Categories
мэдээ цаг-үе

Х.Цэцэгдэлгэр: Хөдөө айлд очиж хагалгаа хийж олон ч эх хүүхдийн амь аварч байсан даа

Нийслэлийн “Амгалан” амаржих газрын төрөх тасгийн эрхлэгч Анагаах ухааны магистр, клиникийн профессор Х.Цэцэгдэлгэртэй ярилцлаа. Тэрээр олон улсын эмч нарын өдрөөр “Алтан чагнуур” шагналыг хүртээд байгаа юм.


-Олон улсын эмч нарын баярын өдрөөр “Алтан чагнуур” шагнал хүртсэн танд баяр хүргэе. Эрүүлийг хамгаалахын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй бүх эмч нараас шилдгүүдийг шалгаруулж олгодог “Алтан Чагнуур”-ын эзэн болсондоо баяртай байна. Олон шилдэг эмч нар өрсөлддөг учраас их нэр хүндтэй шагнал. Миний хувьд “Эх барих эмэгтэйчүүд судлал” номинацид шилдгээр шалгарлаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 32 жил ажиллаж байна.

-Энэ мэргэжлийг яагаад сонгох болов. Ажил мэргэжлийн гараагаа хэрхэн хаанаас эхэлж байсан бэ?

-Миний 10 жилийн ангийнхан сурлага сайтай, дийлэнх нь химийн хичээлд сонирхолтой байсан л даа. Би ч мөн ялаагүй химийн хичээлд дуртай байсан учраас Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг сонгож суралцсан. Манай 10 жилийн ангиас хэд хэдэн эмч нар төрсөн байдаг. Тэдний нэг Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн сэхээний тасгийн эрхэлэгч Ж.Ганбаатар надтай хамт “Алтан чагнуур” шагналаар энгэрээ мялаасан. Ажлынхаа гараагаа төрсөн нутаг Завхан аймгийн Тосонцэнгэл сумынхаа нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас эхэлсэн. Харин сүүлийн 20 гаруй жил нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллаж байна. Энэ байгууллагад эх барих эмэгтэйчүүдийн эмч, төрөх тасгийн эрхэлэгч зэрэг албыг хашиж байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмч гэдэг эх нярай гэсэн хоёр хүний амь насыг хамгаалж байдаг их хариуцлагатай мэргэжил л дээ.

-Хүүхэд байхдаа л эмч болохыг зорьж байж ээ. Яагаад эх баригч эмэгтчэйчүүдийн мэргэжлийг сонгох болов?

-Ангагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид бүх төрлийн л чиглэл байсан. Гэхдээ суралцаж байх явцад эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил миний сонирхлыг илүү татсан хэрэг. Зургаан жил суралцаж төгсөөд л сумандаа очиж эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн дээ.

-Анх эмнэлгийн байгууллагын босгоор алхаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1987 онд энэ мэргэжлийг эзэмшээд сумынхаа эмнэлгийн төрөх тасагт ажиллахад хөгжилтэй явдал олон л тохиолдож байсан. Намайг эмч болж байхад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл тун хомс эмч хүн авьяас, ур чадвараараа л эхийг амаржуулдаг байлаа. Бид гараа маш сайн угаагаад л эхэс гарддаг тийм үе байсан. Сумын эмнэлэгт байхдаа хөдөө айлд очиж олон ч хагалгаа амжилттай хийж эх хүүхдийн амь аварч байсан даа. Сүүлд Улаанбаатарт ирж олон эрдэмтэн багш нарын сургалтад сууж байсан ч хөдөө айлд очиж эх барьж, хагалгаа амжилттай хийж байсан үе маань их туршлага болж үлджээ.

-“Амгалан” амаржих газарт ажиллаад 20 орчим жил болж байна гэж та яриандаа дурдсан. Энэ байгууллагын талаар танилцуулахгүй юу?

-Улаанбаатар хотод “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” гэсэн гурван амаржих газар үйл ажиллагаа явуулдаг. Эх амгалан амаржиж, өвдөлт зовиургүй байгаасай гэсэн үүднээс бид эмнэлгээ 2014 онд “Амгалан” гэж нэрлэсэн. Энэ нь ч үр дүн өгсөн болов уу гэж боддог юм. “Амгалан” амаржих газарт жилд дунджаар 8000 гаруй эх амарждаг. Ачаалал ихтэй ажиллаж байна.

-Таны хувь төрөх тасгийн эрхлэгчээр ажилладаг шүү дээ. Ажлынхаа арга барилын онцлогоосоо хуваалцахгүй юу?

-Бид төрөхөөр ирж буй эхийг маш сайн үзэх ёстой. Ер нь эх барих эмчийн гол эзэмших ёстой чадвар нь төрөхийн эрсдлийг урьдчилж тооцоолох байдаг. Хэрэв эрсдлийг олж тооцоолсон бол дараагийн буюу хагалгааны аргаар нярайг эсэн мэнд төрүүлэх аргыг төлөвлөх ёстой. Энэ бол ганц миний ч биш, бүх эх баригч эмч нарын эрхэм зорилго нь юм. Үүнээс гадна төрж буй эхтэй дотно байж, хараа хяналт салгаж болохгүй. Жирэмсэн болсон эх хүүхдээ төрүүлээд 42 долоо хоногийн хугацаанд эмчийн хяналтад байх шаардлагатай. Амаржаад эмнэлгээс гарсны дараа өрхийн эмч хяналт тавьж байх хэрэгтэй.

-Сүүлийн үед амаржиж буй эхчүүдэд тохиолддог гол хүндрэл юу бол?

-Бид жил болгон статистикийн дүн мэдээллээс харж улсын хэмжээндэх хүндрэлүүдийг цуглуулж судалгаа шинжилгээ хийдэг. Үүнээс үзэхэд хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь төрсний дараах цус алдалт байдаг. Энэ нь жирэмсний хугацаанд тээгч эхэд ямар нэгэн эмгэг байсныг л харуулж байгаа хэрэг. Жишээлбэл, элэгний үрэвсэл, жирэмсний хожуу үеийн хордлого, ямар нэгэн вирусийн халдвар зэрэг зүйлс нөлөөлж болно. Энэ бүх эрсдлийг эх баригч эмч нар бид зөв тооцож бэлэн байх шаардлагатай. Хэрэв хүндрэл гарсан тохиолдолд арга хэмжээгээ зөв авч дараагийн хүндрэлээс сэргийлж ажиллах хэрэгтэй. Гэхдээ энэ эрсдлийг тойрч гарахын тулд жирэмсэн эхчүүд ч анхаарч, хүүхэд тээх хугацаандаа эрүүл байж, амралт, ажил амьдралаа зохицуулж, аль болох тайван байх ёстой. Манай ээжүүдэд төрөлтөндөө бэлтгэдэггүй сул тал ажиглагддаг. Тэд төрөлтөд яаж бэлтгэх вэ, ямар хугацаанд өвдөхөд юунд анхаарах вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Манай эрүүл мэндийн боловсрол олгох төв ажлын ачааллаас шалтгаалж жирэмсэн эхчүүдийг сургалтад хамруулж амжихгүй байгаа.

-Жирэмсэн эхчүүд ямар төрлийн хоол, хүнс хэрэглэх шаардлагатай вэ?

-Жирэмсний үед эрүүл л хоол, хүнс хэрэглэх шаардлагатай. Энэ нь уураг, амин дэмээр баялаг, шингэц сайтай хоол гэсэн үг л дээ. Мах махан бүтээгдэхүүн гэхээс илүүтэй, жимс, ногоо түлхүү хэрэглэх нь ач тустай. Мах уурагтай боловч үүнийг зохицуулж л хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн эх орой хүнд идэхээс татгалзах хэрэгтэй. Ер нь жирэмсэн биш байсан ч энэ дэглэмийг барих нь эрүүл амьдрахад тустай.

-Сүүлийн жилүүдэд эх дутуу төрөх нь олширсон. Энэ юутай холбоотой вэ?

-Дутуу төрөх хандлага сүүлийн үед нэлээн ажиглагдах болсон. Улсын хэмжээний дутуу төрөлтийг Эх нялхасын төвд авагддаг. Манайх 34 долоо хоногоос дээш байвал хүлээж авна. Дутуу төрсөн нярайг асрахад эх болон, айл гэрт багагүй хүндрэлтэй учраас аль болох гүйцэд тээж төрөх нь чухал. Эх дутуу төрөхөд хууч өвчнөөс авахуулаад олон зүйл нөлөөлнө л дөө. Эхчүүд заавал эмчээс мэдээлэл авах биш, мэдээллийн эрин зуунд ном, сэтгүүл, интернетээс эрсдэлгүй төрөх талаар мэдээлэл авах нь чухал. Эхчүүд жирэмсэн болоод тогтмол эмчийн хяналтанд байвал нь энэ эрсдлээс тойрч гарах бүрэн боломжтой. Хамгийн гол нь тээгч эх эрүүл байх ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө.

-Залуу ээжүүд хүүхдийг өсгөж бойжуулахдаа юуг анхаарах вэ. Жишээ нь хүүхдлийг хөлд оруулагч ашиглах нь зөв, буруу гэсэн ойлголт байдаг юм байна лээ. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Хүүхдээс хараа хяналтаа огтхон ч салгаж болохгүй. Хөлд оруулагчийг зарим хүмүүс муу, нөгөө хэсэг нь сайн л гэж хэлдэг юм байна лээ. Миний хувьд хөлд оруулагчийг ач, зээ нартаа хэрэглүүлэхэд зүгээр л санагдсан. Энэ маань хүүхдийг ямар нэгэн эрсдлээс хамгаалаад байна шүү дээ. Хөлд орж буй хүүхэд унаж тархи толгойгоо доргиох эрсдэл өндөр байдаг.

-32 жил эрүүл мэндийн салбарт ажилласан эмчийн хувьд залуу эмч нарт юуг зөвлөх вэ?

-Эмч хүн ёс зүйтэй байх хэрэгтэй. Манай зарим эмч нар их ачаалалтай ажилладаг учраас төрсөн эхчүүдийн ар гэрийнхэнд мэдээлэл өгч амждаггүй. Үүнээс шалтгаалж эмч нь гарч ирж уулзсангүй гэх асуудал гардаг. Хэрэв төрөлт хүндэрсэн тохиолдолд эмч зав гаргаад ар гэрийнхэнд маш зөвөөр тайлбарлаж, авсан арга хэмжээгээ ойлгуулж байх хэрэгтэй. Тайлбарлаж ойлгуулаагүйн улмаас ар гэрийнхэн нь бухимдаад байдаг.

Харин энгийн төрсөн тохиолдолд ар гэрийнхэн манайх цөөхөн амаржих газартай, ачаалал ихтэй ажилладгийг ухамсарлах хэрэгтэй.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *