Categories
мэдээ нийгэм

ТҮҮХИЙН ЖИМЭЭР…: Хоёр хөршийн “Хэрүүлийн том алим” буюу түүхэн сургамж

Айгуний болон Бээжингийн гэрээгээр шилжсэн газар нутаг

“Хэрүүлийн алим” гэсэн хэлц үг бий.Тэгвэл бас хэрүүлийн томоос том алим гэж байдаг юм байна. Энэ нь хоёр удаагийн хэлэлцээрээр хятадын нутгаас оросууд авчихсан бидний зүгийн муу зүүн хойно орших газар нутаг юм. Монгол Улсын газар нутагтай хэмжээгээр яг адилхан учраас л том гэхээс өөр аргагүй. Энэ хэрүүл хэзээ нэгэн цагт дахин эхлэхэд монголчууд аль нэг тал руу нь хальтраад орчихолгүй, хоёр хөршийнхөө дунд дэлхийн II дайны үеийн Швейцарь шиг бүрэн бүтэн үлдэхийн тулд манай иргэн бүр энэ явдлыг ялангуяа түүхэн сургамжийг нь мэдэж байх зайлшгүй шаардлагатай юм. Энэхүү хэлэлцээрүүдийг ойлгохын тулд “Хар тамхины” гэгддэг I болон II дайныг мэдэх ёстой. Үүнийг мэдэхийн тулд Крымын дайныг мэдэх ёстой. Үүнийг ойлгохын тулд Осмааны эзэнт гүрний үүсэл мөхлийг мэдэж байх ёстой болж байгаа юм. Иймээс Осмаанаас нь эхэлье.

Манай эриний өмнөх 27 оноос манай эриний 476 он хүртэл 16 зуун буюу 1600 жил дамжин оршсон Ромын эзэнт гүрэн цагийн эрхээр сулран Өрнө буюу Баруун, Зүүн буюу Дорно гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа.

ОСМААНЫ ЭЗЭНТ ГҮРЭН

Баруун Ромын Британий арлыг 440 оны үед англи, саксчууд болон ютачууд эзлэн суув. 450 болон 452 онд хүннүгийн довтолгоон энэ улсыг ихээхэн сулруулав. 455 онд босогчид Ромыг эзлэн сүйтгэж Сицил, Сардин болон Корсик арлуудыг эрхэндээ оруулав. 475 онд бургундчууд Рон голын сав нутгийг эзлэн Бургундын хаант улсыг зарлав. Эцэст нь Баруун Ромын сүүлчийн хаан Ромул Август 476 онд хаан ширээнээс зайлуулагдлаа. Ийнхүү Баруун Ромын эзэнт гүрэн 395 – 476 он хүртэл 81 жил оршин 476 оны есдүгээр сарын 4-нд оршин тогтнохоо болив. Харин Дорнод буюу Зүүн Ромын гэгддэг Византийн эзэнт гүрэн 395-1453 он хүртэл 977 жил оршин тогтносны эцэст турк-османы цэрэгт бут цохигдон түүх болон үлдлээ. Византи гэдэг нь өнөөгийн Станбул хот бөгөөд Константинополь гэдэг нь иргэдийн дунд тархсан энэ хотын албан бус нэр юм. Византиин суларч байсан үе буюу 14 дүгээр зуунд турковгуудаас бүрдсэн Анатолnиулс Византийн мэдлийн хэсэг нутаг болох Бага Азид бий боллоо. Анатолии гэдэг нь барууны, өрнийн гэсэн грек үг бөгөөд тухайн үедээ одоогийн бага Азийг ийн нэрлэж байв. Ийнхүү эрхшээлдээ оруулсан газар нутгийн хэмжээгээр монголчуудын дараа орох Оттоманы буюу Осмааны эзэнт гүрэн бий болж 1922 онд бие даасан Турк улс бий болтол оршин тогтносон юм. Анатолии улсын бүрэлдэхүүнд байсан овгуудын нэг нь бусдыгаа нэгтгэн захирсан бөгөөд энэ овгийн тэргүүн нь Осмаан (Оттоман) нэртэй байжээ. Ийнхүү энэ эзэнт гүрэн анхныхаа султаны нэрээр нэрлэгдэн түүхэнд үлджээ.

Харин дэлхийн нэгдүгээр дайны сүүлчээр туркийн арми, курд, турк, черкес, туркмен цагдаа нар нутгийн уугуул үндэстэн болох шашин өөр грек, ассир, армян, христийн шашинт езид курд нарыг хайр найргүй хомроголон устгасан юм. Үүнийг геноцид гэдэг. 1915 оны дөрөвдүгээр сард армянчуудыг устгасан геноцид эхлэв. Ийнхүү эзэнт гүрний хагаран бутралт эрчимжиж “өрөм гаднаасаа төдийгүй дотроосоо өтөв”. Удалгүй 1916 онд Ойрхи Дорнодод арабуудын хүчит бослого дэгдэж Антантын гэрээний эвслийн улсуудад ашигтай байдал авчрав. 1918 онд Мудросскийн найрамдлын тохиролцоогоор дэлхийн нэгдүгээр дайн дуусав. Османы эзэнт гүрний газар нутгийг ялсан улсууд хуваан мэдэлдээ авлаа. Антантын эвслийнхэн Константинополь болон Измир гэсэн далайн боомт хотуудыг эзлэн авсан нь туркийн үндэсний хөдөлгөөн үүсэхэд шууд нөлөөлөв. Туркийн тусгаар тогтнолын төлөө, шинэчлэгч, улс төрч, төрийн зүтгэлтэн, гарамгай жанжин, Туркийн бүгд найрамдах намын анхны дарга, Турк улсын анхны ерөнхийлөгч Мустаф Кемал Ататюркээр удирдуулсан эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан 1919-1922 оны дайн ялалтаар дуусаж 1922 оны арваннэгдүгээр сарын 17-нд Османы эзэнт гүрний сүүлчийн султан хаан, Антантын улсуудын байгуулсан тоглоомын улсын тэргүүн Мехмед VI-ийг эх нутгаасаа хөөн гаргав. 1923 оны аравдугаар сарын 29-нд өнөөгийн Турк улс тусгаар тогтнолоо зарлав. Ийнхүү 623 жил оршин тогтносон Османы эзэнт гүрэн түүх болон үлдлээ.

XIX зууны Манж Чин улс Европчуудад хаалттай баян чинээлэг улс байжээ. Энэ нь өөрсдөө иргэдийнхээ хэрэгцээт бүх зүйлийг үйлдвэрлэж гадны гарыг хардаггүй байсан гэсэн үг. Харин евопчууд энэ улсаас шаазан эдлэл, торгоноос авахуулаад маш олон зүйлийг экспортлон авдаг байв. Энэ нь гадаад худалдааны алдагдлыг бий болголоо. Энэ үед манафактур дээрээ уурын хөдөлгүүрийг инноваци болгон нэмэн жинхэнэ аж үйлдвэржсэн улс болж, эдийн засгийн шинэчлэл хийсэн Англи тэргүүтэй улс цэрэг, техникийн ололт амжилтандаа тулгуурлан нөлөөгөө тэлэхэд бэлэн болоод байв. Хүн ам нягт сууршсан олон иргэдтэй Манж Чин улс Европын маш том зах зээл болох байлаа. Гэвч манжууд “цагаан луйварчдыг цухуйлгаж ч болохгүй” гэсэн хатуугийн хатуу, хаалттай бодлого баримталж байв. XIX зууны дунд үед Европын наймаачид зөвхөн Гуанжоу боомтод наймаа хийдэг бөгөөд тус боомтод байрлах газраас цааш ганц ч алхах эрхгүй байв. Европчуудтай худалдаа хийх эрхтэй манжийн 13-хан компани байсан учир дуртай цагтаа үгсэн хуйвалдаж үнээ нэмж байлаа. Энэ 13 компанийг улсаас хатуу хянаж улсынхаа тухай ямар нэгэн мэдээ европ худалдаачдад дамжуулах, хятад, манж хэл заахыг хатуу хориглож зөрчвөл бөндгөртэй нь ярьдаг байжээ. Эдгээр компаниуд бараагаа зөвхөн алт, мөнгөн зоос, гулдмайгаар зардаг тул европт үнэт металлын хомсдол үүсэж ялангуяа фунтстерлингийнхан шуналаа. Иймээс европчуудад худалдааны алдагдлыг засан хятадад маш их эрэлт үүсгэн завсаргүй зарагдах бараа олох хэрэгтэй болов. Үүнийгээ ч олов. Энэ нь хар тамхи байлаа.

МАНЖ ЧИН ГҮРЭН

XVIII зуунаас Энэтхэгийн худалдааг хариуцсан Английн ”Ост-Инд”компани Бенгалийн хар тамхийг худалдан авах монополь эрхтэй байжээ. Энэ компани XIX зууны эхээр хар тамхиа хятадын зах зээлд амжилттай борлуулж эхэлсэн байна. 1834 оноос энэ компаниас гадна олон англичууд хар тамхины наймаа эрхлэх болж монополь эрх цуцлагдсанаар хятадад нийлүүлдэг хар тамхи хэдэн арав дахин нэмэгдэв. Үүнээс өмнө Манж Чин улс хар тамхийг маш бага хэмжээгээр, зөвхөн эмийн зориулалтаар хэрэглэдэг байжээ. Ийнхүү Манж Чин улсад хар тамхи тахал болон тархаж удалгүй жирийн иргэдээс гадна төрийн албан хаагчид, цэрэг армийнхан хүртэл хэрэглэдэг болов. Англичууд хар тамхийг зөвхөн цэвэр мөнгөөр зарж байсан нь гадаад худалдааны алдагдлыг арилган бүр ашигтай болгож үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол барих боломжтой болгов. Манж Чин улсын хаан зүгээр байсангүй. Хар тамхийг хориглосон маш хатуу арга хэмжээ авч явууллаа. Ингээд хар тамхины гэж нэрлэгдсэн дайн эхлэх боломж хоёр талаасаа бүрэн бүрдэх нь тэр. 1840 онд Манж Чин улсын усан хилд английн флот хүрч ирэв. Ингээд Манж Чин улсаас хурааж авсан хар тамхины үнийг төлөх, адил тэгш эрхтэйгээр худалдаа явуулах боломж олгохыг шаардав. Бээжин зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн боловч барууны зэвсгийн хөгжлийн өмнө хүчин мөхөсдөв. Англичууд чухал түшиц газруудыг ээлж дараалан эзлэн авч бүр Бээжинд тулж ирлээ. Ингээд удтал хэлэлцсэний эцэст 1842 оны наймдугаар сарын 26-нд Нанхийны энхийн хэлэлцээр байгуулагдаж Бээжин, Лондонд олон сая мөнгөн зоос төлөх, Хонгконк арлыг Английн мэдэлд өгөх, далайн гол боомтуудаа английн худалдаачдад нээх үүрэг хүлээлээ. Үүнээс нэг их удалгүй Крымын дайныг амжилттай дуусгасан Англи, Францчууд Бээжинтэй дахин байлдах шалтаг хайж эхлэв. Ийм шалтаг ч олдлоо. Манж Чин улс Английн далбаатай Хонгконкийн “Эрроу” гэх худалдааны хөлгийг далайн дээрэм хийсэн хэмээн олзлон авсан нь дайн хийх сайхан шалтаг болов. Энэ удаа Манжийн эсрэг анличуудаас гадна холбоотон францчууд ч хамтран довтлов. 1857 онд англичууд Гуанжоу боомтыг эзлэн авав. Гэтэл Энэтхэгт сипаечуудын зэвсэгт бослого гарсан нь байлдааныг цаашид өргөжүүлэх англичуудын боломжийг хаав. Ингээд 1858 онд энхийн хэлэлцээр эхэлжээ. Англи, Франц болон Манжийн хэлэлцээрт орос, америкчууд хүртэл оролцов. Оросууд сиймхийг ашиглан манжуудтай дангаар гэрээ хийж хүн амсаад байх юмгүй ч маш их баялагтай, далайд гарах чухал түшиц газар болох нэг сая ам. км газар нутгийг нь салгаж амжив. Энэ үед хятадууд гадны шахалтнаас гадна дотооддоо Манжуурт гарсан бослогыг яая гэж байсан учир англи, франц, америкийн бүх болзлыг хүлээн авсан Тяньжины гэрээ байгуулагдав. Ийнхүү европчууд Манж Чинулсын бүх нутагт чөлөөтэй худалдаа эрхлэх эрхтэй болж хэд хэдэн далайн чухал боомтуудад нэмж эзэн суух болсон төдийгүй хятадад христийн шашин дэлгэрүүлэх эрхтэй болжээ. Гэхдээ энэ гэрээг Манжийн эзэн хаан баталж байж хэрэгжих байв. Иймээс хаан элдэв шалтаг заан гэрээг баталсангүй. 1860 оны зун англи, францын шинэ довтолгоо эхлэв. Энэ удаа далайгаас гадна хуурай замаар довтолжээ. Харин манжууд тэдний эсрэг монгол цэргүүдийг татан авчирсан байлаа. 1860 оны есдүгээр сард монголын Сэнгэринчин ноёноор удирдуулсан манжийн(тэр үед хятад иргэд цэрэг болох эрхгүй байв) 60 мянга орчим цэрэг англи, француудыг довтлон жижиг тулаанд амжилт үзүүлж байсан ч шийдвэрлэх тулалдаанд 3000 цэрэг 27 үхэр буугаа алдан ялагджээ. Бялтат буунд цахиур буу, их буунд үхэр буу ялагдав. Торох саадгүй болсон гадны цэргүүд ялалт байгуулсаар Бээжинд нэвтрэн орж эзэн хааны зуны ордныг тонон дээрэмдэв.Манжийн эзэн хаан Сяньфэн нутгийнхаа захад байх ордон руу зугатсан учир гэрээ байгуулах хүн байсангүй. Үүнийг оросууд овжноор ашиглан зуучлагч болов. Англи, францчуудад Крымын дайнд ялагдсан оросуудад Манжийн нутгаас ирээдүйд хэрэг болох түшиц газар аргалж аван сэтгэлээ цайруулахаас өөр зам үлдсэнгүй. Ингээд Бээжингийн гэрээ байгуулагдан манжаас бусад нь сэтгэл амар үлдэв. Энэ гэрээнд АНУ, оросууд хүртэл оролцож өөрсдийн эрх ашгийг хангав. Манжууд газар нутгаасаа оросуудад нэмж алдан, англи, францчуудад дайны төлбөр төлөхөөс гадна бүр олон шинэ боомтуудад эзэн суух эрх найр тавин өгч “кули” гэх хямд ажиллах хүч болсон хятадуудыг европт гаргахыг зөвшөөрчээ. Ийнхүү манжийн гүрэн европыг хямд бараа,түүхий эд болон ажиллах хүчээр хангадаг хагас колони байдалтай улс болов. Энэ байдал ХХ зууны хагас хүртэл үргэлжилсэн бөгөөд Маогийн тэргүүлсэн коммунистуудын ачаар дахин бие даасан нэгдмэл улс болсон билээ. Харин одоо Манж Чин улсын 1 500 000 ам.км газар яагаад оросуудын мэдэлд шилжсэнийг арай тодруулъя.

XVI зуунаас оросууд байгалийн баялаг ихтэй Алс Дорнодыг сонирхох болж 1587 оноос орос иргэдийг Байгал нуур болон Амар мөрний орчим байгалийн хишиг ялангуяа үслэг ан олзворлуулан суурьшуулах болов. 1650 оноос эхлэн орос манжууд энэ нутгийг булаацалдан 40 жилийн турш байсхийгээд л зэвсэгт мөргөлдөөн хийсний эцэст 1689 онд Нерчинскийн гэрээ байгуулж Амар мөрний орчим нутаг манжийн мэдэлд үлджээ. Гэхдээ нарийн хил гэж байсангүй. 1858 онд Амар мөрний орчим нутаг, Камчатк, Уссурийн хязгаарыг нэгтгэсэн Приморимуж байгуулагдав. Эцэст нь 1858 оны тавдугаар сарын 28-нд манжийн Айгунь хотод энхийн гэрээ байгуулагдлаа.Түүхэнд “Айгуний гэрээ” гэж нэрлэгдсэн энэхүү гэрээгээр хар тамхины хоёрдугаар дайнд ялагдаад байсныг нь далимдуулан Амар мөрний эргээр хил тогтоох гэсэн оросын саналыг хоёр фронт дээр тулалдахгүйн тулд манжууд хүлээж авахаас өөр арга байсангүй. Мөн Амар болон Уссур мөрнөөр зөвхөн манж, оросын хөлөг явах эрхтэй боллоо. Энэ нь тухайн нутагт барууны улсууд нэвтрэхийг хорьсон хаалт байв. Ингэснээр манжууд “Эзэн хааны ангийн дархан цаазат газар” хэмээн монгол цэргүүдээр мануулан хятадуудын хөлийг хорьж байсан нэг сая орчим ам.км газар нутгаа оросуудад алджээ. Удалгүй оросууд манжийн арга ядсан байдалд орсныг нь ашиглан зэвсгийн болон мөнгөн тусламж үзүүлэх болзолтойгоор 1860 оны Бээжингийн гэрээгээр Амар мөрний хилийг тэлж Ус сурийн хязгаарын 500 мянга гаруй ам.км газрыг нэмж авчээ. Хоёр хөршийн хэрүүлийн алим буюу байгалийн асар их баялагтай, бараг хүн суудаггүй, далайн гарц бүхий 1 500 000 ам.км нутаг хятадаас оросуудад шилжсэн түүхийг товч дурдвал ийм байна. Гэхдээ энэ түүх монголчууд бидэнд “Сиймхий гаргаж болдоггүй юм байна” гэсэн түүхэн сургамж үлдээсэн нь маш чухал юм. Харин сиймхий гаргахгүй байхын тулд, Нэгдүгээрт газар нутгаа эзэнгүй үлдээж болдоггүй юм байна. Эзэнтэй болгохын тулд орон нутагт яг л оросууд эзэнгүй нутагт иргэдээ яаж суурьшуулсан тэр аргыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь хөдөө орон нутагт олон улсын конвенци болон одоо байгаа хуулийн дагуу байгалийн баялгийг зохистой ашиглах боломж олгон валютын тогтмол орлоготой дундаж давхаргыг бий болгож эзэн суулгах явдал юм. Хоёрдугаарт гадны иргэдийн хэрэгцээнд нийцсэн өндөр технологи буюу оюуны өмч шингэсэн инноваци бүхий бараа бүтээгдэхүүн экспортолж гадаад худалдааны тэнцлийг хангах. Иймд төрийн авлига, хүнд суртлыг арилгахын тулд яам агентлагуудыг цомхотгож, баялаг бүтээгчдэд саад болдог бус дэмждэг тогтолцоонд яаралтай шилжих. Гуравдугаарт гадны хөрөнгө оруулалт буюу хоёр, гуравдахь хөршийн эрх ашгийг хамгаалах. Энэ нь гадныхныг ад үздэг манжууд шиг үзэл бодол гаргаж буй хэнд ч гэсэн улс, эх орны эрх ашгийн үүднээс хуулийн дагуу хариуцлага тооцдог болно гэсэн үг. Ингэснээр монголд НҮБ-ын харьяа олон улсын салбар байгууллагууд байрлах боломж бүрдэнэ. Олон улсын байгууллагууд байрлах нь гадны хувь хүн, компаниуд мөнгөө монголд хадгалах баталгаа болно. Иймээс хэрэв бид Улаанбаатарт АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулж чадвал маш чухал ач холбогдолтой том алхам болох нь гарцаагүй. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал хэзээ нэгэн цагт байгалийн асар их баялагтай, далайн гарц бүхий 1 500 000 ам.км газар нутгийн асуудал босож ирэхэд монголчууд бид дэлхийн II дайны үеийн Швейцарь улс шиг бүрэн бүтэн үлдэх нь дамжиггүй. Эцэст нь хэлэхэд англичууд зөвхөн манжид төдийгүй японд үүд хаалгаа нээх болзол зэрэг тавьсан юм. Япончууд энэ болзлыг хүлээн авч удалгүй аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болсон. Хэрэв манжууд япончууд шиг нээлттэй бодлого явуулсан бол мэдээж энэ их баялагтай өргөн, уудам газар нутгаа алдахгүй байсан. Гэхдээ монголчууд бидний хувь заяа хэрхэх байсан бол.Түүх эсрэгээрээ давтагддаг болохоос эргэж буцдаггүй нь юутай сайхан.

Г.АМАРСАНАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *