь Д.Трамп ч зөвшөөрсөн хэрэг. Гэхдээ уулзах газар, хугацаагаа товлоогүй.
Хэрэв энэ хоёр уулзвал түүхэн уулзалт болно. АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч нь Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байсан удаагүй. Тэр хоёрын уулзалт хаана болох вэ гэдэг одоо ч халуун сэдэв хэвээрээ байгаа. Хэдийгээр Хойд Солонгосын тал Пхеньянд уулзах хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл явж байгаа ч үүнийг Д.Трамп хүлээж авахгүй болов уу гэсэн ажиглагчдын байр суурь их байна. Ингээд дэлхийн хэвлэлүүд Ким Жөн Ун, Д.Трамп хоёрын уулзаж болох хамгийн тохиромжтой улс орнуудыг нэрлэж эхэлсэн. CNN, ИТАР ТАСС, Вести, Newsru.com, BBC мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн сүүлийн мэдээллүүдэд уулзалт Монголын нийслэл Улаанбаатарт болох магадлалтай талаар дурдаж байна. Олон улсын тоймч, судлаачид ч Улаанбаатарыг хамгийн байж болох хувилбар гээд чухам яагаад уулзалдаж болохоор тоймлож байна.
Дэлхийн хэвлэлүүд уулзаж болох хамгийн тохиромжтой, амар амгалан хотоор манай нийслэлийг нэрлээд байгаа нь учиртай. Бид хэнтэй ч мууддаггүй. Хойд, Өмнөд Солонгос, Орос, Хятад, Америк, за тэгээд ер нь аль ч улстай найрсаг харилцаатай явж ирсэн шүү дээ. Манайхан өөрсдөө нийслэлээ түгжрэлтэй, утаатай, тоостой, өмхий үнэртэй гэлцдэг. Тэр яахав бидний асуудал. Харин дэлхий бидний амар амгалангийн хот гэж байгаа нь үнэхээр бахдууштай. Манай улс дайн дажингүй, терроризмгүй, шашин хоорондын мөргөлдөөн, шашны хэт үзэл, дотоодын самуун байхгүй, цөмийн зэвсэггүй. Ойрын бараг зуун жил дайн тулаангүй байсан. 1990 онд нэг нийгмийг огт өөр нийгмээр солихдоо оготны хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн дэлхийн цорын ганц улс. Тэр ч бүү хэл хүн ам цөөн хэрнээ гадны цагаач иргэд ч байхгүй. 2016 оны байдлаар хоёрхон цагаач иргэн бүртгэлтэй гэсэн статистик байдаг. Тэр хоёр нь насаараа 32-ын тойрог хавьд амьдраад тэндээсээ ч бараг холдохгүй насыг барж байгаа хоёр хятад иргэн. Уулзалт болох боломжтой гэж ам өрсөн шаагиад байгаа ийм шалтгаанууд бий.
Энэ уулзалт болох талаар анхны мэдээлэл гарахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын удирдагч Ким нар Улаанбаатарт уулзаж болно. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Бид өмнө нь Япон-Хойт Солонгосын Улаанбаатарын чухал уулзалтыг зохион байгуулж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” гэж жиргэсэн. Трамп цөмийн зэвсэггүй бүсэд уулзах санал хэлсэн. Хоёр талын төлөөллүүд хэд хэдэн удаа нууц уулзалт хийсэн ч уулзах газраа эцэслээгүй учраас дэлхийн хамгийн амар амгалан хот гэсэн мессэж энэ хугацаанд илүү их явж л байг. Энэ нь дэлхийд биднийг сурталчилж байгаа юм. Хэдийгээр бидэнд түм буман асуудал бий ч, түүнээс олон сайн сайхнаа дурдаж болно.
Манай улс АНУ-тай найрсаг харилцаатай. АНУ-ын талаас манайд олон удаагийн өндөр түвшний айлчлал хийж байсан. Ерөнхийлөгч нь ч, төрийн нарийн бичгийн дарга нь ч айлчилж байлаа. АНУ манайд төдийгөөс өдий хүртэл тусламж дэмжлэг үзүүлж байсан. Манай улсыг ардчиллыг тууштай баримтлагч, “Ардчиллын баянбүрд” гэж нэрийддэг. Нөгөөтэйгүүр Хойд Солонгостой манай улс мөн л найрсаг харилцаатай явж ирсэн. Дайны үед Монголд Хойд Солонгосын олон өнчин хүүхэд өссөн гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Тэгэхээр уулзалт нэгэнт Ази тивд, тэр тусмаа цөмийн зэвсэггүй нутаг дэвсгэрт гэвэл амар амгалан Улаанбаатарт яагаад байж болохгүй гэж. Хоёр удирдагчийн уулзалтын гол сэдвийн нэг нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар. Манай улс цөмийн зэвсгээс ангид статустай. Олон улсын уулзалт, АСЕМ зэргийг хийж байсан туршлагатай.
Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны өвөө Ким Ир Сен нь Монголд ирж байсан. Бүр хоёр удаа. 1956, 1988 онуудад ирэхдээ эхний удаа нь онгоцоор дараагийнхад нь вагоноор ирж байсан. Ким Ир Сен Монголын нэгэн үеийн удирдагчид болох Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нартай Хар далайд амарч, түүний хүү одоогийн удирдагч Ким Жөн Уны аав Ким чин Ир нь манай удирдагчдын хүүхдүүдтэй тоглож явсан нандин дурсамж бий.
Магадгүй Трамп, Ким Жөн Ун хоёрын уулзалт огт болохгүй байж ч болох юм. Эсвэл Улаанбаатарт уулзалтаа хийхгүй ч байж болно. Хамгийн гол нь энэ хоёрын уулзалт Монголын нийслэл Улаанбаатарт болж болох боломжтой. Учир нь амар амгалан газар гэж дэлхийгээр ярьж, томоохон хэвлэлүүд уулзалт болох газар Улаанбаатар байж болох хамгийн магадлалтай гэж үзээд тэр нь мэдээлэгдэх нь л чухал байгаа юм. Тиймээс тэр хоёрын ирэх ирэхгүй хамаа алга. Ирвэл сайн л биз. Энд уулзалт болохгүй байсан ч амар амгалангийн хот гэдгийг гадныхны хэлдгээр бол брэнд болгох хэрэгтэй. Амар амгалангийн хот гэдэг бол биднийхээр бэлгэ тэмдэг юм. Энэ давуу талаа улам сайн сурталчлах хэрэгтэй.
Дэлхий энэ уулзалтыг улс төрийн талаас нь харж байгаа. Скандиновын орнуудыг дэлхийн амар амгалангийн бүс гэдэг ч Хойд Солонгос бол энэ улсуудыг барууны ертөнц л гэж харна. Трамп барууны бус орнуудыг пост коммунист бүс гэж харж байгаа. Тэгэхээр түүний сонголт биш болж таарна. Дээрх улсууд улс төрийн талаасаа хоёулангийх нь боломжит сонголт биш болж таарч байна. Улаанбаатар бол өөрөө энэ хоёр бүсэд алинд нь ч дангаараа харьяалагдахгүй. Ямар ч зөрчилгүй байдаг улс. Уулзалт хийх газар луу хүрнэ гэдэг Ким Жөн Ун-д хүндхэн. Тэгэхээр тэртээ он жилд Монгол руу ирсэн өвөөгийнхөө замаар хуягт галт тэргээр хүрч ирэх боломжтой. Монгол бол улс төрийн хувьд уулзалт хийгээд явахад амар амгалан хот шүү. Уулзах цэг чинь Улаанбаатар байг. Тэр болтол дэлхий биднийг амар амгалан диваажингийн улс гэж шаагьж л байг.