Нийслэл Улаанбаатар хотод өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Орон нутгийн замд Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна.
Энэ сарын 9-13-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1,003 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 27 хүн гэмтэж бэртжээ. Үүний 13 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн найм нь ганцаараа явж байсан бол хоёр нь эцэг, эхийн хамт явж байсан. Түүнчлэн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон бөгөөд гарсан осол хэргээс дурдвал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт 35 дугаар автобааз гэх газар асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 69 настай эрэгтэй Л-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн ослыг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага 12,7 хувиар, зам тээврийн осол 19 хувиар буурч, осолд өртсөн хүүхэд нэг дахин өссөн үзүүлэлттэй байна.