Эдийн засагч, нийтлэлч, Defacto Д.Жаргалсайхан “Эрдэмтэд, сэтгүүлчид” клубынхны урилгаар ирж, хөгжлийн тухай ярьсан юм. Түүний ярьсныг хүргэж байна.
МОНГОЛ АРАЙ Л АРДЧИЛСАН ЮМ АА
Сая Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар уригдлаа. Төр засгаас хэдэн хүн очсон гэсэн. Иргэний нийгэм, сэтгүүлч зарим орноос очжээ. Москвад хоёр, Санкт Петербургт хоёр хоносон. Сонгуулийн өмнө очоод, дараа нь ирлээ. Жолооч гаргаж өгсөн. Сонгуулийн тойргуудаар явлаа, долоо найман газраар орлоо. Бичгээ үзүүлэхээр хаана ч оруулдаг юм байна. “Монголоос олон улсын ажиглагч ирсэн” гээд тэмдэглэж авдаг юм билээ. Яг л манай сонгуулийн байранд орсон шиг санагдана. Сургуулийн байранд санал авч, ойролцоогоор нэг тойрогт 2000 хүн санал өгч байна. Заримынх нь гадаа эх оронч, ардын (“Частушка” ч явж байх шиг) дуу хангинаж, хүүхдүүдэд печень өгч байсан.
Сонгуульд найман хүн өрсөлдөж байхад нэг нь 77 хувийн санал авахаар өрсөлдөөн тэгш нөхцөлд болсон гэхэд хэцүү. Яагаад ийм байгаа юм бол гэж бодлоо. Орос орон 11 цагийн бүстэй, нар жаргадаггүй нутаг юм. Холбооны хэмжээнд мэдээлэл өгдөг 20 орчим суваг нь төрийн өмч, гурван сувгийг нь төрийн өмчтэй Газпром эзэмшдэг юм байна. Хувийн эзэмшлийн кабелийн сувгууд нь хот, орон нутгийн хэмжээнд цацдаг.
Холбооны суваг нь төрийн хяналттай. Ихэнхдээ төр засгийн тухай, удирдагч В.Путины тухай ярина. Манай наяад он шиг санагдсан. Оросууд бол оюунлаг ард түмэн. Гэсэн ч олон хүн “В.Путинээс өөр сонголт байхгүй” гэж ярих юм. Яагаад гэхээр “Дэг журам бол тайван амьдралын баталгаа” гэж хариулсан. Хааяа хааяа авилгын хэргийн тухай ярихаас биш, өдөр тутам нийтийн хөрөнгө яаж зарцуулж байгаа, өгөөжийн тухай манайхан шиг дэлгэрэнгүй ярихгүй юм.
Ирээд “Владимр” гэж нийтлэл бичсэн. М.Ходорковскийн гуравдугаар сарын 15-нд BBC-д өгсөн ярилцлагыг харсан. “Оросыг В.Путинээр дамжуулаад Кремльд шургалсан 100 хүрэхгүй этгээд хянаж байна” тэр хэлсэн юм. Үнэхээр тийм бол Орос орон бүр ч хэцүү байдалтай гэсэн үг.
Москвагийн төвд томоохон зочид буудлын дэргэдэх ресторанд хооллосон юм. Тэндэхийн ажилтантай ярилцлаа. “Та хэнийг сонгох вэ” гэсэн чинь “В.Путиныг” гэж байна. “Яагаад” гэсэн чинь “Би энд хорь гаруй жил хувцасны өлгүүрт ажиллаж байгаа. 2000 онд манай энд зөвхөн банда (дээрэмчид) ирж хооллодог байсан. Буутай хамгаалагч энд миний дэргэд зогсдог байлаа. Дараа нь өөр нэг банда ирдэг. Одоо манайх шиг нам тайван газар байхгүй” гэлээ. Ямар ч байсан хойд хөршийг нэг хүн 24 жил удирдах нь де-юре болов.
Урд хөршийг нэг удирдагч арав, арван жилээр удирддаг байснаа, одоо хязгааргүй болчихлоо. Урьд, хойд хоёр хөрш маань нэг хүнээс хамааралтай, төр засаг нь тогтвортой, олон дахин өөрчлөгдөөд байдаггүй боллоо шүү дээ. Баруун талд бас нэг хүн 30 жил төрөө барьж байна. Энэ дунд байгаа ганц орон болох Монгол Улс бол ардчилсан улс, төр засгаа сонгодог, солигддог. Ардчилсан улсад хэрэв төр засаг нь муу ажиллавал түүнийг сольж болно. Энэ бол буруу шийдвэр гарвал иргэд нь эсэргүүцэж чадах механизм. Бид ирэх жилүүдэд ардчиллаа улам бэхжүүлэх хэрэгтэй байна.
ХАРВАРДАД ЛЕКЦ УНШИХДАА ИНГЭЖ ЯРИЛАА…
Олон улсын ажиглагчаар Орост явахаасаа өмнө “Монголын ардчиллын сургамж” сэдвээр Харвардад лекц унших боломж олдсон юм. Дараа нь энэ тухай нийтлэл бичсэн, миний сайт дээр байгаа. Тэнд юу ярьсан гэхээр миний амьдралын хагас нь социализмд, хагас нь капитализмд өнгөрч байна гээд социализмын үед Монгол ямар байсан, одоо ямар байгааг харьцуулсан л даа.
Би хэдэн сарын өмнө Женев явсан. Гучин жилийн өмнө бас Женевт очиж байлаа. Тэр үед Олон улсын оюутны холбоо гэж байсан. Тэнд би төлөөлөгчөөр ажиллаж, 1988 оны гуравдугаар сард анх удаа капиталист оронд очсон хэрэг. Женевээр явахдаа дээрэмдэх байх, гуйлгачин тааралдах байх гэж бодсон.Тийм юм байдаггүй шүү. Тэр орой намайг зодчихсон бол их сайхан унтах байлаа (инээв). Ер нь тэгэх шинж алга аа. Настай хүмүүс нь ядарсан дүртэй байх болов уу гэж төсөөлсөн ч тэндэхийнхэн насжих тусмаа ганган цэмцгэр, бас гоё машинтай байсан. Өвөө эмээ хоёр яваад байх юм. Тэр үдэш их юм бодлоо. Бүх насаараа ташаа мэдээлэл авсан шиг санагдсан.
Тэр үеэ дурсаад, социализм бидний хувьд юу байсныг ярьсан л даа.
Мэдээж бүгд ядуувтар, дундаж амьдралтай, ажилтай байсан. Өмчийн харилцаа нийгмийн хөгжлийн суурь юм. Социализм хувийн өмчийг үгүйсгэдэг, капиталын хуримтлалыг үгүйсгэдэг учраас нурсан. Аав маань алт, мөнгөний дархан байсан юм. Манайд цагдаа ирээд, аавын дөшийг хурааж байсныг санадаг. Энэ бол хүүхэд насны хамгийн тод үлдсэн дурсамж. Аавыг “Хувийн үйлдвэрлэл эрхэллээ” гэж хөдөлмөрийн хэрэгсэлийг нь хураасан юм билээ. Түүний хамгийн том “нүгэл” нь долоо хоногт гурав, дөрвөн бөгж ээмэг хийгээд, хар зах дээр борлуулж, хүүхдүүдээ хооллодог байсан хэрэг.
Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийг одоо ч зарим хүн магтдаг. Орост суралцахаар шалгалтанд тэнцсэн залуусыг Улсын их дэлгүүр рүү тусгайлан оруулж, хувцас авах боломж өгдөг байсныг одоо ч мартаагүй.
Тэгээд бүгдээрээ галт тэргээр Москва явна. Тэндээс бусад хот руу тарна. Арваад вагонтой, нэг вагонд тавь жаран хүүхэд сууна. Замдаа Эрхүүд зогсоод, вагоноосоо гарч ирэхдээ бүгд адилхан биеийн тамирын хувцастай болчихно. 600 хөх хувцастай хүүхэд гэж төсөөл дөө. Эрэгтэй, эмэгтэйгүй адилхан. Бүгдээрээ гуравхан өнгийн цамцтай. Германаас улс авчирсан хамгийн сайн цамц шүү. Ерөнхийдөө хуваарилалтын систем байсан.
Хувийн машинтай хүнийг нударган баян гэх мэтээр муулна. Энэ бүхнийг өөрчилсөн хувьсгалыг бид 30 жилийн өмнө хийчихлээ шүү дээ.
“ВАЦСЛАВ ХАВЕЛЫГ ЧӨЛӨӨЛ” ГЭЭД ИНДЭР ДЭЭРЭЭС “АВААД ХАЯСАН”
1988 онд Прагийн хавар гэж хөдөлгөөн өрнөсөн. “Олон улсын оюутны холбоо”-ноос биднийг их дээд сургуулиудад явуулж үг хэлүүлж байв. Прагад Политехникийн дээд сургууль гэж байдаг. Манай ЭСЯ-наас алхаад очих газар Сүхбаатарын гэх талбай байсан. Тэнд коммунизмын эсрэг оюутнуудын жагсаал болсон юм. Миний хуваарь тэр сургууль дээр таарч “Вацслав Хавелыг чөлөөл. Үг хэлэх эрх чөлөө байх ёстой” гээд л индэр дээрээс “аваад хаясан”. Маргааш нь Чехсловакийн Залуучуудын сонинд “Нэг монгол ирээд Сүхбаатарын талбай дээр “Вацслав Хавелыг чөлөөл” гэлээ хэмээн мэдээлсэн. Төдөлгүй тэр улсад төр засаг нь солигдлоо.
Санжаасүрэнгийн Зориг бид цуг Москвагийн Их Сургуульд сурч төгссөн юм. 1990 оны хавар Чехсловакаас П.Цэнгүүн (“Алтан тариа”-гийн) өөр нэг эмэгтэй оюутан бид гурав ирж Ардчилсан Холбооны анхны хуралд оролцсон. Заал дүүрчихсэн гээд оруулахгүй болохоор нь С.Зоригийг дуудаж “хаалгадаж” орж билээ. Мэдээж энэ бол “зөвшөөрөгдөөгүй, албан бус” хурал байлаа.Тэр хурлын протокол надад байдаг. Заримыг нь би аудио бичлэг хийж авсан.
Маргаашаас нь МХЗЭ-ээс Оюутны холбоог салгах хэрэгтэй гэж Лу.Болд бид нар санал гаргаж, Оюутны холбооны бага хурал хийж, тусдаа болсон. Тэгэхэд ардчилал гэж ч нэг их ярьдаггүй байсан даа.Төр засаг солигдохгүй бол улс орон хямралаас гарахгүй гэж ярьдаг байсан. Оюутны холбоо санаачлаад, улс төрийн хүчнүүдийг урьж, яаж хамтарч ажиллах тухайгаа ярилцаж билээ.
Улсын их сургуулийн дөрөвдүгээр байранд, дөрөвдүгээр давхарт, дөрвөлжиж зассан ширээг тойроод суусан. Тэр хурлын протокол надад бий. Гуравдугаар сарын 4-ны жагсаалын гол зорилго юу вэ гэдгийг хэлэлцсэн дээ. Шинэ намуудын төлөөлөгчид янз бүрийн юм хэллээ. Нэг өндөр туранхай нөхөр (Буян Жагаа) “Улстөрийн товчооныхныг дүүжлэх хэрэгтэй, орос эхнэртэйгээс нь эхлээд дүүжилье” гэсэн.
“Цаана чинь цэргүүдийг хотын гадна аваад ирсэн байна гэнэ. Тэд та нарыг эвгүй хөдөлбөл баривчлах юм байна” гэж нэг нь хэлсэн. “Монгол хүн, монгол хүнийхээ эсрэг зэвсэг битгий хэрэглээрэй” гэсэн уриалга гаргаад тараачихья гэсэн. Гурван хүн төсөл бэлтгэхээр боллоо. Р.Гончигдорж багш, өөр нэг намхан нөхөр бид гурав гараад бэлдсэн чинь нөгөө намхан, шинельтэй нөхөр “Бие бүрэлдэхүүн гэж эхэл гэж байсан. Энэ нөхөр бол Ц.Элбэгдорж. Нэг нь сүүлд УИХ-ын дарга, нөгөөх нь Ерөнхийлөгч болсон доо.
Бие бүрэлдэхүүн гэдэг үгээ оруулсан текст бичээд, хуралдаа танилцуулж, батлуулаад шөнө нь МОХ дээрээ очиж, Лу.Болд бичгийн машинаар бичээд, хортой цаасаар олшруулж, Энхтайвны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл бүх шон дээр наацгаасан. Маргааш нь “Жагсаал хийх тухай зарлаж өгөөч гэж “Үнэн” сонин дээр очсон чинь “Дарга цаггүй байна” гээд намайг хүлээж аваагүй. Гуравдугаар сарын 4-ний жагсаал ингэж болсон.
Гучин жилийн өмнө монголчууд өөр сонголтгүй байсан. Энэ сонголт нь яг үнэнийг хэлэхэд өмчийн сонголт. Зөвхөн хувийн өмч байгаа газар л чөлөөт зах зээл байна.
Өнөөдөр харахад улс орны энх амгалан, элбэг хангалуун амьдрал бол эдийн засгийн эрх чөлөө, улстөрийн эрх чөлөө, шинийг санаачлан бүтээх гэсэн гурван юмны нийлбэр юм. Энийг бүтээхийн төлөө бид 30 жил явж ирлээ
Бид гучин жилийн өмнө ардчиллыг сонгоод, маргааш нь сайхан амьдарна гэж бодсон чинь тийм биш байна. Өнөөдөр ч энд хүрээгүй байгаа. Энэ бол дардан зам биш. Ард түмэн, улс орон болгон өөрийнхөө замаар явж байгаа.
Өнөөдөр ч олон үндэстэн энх амгалан амьдрахын төлөө байлдаж байна. Бөмбөгдөлтөнд өртсөн Сирийн хотыг хар даа. Яаж хот гэж нэрлэх вэ дээ. Би Дамаскт очиж үзсэн. Олон улсын Оюутны холбоонд байхад маш олон орноор явуулсан л даа. Одоогийн Асадийн аав Асад тэгэхэд байсан юм. Тэр хүний нэрийг хэлэх бүрт оролцогсод бүгд босч алга ташдаг сонин хуралд оролцсон.
Ким Ир Сентэй хуралд ч орсон. Фидель Кастрог дөрвөн цаг сонсч билээ. Зүүний удирдагчдыг харж, сонсч явлаа. 1990 он гэхэд коммунизм гэдэг туршилт бүтсэнгүй, нийгэм нь ээлж дараалан нурж унасан. Нийтийн өмчийг намын нэрээр цөөхөн хүн эдэлж байсан учир улс орнууд нь дампуурсан даа.
ОДОО ЯАХ ВЭ?
Хорвоод ирээд буцахдаа энэ нийгмийг байснаас нь илүү дээр болгох нь амьдралын агуулга. Тэгээд л бид өөр өөрсдийнхөө чиглэлээр ажиллаад байгаа биз дээ. Энэ бүх хийж байгаа зүйл улстөрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, шинийг санаачлан бүтээх ажлууд байх ёстой.
Улс төрийн эрх чөлөөтэй болоход алдаа гараад байна. Алдаатай, өгөөжгүй учраас хүмүүс итгэхгүй байгаа юм.“Энэ ч болохгүй байна. Нэг чанга гар хэрэгтэй байна. Хажуугийн хөршүүд хөгжөөд байна” гэдэг. Хойно ч, урд ч хүмүүс даргаасаа айгаад, сайхан магтаад суугаа. Саяхан хүртэл бид өөрсдөө тийм байсан шүү дээ.
Өнөөдөр бага насны хүүхдийг хамгаалах нэрээр цаазын ялыг сэргээх алхам хийгдэх гэж байна. Хүүхдийн нэр барьж, цаазын ял сэргээгээд, цаашдаа хэнийг ч цаазаар авах юм билээ. Олон алдаа гарч байсан шүү дээ.
Энийг бид бүгдээрээ нийлж зогсоох хэрэгтэй. Улс төрийн эрх чөлөөг илэрхийлж байгаа хамгийн зөв хэлбэр нь ардчилал. Энэ хүмүүсийг сонгохоор ардчилал явчихна гэж бид ойлгосон. Тэгсэнгүй.
Сонгууль зөвхөн бүтээгдэхүүн юм байна. Энэ бүтээгдэхүүний үр өгөөж нь гарч ирэхгүй байна. Иргэдийн оролцоо, хяналт дутагдаж буй. Иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахаар ажиллаж байгаа хүн бараг алга. Энэгүйгээр явахгүй юм байна.
Улстөрийн намууд эрх ашгийн төлөө байлдаан хийж, зарим хүмүүсийг алагчлаад шоронд хийж байна. Ф.Фукуяамагийн хэлснээр төрийг байгуулахад улс төрийн намууд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэдэг явагдаж байна. Нам биш, улстөрч биш, та өөрөө хувь заяаныхаа эзэн гэдгийг бид бүрэн ойлгоогүй байна.
Энд асар том боловсрол, гэгээрлийн ажил хийх хэрэгтэй. Боловсролыг хар багаас нь эхлэмээр байна. Ардчиллын боловсролын эхлэлүүд бий. Ардчиллын тухай жижигхэн хөөрхөн ном гаргажээ. Тэрийг энэ систем хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл нийгэм өөрөө хоцрогдоод байгаа учраас сургууль дээр тэрийг оруулж ирнэ гэдэг эрх ашгийг хуваалцах асуудал гарч байгаа юм.
Бүх шатандаа бид зөндөө их ажиллах хэрэгтэй байна.
Эдийн засгийн эрх чөлөөн дээр ч маш их ажиллах хэрэгтэй. Бид төр гэдэг ойлголтыг өөрчлөх учиртай.Төрийн албан хаагч гэж нэрлэдэг. Агуулга нь бол төрийн албан хаагч биш улсын албан хаагч, бидэнд үйлчлэх ёстой хүмүүс шүү дээ. Тэр хүний ажил нь төрд, байшин, системд бус бидэнд үйлчлэх байхгүй юу.
Олон хүний, нийтийн гэсэн санаагаар төрийн гэдэг үгийг улсын гэж орлуулмаар санагддаг. Улсын, нийтийн, төрийн хувийн биш өмчүүд олширч байна.
Энэ их ноцтой. Хувийн бус өмчийг эрх бүхий этгээд хэн ч очиж эдэлж, завшиж болно. Төрийн өмч гэдэг нэрийн дор намын өмч ноёлж байна. Улсын гэсэн нэртэй уул уурхайн том монополиуд бий болж байгаа нь үнэн хэрэгтээ намын өмч болчихсон. Тэр нам л өөрийнхөө хүнийг томилоод, өөрийнхөө программмыг хэрэгжүүлдэг, ил далд завшдаг систем хүчтэй байна.
Чалкогоос 350 сая долларыг төрийн компаниар зээлж авахуулчихаад төр нь өөрөө хэрэглэчихэж болохгүй. Энэ тухай бид мэдэхгүй байна. Мэдсэн нь дуугарахгүй байна.
Ардчилал авилгажсан. Авилгалын системд ажилладаггүй тэрнээс хамаардаггүй айл гэж байхаа болив. Яагаад гэвэл Монголд бизнес хийхийн тулд авилга өгөх хэрэгтэй болж байна. Авилга өгч байж төр засгийн эрх мэдэлд очиж байгаа. Хамгийн том авилгын эх үсвэр нь улс төрийн намууд. Тэд намдаа хандив авах нэрээр ирээдүйн албан тушаалуудыг, төсвийн хуваарилалтыг борлуулчихаж байна. Үүнийг бид хараад дуугүй байна.
Улс орон дампуурах суурь шалтгаан мэддэг хүмүүс нь дуугарахгүй байгаад л оршдог шүү дээ. Германд тийм байсан Гитлер гарсан. Испанид тийм байсан. Италид ийм юм болсон. Яаж Гетёгийн эх орон боловсролгүй товаришийг дагаад, “Бид хамгийн мундаг наци …” гээд давхичихан юм бол. Мэддэг хүмүүс нь “За энэ ч удахгүй дампуурна даа” гэж бодсон. Үгүй. .. Гучин жил тэр орныг хөлдөө чирч, хичнээн олон сая хүнийг аллаа.
Дараа нь нэг юм “Аа энэ биш юм байна” гэцгээсэн. Бид хэдэн жил ингэж явах вэ?
Хэдэн жил бид ийм байдлыг тэвчиж үргэлжлүүлэх вэ?
Энэ асуултанд бид хариулж чадахгүй байна.
Манайд улстөрийн эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөг хааж байна. Биднийг илэрхийлж байгаа улс төрийн намуудын үүрэг бол нийгэм, төрийг холбосон гүүр байх.
Гүүр гэдгээ сонгуулийн өдрүүдэд л ярьж байгаа болохоос биш бусад үед гүүрнийхээ нийгэмд хандсан холбоосыг мартчихаад, өөрсдийгөө тэжээдэг хүмүүст үйлчилж, өөр холбоо гаргаад байна. Үүнийг демократтура гээд байгаа юм. Өнөөдөр энийг мэдэхгүй, ярихгүй, ярихыг хүсэхгүй байна.
Эрүүл саруул өрсөлдөөн байж шинийг бүтээнэ. Тэгж байж ялгаатай болно. Үүнийг бүтээх эдийн засгийн эрх чөлөөний суурь зарчим байдаг. Энэ бол чөлөөт үнэ. “Үнэ чөлөөлчихвөл тэр нь ч хөөрхий болно. Энэ ч хөөрхий болно” гэдэг. Тэрүүн шиг худлаа юм байхгүй. Үнэ чөлөөтэй байх тусмаа тогтвортой байна. Ийм суурь зарчмуудыг ярьж түгээж, өөрсдөө жишээ болмоор байна.
Монголд шүгэл үлээх соёл муу хөгжсөн. Яагаад гэвэл нүүдэлчид одоо болж байгаа муу юм өөр дээр нь бууна гэж боддоггүй.“Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гээд яваад өгдөг. “Төрийн төлөө оготно боож үхэхээ болъё” гэдэг. Суурин соёлтой газар бол өнөөдөр манай хөршид тохиолдож байгаа юм маргааш надад тохиолдоно гэж бодоод, хоёулаа нийлж эсэргүүцдэг.
Орк гээд яриад байна. Бид өөрсдөө ч жаахан соёлтой, дипломтой орк нь байхгүй юу. Өөрсдийгөө шоолж сурах хэрэгтэй. Бид өөрсдийгөө шоолох, жижигрүүлэх соёл байхгүй. Худлаа магтаад л зууны гавьяа, хүн төрлөхтний манлай гэдэг.
Энэ сэтгэлгээ хүчтэй байх тусмаа биднийг оюун ухааны хувьд доройтуулж байна. Өөрсдийгөө ёгтолж амьдрах нь соёл. Даруухан байх, зөв байх учиртай. Бидний хэлбэр их том. Байгаагаасаа илүү томоор өөрийгөө харуулах гээд байдаг. “Хүнээс дутахгүй амьдар” гэж эцэг эх нь сургадаг. Харин япончууд бол хүүхдээ “Хүнд битгий дараа бол” гэдэг. Японд цунамигийн үеэр хийсэн баримтат кино үзсэн. Нэг эмээг цэрэг үүрээд явж байхад эмээ “Би та бүхэнд тээр болж байна, уучлаарай” гээд л байх юм. “Ус хүрэлцэхгүй боллоо. Хүн бүр нэг ус аваарай” гэхэд урт дараалалд зогсоод хүн бүр нэг л ус авч байх жишээтэй.
Нийгмийг өөрчлөхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Сэтгэлгээний өөрчлөлтийг соёл урлаг харуулмаар байгаа юм гэж Д.Жаргалсайхан ярилаа.
Сонсогчид ч бас асуулт тавьж амжлаа.
-Таныг ардчилсан хувьсгалын эхний цуглаануудад оролцсон гэж сонсоогүй юм байна, яагаад би ч бас гэж яриагүй юм бэ?
-Ардчилал бол Монгол хүн бүрийн хүчин зүтгэл юм. Би тэр протоколоо гучин жилийн дараа л гаргая гэж бодож байна. Гучин жил бол юм дүгнэж, ярьж болох хугацаа. Би нэг нь гээд давхиад байх шаардлагагүй.
-Иргэдийн оролцоо гэж та ярилаа. Эрх баригчид шийдвэр гаргаж байгаа үед иргэд бид яаж оролцоогоо нэмэгдүүлэх вэ?
-Ардчилал гэдэг бол хуулийн засаглал юм байна. Нэг ч хүн хуулиас дээгүүр байх ёсгүй гэсэн үг. Тэгэхийн тулд хуулийг бий болгох процесс нь ил байх учиртай. Түүнээс биш гурав хоногийн дотор хууль гаргадаг байж таарахгүй. Энэ процессыг өөрчлөхийн тулд хууль журмыг боловсруулах явцад хүмүүс оролцох боломжийг өг. Хуулийг хийж байхад нь л оролц.
-Баривчилгаа хийгдээд байгааг та юу гэж бодож байна вэ?
-Зүв зүгээр байсан хүнийг барихгүй байлгүй дээ. Гэхдээ үндэслэл нь баталгаатай, барьцтай юу гэдгийг би мэдэхгүй байна. Ер нь хүнийг баривчилна, эрх чөлөөнд нь халдана гэдэг том хэрэг. Бодьтой үндэслэлтэй байж л халдах учиртай. Хэрвээ энэ хүмүүсийг үндэслэлгүй байна гээд тавибал бид энэ системийг нураах хэрэгтэй.
-Ардчиллынхан ардчиллыг эхлүүлсэн гээд улс төрийн капиталыг эд хөрөнгөний капитал болгож баяжчихлаа. Бид бол ажил хийж амь зууж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ ахиад л сонголтын асуудал. Махатма Гандигийн хэлсэн үг байдаг. “Энэ хорвоо дээр таны хэрэгцээг хангах нөөц бий. Харин таны шуналыг хангах нөөц байхгүй” гэж. Бид хэрэгцээ, шунал хоёроо ялгах ёстой. Амьдрахад юу хэрэгтэй юм. Орох орон, унаа, тав тухтай унтах газар, амар амгалан хэрэгтэй. Ажил хэрэгтэй.
Наад захын энэ хэрэгцээнүүд дээрээ цагаа зарцуулах ёстой гэж хүүхдэдээ багаас нь ойлгуулах хэрэгтэй юм билээ.
Танилын маань хүүхэд хэлж байна гэнэ. “Аав, та битгий сургуулийн үүдэнд ирж бай. Та машинаа хол тавьчихаад өөрөө хүрээд ир, эсвэл надад ирчихлээ гээд мэдэгдчих” гэжээ. Тэгж хэлж байгаа хүүхдэд зөв тайлбар өгөх хэрэгтэй. Энэ хүүхдийн хамгийн гол санаа зовж байгаа юм материаллаг өрсөлдөөн.
-Төлөөллийн ардчилал засаглалын хамгийн сайн механизм гэж үзэж байсан тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Ардчилал сайн засаглалыг тогтоож чадахгүй боллоо гэж яриад байна. Трамп ялчихсан чинь хятадууд “Танай ардчилал чинь ийм л үр дүн авчирна даа” гэж байна. Орост болохоор элитүүд, сэхээтнүүд улс орноо авч явах ёстой. Гэтэл ардчиллын үр дүнд худалдаачин наймаачин улсууд гарч ирчихээд, улс орныг бодохгүй хувиа бодоод байна. Үүнээс болоод хөгжихөө байчихлаа гэж ярьцгааж байна л даа. Манайд ч хэцүү боллоо. Бид ардчиллаа яаж боловсронгуй болгох вэ ?
-Би яг энэ тухай профессор Ф.Фукуяаматай ярилцсан юм. Ярилцлага нь миний вэб сайт дээр бий. “Төрийг байгуулах нь” гэдгийг монголчууд төрийг бэхжүүлэх нь гээд буруу орчуулчихсан байсан. Тэр төр жижиг байх тусмаа үүргээ биелүүлэх чадвартай байх ёстой. Төрөөс юу хүлээж байна түүнийг өгөх учиртай. Төрөөс бид дэг журам, өмч, хүний эрх, энхтайван, аюулгүй байдлыг хамгаалахыг хүсч байгаа.
Болохгүй байгаа бүхэн ардчиллын буруу биш. Ардчиллыг 100 хувь гэж үзвэл бид зөвхөн 40-50 хувийг нь л ашиглаж байгаа. Иргэдийн оролцоо, хяналтыг хангах хүч, мэдлэгийг бид хүмүүст өгч чадахгүй байна. Хэрвээ үүнийг бид өгч чадвал хоёр хөршөөсөө илүү хөгжих боломжтой. Эрх чөлөөтэй, өөрийгөө илэрхийлж чадаж байгаа иргэн л хамгийн хүчтэй. Хоёр хөршид хазаарыг нь барьчихсан байгаа. “Чи энийг хий, үүнийг хийж болохгүй” гээд.
-Ардчилал анархизм болж хувирлаа гэдэг?
-Тийм ээ, яагаад гэвэл бид төр засгаа хянахгүй байна.
-Таныг АНУ-д сурч ирээд аль нэг банкинд ажиллаад гарч өгөх байх гэсэн чинь яагаад сэтгүүлч бидний өрөөсөн дугуй болчихов. Ингэхэд та АНУ-д тэтгэлэгээр сурсан билүү. Яагаад өөрийн гэсэн TV байгуулдаггүй юм бэ?
-Би санхүү, хөрөнгийн зах зээлээр мастер хамгаалсан юм. Буцаж ирээд Монголын аль нэг банкийг өөр болгоно гэсэн бодолтой ирсэн.
USAID 2000 онд таван хүнд тэтгэлэг өгсөн. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд бид нарт. Бид бүгд гурван сар хэл, тооны бэлтгэл хийсэн. Төгсч ирээд би хоёр банкнаас ажлын санал хүлээж авсан. ХАС банк ТУЗ-даа орооч, “Шинэчлэл” банк гүйцэтгэх захирлаар ажиллаач гэсэн. Хамгийн жижиг банкыг нь аваад, үзүүлээд өгье гэж бодсон юм. Нэрийг нь сольж “Капитал” болгоод, маркетингаа өөрчилсөн. Одоо байгаа энэ ногоон өнгө, уриа гэх мэт өөрчлөлт хийсэн. Ажилтануудын итгэлийг сэргээхээр ажилласан. Актив нь овоо сайжирсан даа. Эзэд нь жилийн дараа тохирсон шагналаа өгөөгүй, “Та ахиад нэг жил ажиллачих, хойтон хоёр дахин их болгоод өгье“ гэсэн.
За ингэж болдоггүй юм байна гээд жаахан урам хугарсан. Монгол компаниудын эзэд амласандаа хүрдэггүйг дараа нь бас харсан.
Консалтинг бизнэс хийж эхэллээ. Сүүлд ХАС банкинд бас консолтинг хийж байхад “Манай лизинг компанийг аваад яваач” гэв. ХАС лизинг компанийн захирал болсон, бид 24 сарын дотор хоёр сая долларын активаа, 15 сая долларт хүргэсэн. Тэгэхэд би нийтлэл бичээд эхэлчихсэн байв. Төдөлгүй эсвэл захирлаа, эсвэл “дефактогоо” хийх сонголт тулгарлаа. Тэгээд эхнэртэйгээ зөвлөлдсөн юм. Эхнэр маань “Чи дуртай юм аа хий. Одоо хүүхэд том болчихсон. Бидэнд байр байна. Өөр юу хэрэгтэй юм. Чи өөрөө л аз жаргалтай бол тэрийгээ сонго” гэсэн. Тэгээд л дуртай юмаа хийхээр шийдсэн дээ.
Миний зорилго бол нийгмийг өөрчлөхөд оролцох. Тэр нь бичгээр байж болно. Телевизээр гарч болно. Ямар машинаар явах нь хоёрдугаар асуудал. Ухаалаг зохион байгуулалттай ажиллах ёстой. Зөв маркетинг, зөв брэнд хийхийг зорьсон. Нэг монгол, нэг латин үг олоод Жаргал Defacto гэж эхэлсэн.
Олон жилийн дараа хүмүүс таньдаг болсон. Хэрэв чи хүнд хэрэгтэй үнэ цэн бий болгож байгаа бол үнэлэгдэх ёстой. Хэрэв чи үнэхээр зөв юм хийж байгаа бол олон хүн чамайг уншина. Одоо Defacto гэдэг газета гарч байгаа. “Учиртай гурван хулгай” гэсэн нийтлэлийг маань“Өнөөдөр” сонин гаргаагүй болохоор тэндээс явсан.
Уг нь долоон жил тасралтгүй миний буланг гаргасан юм. Энэ үед гэнэт нэг санаа төрсөн. Өөрөө сонин гаргаад и-мэйлээр үнэгүй тараачихъя гэж бодсон л доо. Одоо долоо хоног тутмын хамгийн том сонин болсон. 12000 хүнд хүрч байгаа.
Яагаад өөрийн ТV-гүй юм бэ гэж та асууж байна. Тийм шаардлага байхгүй. Өнөөдөр сошиал медиа хорвоод байхгүй боломж өгч байна. Хүн болгонд тийм боломж бий. Нийтлэл маань зургаан хэлээр гарч байгаа. Сонин маань монгол, англи, япон хэлээр гардаг болсон.