Францын Ampere цахилгаан онгоц. 2 цагт 500 км зургаан зорчигчтой туулна. Цаашлаад 50-80 зорчигчтой болгох зорилт тавьж байна
БАЛ ЧУЛУУ
Бал чулуу буюу графит нь шохойн чулуу, органик бодисоор баялаг занар болон нүүрсний үеүдэд оршдог байна. Нэрний гарал үүсэл нь “бичих” гэсэн Грек үгнээс гаралтай аж. Бал чулуунд 1789 онд А.Вернер нэр өгчээ. Сонирхолтой нь бал чулуу алмаас хоёр ижил бодис, өөрөөр хэлбэл цэвэр нүүрс төрөгчөөс бүтсэн эрдэсүүд. Гэхдээ бал чулуу маш зөөлөн, алмаас нь хамгийн хатуу, өндөр үнэтэй эрдэнэсэд тооцогдогдоно. Бал чулуу нь цахилгаан дамжуулдаг бол алмаас цахилгаан дамжуулдаггүй тусгаарлагч гэх мэт хоорондоо маш их ялгаатай аж. Энэ бүх ялгаа нь нано хэмжигдэхүүнд байх нүүрстөрөгчийн атомуудын бүтцээс шалтгаалдаг байна. Нэг зүйлээс гаралтай ч атомын бүтэц нь өөр учраас шинж чанарын хувьд маш их ялгаатай юм. Яагаад ижил химийн найрлагатай эрдсүүд өөр өөр харагдах байдалтай байдаг вэ.
Эрдсийн хувийн жин нь үүний шалтгаан болдог. Алмаас нь бал чулуунаас хамаагүй илүү нягттай байдаг. Эрдсүүдийн нягтын ялгаа нь тухайн эрдэс үүссэн гадаад орчны даралтнаас хамаардаг. Алмаас нь 150 км-ийн гүнд байх бөгөөд гадаад орчны даралт нь өндөр учир нүүрстөрөгчийн атомууд илүү чигжүү байдаг. Харин бал чулуу нь даралт багатай нөхцөлд үүсдэг учир зөөлөн байдаг. нүүрстөрөгчийн атомууд бал чулууных шиг илүү нээлттэй болдог. Бал чулуу 50-60 км-ийн гүнд үүснэ.
АНУ-ын Тесла моторс цахилгаан машин. 142 мянган долларын үнэтэй. Аккумляторын нэг цэнэгээрээ 411 км замыг туулна
БАЛ ЧУЛУУНЫ ХЭРЭГЛЭЭ
Дэлхий дахинд сүүлийн сүүлийн жилүүдэд бал чулууны эрэлт эрс нэмэгдэж байна. Учир нь бал чулуу нь лити ион батарейнд ордог гол түүхий эд юм. Дээрх батерейг зөвхөн автомашинд бус гар утаснаас эхлээд төрөл бүрийн ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглана. Дундаж цахилгаан машин үйлдвэрлэхэд 50 кг орчим бал чулуу ордог гэж үздэг. Хятад улс энэ үйлдвэрлэлд ноёрхож байгаа бөгөөд дэлхийн бал чулууны хэрэгцээний 73 хувийг дангаараа хангадаг байна. Үлдсэн хэсгийг Бразил, Энэтхэг, Солонгос, Канад зэрэг орнууд үйлдвэрлэдэг.
Өнөөгийн нөхцөлд бал чулууны гол хэрэглээ нь шавартай янз бүрийн хувь хэмжээгээр холих замаар өөр өөр хатуулагтай харандааны бал хийдэг. Мөн гулсамтгай чанарыг нь ашиглаж машины эд ангиудад тосолгооны материал болгон ашиглаж байна.
Өндөр температурт хайлдаг, тэсвэртэй бодис, дулаан сайн дамжуулдаг учир хайлах зуух хийхэд ашиглаж, цахилгаан дамжуулах чанараараа цахилгаан эрчим хүчний сайн кондуктор болдог тул электрод хийхэд ашиглаж байна. Бал чулууны хамгийн түгээмэл хэрэглээ нь хуурай зай Li ion батарей юм. Бал чулуу нь хурдтай хөдөлж байгаа нейтронуудыг шингээх чадвартай байдгийг ашиглан цөмийн хуваагдлын урвалын хурдыг хянах цөмийн реакторт ашигладаг. Энэ бүхнээс үүдэн бал чулууны эрэлт өсөхийн хэрээр олборлолт, борлуулалт, үнэ өсч байгаа аж.
БАЛ ЧУЛУУНЫ ДЭЛХИЙН НӨӨЦ
Байгалийн бал чулуу дэлхийн олон улс оронд элбэг тохиолдох бөгөөд янз бүрийн хэрэглээнд олон арван жил ашиглаж байна. Бал чулуу дэлхийн царцдас бүрхүүл дэх хамгийн түгээмэл 15 ашигт малтмалын нэг. Бал чулууны үйлдвэрлэлд арав гаруй орон голлох байр суурийг эзэлдэг. Үүний дотор БНХАУ, Өмнөд Солонгос улс бал чулууны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд Австри улс удаалдаг байна.
БНХАУ-ын цахилгаан машин. Аккумляторын цэнэгээрээ 500 км замыг туулна
Өмнөд Солонгосын Kyeng-Sang аймагт олборлох боломжтой 24, 06, 15 метрийн өргөнтэй гурван давхарга олдсон илэрсэн. Өмнөд Солонгосын бал чулууны нүүрстөрөгчийн агуулга бага бөгөөд ихэвчлэн Япон улсад гангийн үйлдвэрлэлийн зориулалтаар экспортолдог байна. Харин Австри улс бал чулууны их хэмжээний нөөцтэй. Данубай голын зүүн эрэг Данклстейнэр ой бол Мюльдорфын бүс нутагт 64-80 км хүртэл газарт олборлолт явуулдаг. Мюльдорф-д бал чулууны үе 2-40 м хүртэл зузаантай. Зүүн өмнөд Австрид Леоберээс Роттенманн хүртэл 48 км урт бүсэд бал чулууны арвин их нөөцтэй ба хүдрийн 50-60 хувь нүүрстөрөгч агуулдаг. Бал чулууг баяжуулах замаар боловсронгуй болгож, 66-99 хувийн бал чулуу гарган авдаг байна.
Мөн Норвегийн хойд зүгийн Сенья аралд бал чулууны багагүй нөөц байдаг. Баян хэсэг нь 25-30 хувь нүүрстөрөгч агуулдаг. Гэхдээ өнөөгийн тогтоогдсон нөөц эцсийнх биш. Бал чулууны хайгуул бусад түгээмэл тархацтай эрдсүүдийг бодвол харьцангуй бага судлагдсан гэж үздэг. Цаашид шинэ технологи гарсантай холбогдуулан өндөр хөгжилтэй орнууд их хэмжээний хөрөнгө оруулалтыг бал чулууны хайгуул, олборлолт, боловсруулалт, технологийн судалгаанд оруулна. Сүүлийн үеийн судалгаагаар ойрын ирээдүйд хамгийн их хөрөнгө оруулалт татах салбар бал чулууных гэнэ.
БАЛ ЧУЛУУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ НЬ
ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ОЙРОЛЦООГООР 12 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ЭРГЭЛДДЭГ
Байгалийн бал чулууны дэлхийн хэрэглээ 2000 онд 600,000 тонн байсан бол 2011 онд 1.1 сая тонн болж нэмэгдсэн байна. Дэлхийн бал чулууны нөөцийг 2013 оны байдлаар 71 орчим тэрбум тонн гэж үзэж байжээ. Бал чулууны үйлдвэрлэл нь жилд ойролцоогоор 400,000 тонноор нэмэгдэж байна. Өнөөдөр бал чулууны эрэлт 2000 оноос хойш жил тутам 5 хувиар өсч байгаа нь тус эрдсийн үнэ нэмэгдэхэд нөлөөлж, энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт өссөөр байна. Хятад улс нь дэлхийн бал чулууны үйлдвэрлэлийн 70 гаруй хувь буюу жилд 800,000 орчим тонн үйлдвэрлэдэг.
Францын Ситроен цахилгаан машин. Аккумляторын цэнэгээрээ 260 км замыг туулна
БАЛ ЧУЛУУНЫ ИД ШИД БА ИРЭЭДҮЙ
Бал чулуу нь байгальд тохиолддог түгээмэл эрдэст тооцогддог тул сүүлийн 50-иад жил олны анхаарлыг нэг их татаагүй аж. Харин дэлхийн дулаарал үүссэнтэй холбоотойгоор улс орны Засгийн газрууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зорилт тавьсан нь энэ эрдсийн нэр нэр хүндийг өргөсөн гэдэг. Түүнээс дутуугүй бал чулууны эрэлтийг нэмсэн зүйл нь гэр ахуйн бичил цахилгаан хэрэгсэл. Гар утас, сахлын машин, гар чийдэн, тэр бүү хэл хүүхдийн унаж зугаацдаг болсон машинууд анх бал чулууны хэрэгцээг нэмэгдүүлэх суурийг тавьжээ. Улмаар томоохон цахилгаан хэрэгслүүд батерейгаар ажилладаг болсон сүүлийн арваад жилд бал чулууны хэрэглээг гурав дахин нэмжээ. Бал чулуу нь бидний нэрлэж заншсанаар батерей, акуммлятор буюу цэнэг хураагуурын үндсэн түүхий эд юм. Сүүлийн жилүүдэд эрэлт нэмэгдсэн нь цахилгаан автомашин, онгоц, тэр бүү хэл галт тэрэг үүсч байгаатай холбоотой. Дулаан уур амьсгалтай орнууд ойрын жилүүдэд эрчим хүчний хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьж байгаа нь нь ч бал чулууны үнэ, хэрэглээг нэмэгдүүлнэ. Сүүлийн жилүүдэд хамгийн их хурдтай хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа салбар бол сэргээгдэх эрчим хүчний салбар. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, озоны цоорхойтой холбогдуулан дэлхий томоохон гүрнүүд СОР 21 хэмээх чуулганыг Парист зохион байгуулсан. Энэ чуулганаас том гүрнүүдэд нүүрсний хэрэглээг бууруулж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалжээ. Түүгээр ч зогсохгүй сэргээгдэх эрчим хүчээр өөрсдийгөө хангахыг зорьж байгаа буурай хөгжилтэй орнуудад багагүй хэмжээний тусламж үзүүлнэ. Өндөр хөгжилтэй орнууд сэргээгдэх эрчим хүчний технологийг хөгжүүлэхийг чармайж байгаа бол буурай хөгжилтэй орнууд сэргээгдэх хүчний түүхий эдийг хайх ажилд багагүй хөрөнгө зарж эхэлж байна. Буурай хөгжилтэй орнуудын үзэж буйгаар өнөөдөр нефть, нүүрс, уран найдвартай эрчим хүчний эх үүсвэр биш. Харин бал чулуу, тори мэтийн байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хямд төсөр эрчим хүчний эх үүсвэр тус орнуудын хөгжлийн ирээдүй гэнэ. Ирээдүйд зөвхөн бал чулуугаар хийсэн маш богино хугацаанд цэнэглэгддэг асар их зам туулах бага оврын батерей ашиглана гэнэ. Эхний ээлжинд автомашинууд, удалгүй нисэх онгоц энэ батерейг нефтийн оронд хэрэглэнэ. Саяхан С1 тв-ийн “Ценцургүй яриа” нэвтрүүлэгт орсон БНН-ын дарга Б.Жаргалсайханы мэдээлснээр бол ирээдүйн тээврийн хэрэгслүүд бал чулуугаар хийсэн батерейг 15-хан минут цэнэглээд 3000 км замыг туулна гэв. Энэ технологи нь автомашины акул компаниудыг ойрын хугацаанд 10 сая машин үйлдвэрлэхэд хүргэх ажээ.