Categories
мэдээ цаг-үе

Л.Ариунболд: Хүлээлтээс давсан стандартыг бүтээж амжилт олно

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Монгол Базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболдтой ярилцлаа.


-Компаниа яагаад “Монгол Базальт” гэж нэрлэсэн бэ?

-Базальт гэдэг нь Монголд байдаг уулын хар чулуу. Базальтаар дулаалгын хөвөн, дулаан тусгаарлагч зэргийг хийж байна. Тиймээс компаниа базальт гэж нэрлэсэн юм. Миний хийдэг бизнес бол цахиурын эрдэст суурилсан, эрдэс түүхий эдийг боловсруулах технологи. Анх 1990 онд хувийн бизнесээ эхлэхдээ машины шил үйлдвэрлэж байлаа. Тухайн үед зам бартаа ихтэй, Оросоос бараа орж ирэхгүй байсан болоод ч тэрүү, Монголд явж буй бараг бүх машины шил хагархай, скочоор шилээ наачихдаг байв. Шилнийхээ 50-иас доошгүй хувийг скочдоогүй бол улсын үзлэгт тэнцүүлдэг байсан. 1990-1997 он хүртэл Монголын тээврийн салбарын бүх машины шилийг хийж өгсөн байдаг. Харин түүний дараагийн том бизнесийн төсөл бол базальт. Базальтаас дулаалгын хөвөн гаргах хуучны технологи нь хөгжөөд нэлээд боловсронгуй болсон. Харин физикийн хуулиар боловсруулалт нь хэвээрээ.

-Базальтын бизнесийн санаагаа хэрхэн яаж олж байв?

-Германд чулууны үзэсгэлэн үзэж яваад, энэ талын бизнес хийдэг нэг хүнтэй танилцсан. Тэр маань Дани улсын иргэн байлаа. Угаасаа дэлхийд алдартай “Рокбүүл” чулуун хөвөнгийн үйлдвэрийг Дани улс нээсэн байдаг. Данийн бэлэг тэмдэг нь Рокбүүл юм. Судалж, үзээд энэ бизнесийг эхлүүлэхээр, зориг шулуудаж, ажилдаа орсон. Хэрэв би их мөнгө олъё гэсэн бол хөөсөнцрийн үйлдвэр ч юмуу, арай өөр чиглэлийн бизнес хийх байлаа. Анхнаасаа л боловсруулах технологи руу орчихсон болохоор тэр чигээрээ л энэ салбарт зүтгэе гэж бодсон. Энэхүү дулаалгын хөвөнг барилгын салбарт ашигласнаар, эрчим хүчийг 60 гаруй хувиар хэмнэнэ. Дулаахан байр барьж байж насан туршдаа зарцуулах эрчим хүч, цахилгааны мөнгөө хэмнэх ёстой гэсэн сэтгэлгээ манай улсад хараахан суугаагүй байна. Одоог хүртэл манайхан хуучин социализмын үед барьсан угсармал орон сууцаа дулаалж чадахгүй л байгаа.

Нэг удаа сайн дулаалчихсан байхад эрчим хүч, хэмнээд тухайн гэр бүлд, эх орны эдийн засагт асар их үр өгөөж өгдөг байхгүй юу. Одоогоор манайхан утааны тухай л ярьж байна. Үүнийхээ оронд дулаалгын асуудал, эрчим хүч хэмнэх соёлд сурах шаардлагатай байгаа юм. Барилгын компаниудын соёл, норм, норматив, концесс гэдгийг ч холбогдох байгууллагуудаас тогтоож өгөх хэрэгтэй. Манай герман найз надад хэлэхдээ “Барилгатай холбоотой бусад бүх салбарууд чинь зэрэг хөгжиж хууль дүрмээр зохицуулагдаж байж чиний бизнес хөгжинө. Манай Европт ч гэсэн энэ бизнес муу байсан. Гэтэл том метро шатаад л, нисэх онгоцны буудалд гал гарч, кино театр шатаж хэдэн мянган хүн үхээд их аюул болсны дараа европын холбоо хууль гаргаад, химийн гаралттай шатамхай материалаар хийсэн дулаалгыг хүн ам олноор цугладаг үйлчилгээний газруудад хэрэглэхийг хориглосон. Үүний дараа харин борлуулт нэмэгдэж, захиалгаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн. Галд шатдаггүй, дулаан алдалтгүй дулаалгын материалыг барилгад ашиглах ёстойг тухайн улс орон ухаарах хүртэл хугацаа орно” гэж ярьж байсан. Би ч бас найз шигээ хэцүү замыг туулаад явж байна. Химийн гаралттай дулаан алдагдалтай шатамхай дулаалгыг уг нь манайх шиг хасах 20 хэм хүртэл хүйтэрдэг улсад хэрэглэдэггүй юм. Гэхдээ нэг үеэ бодвол манай улс хөгжиж байна, гадны томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Шангерилла төсөл, Оюу толгойн шинэ онгоцны буудлын барилгын дулаалгад манай бүтээгдэхүүнийг ашигласан. Ривер гарден гэх мэт сүүлийн үеийн чанартай барилгууд манай бүтээгдэхүүнээр дулаалгаа шийдэж, худалдан авагчид ч үүнд нь сэтгэл хангалуун байгаа, энэ хэрээр тухайн компанийнх нь нэр хүнд өсч байна. Монголд манай бүтээгдэхүүнээс өөр галд шатдаггүй нэг ч дулаалга байхгүй шүү дээ. Шилэн хөвөн хөөсөнцөр, позитрон бүгд шатна. Үүнийг ойлгуулахын тулд өнгөрсөн өвөл би биечлэн найман мянган хүнд, онлайн бичлэг, зурагтаар 150 мянган хүнд сургалт явууллаа. Та нар агаарын бохирдолдоо санаа зовдоггүй байлаа гэхэд, базальтын дулаалга ашигласнаар 200 мянган төгрөгийн нүүрс түлдэг байсан бол 120 мянгыг хэмнэж 80 мянган төгрөгөөр л нүүрс авна гэдгийг тайлбарласан. Мөн үүнээс гадна мөнгөөр илэрхийлэгдэхгүй маш их боломж гарч байгаа юм. Шөнө ч босч гал түлэх. Үнс нүүрсний тортог, түлэх нүүрс авахаас эхлээд тухайн гэр бүлд бөөн хэрүүл болдог гэж байна. Үүнээс болж хэдэн ч гэр бүл салсныг мэдэхгүй шүү дээ. Ахуй амьдралдаа ч идэвхгүй маргааш хөө болчих юм чинь өнөөдөр хөшиг угааж яахав, тортог болчихын хооронд усанд ороод ч хэрэггүй гэсэн бодолтой байдаг гэнэ. Айлын эзэгтэй галаа түлсээр байгаад завгүй, сэтгэл зүйн, амьдралын дарамтанд байна. Энэ өвөл бид гэр хорооллын айлуудын байшинг үнэгүй дулаалж туршиж үзлээ. Тэгээд нэг сарын дараа очиход гэр нь дулаахан учраас олон дахин гал түлэх шаардлагагүй, цэвэр цэмцгэр болчихсон, эхнэр нь завтай, гэртээ юм оёдог, ажилд ордог юм билүү гэчихсэн, гэрт гардаг хэрүүл байхгүй болсон гэж байна. Би инженер хүн учраас энэ айлыг дулаахан байлгая гэж бодсноос тийм их өөрчлөлт гарна гэж тооцоолоогүй юм. Үнэхээр төсөөлөөгүй өөрчлөлт гарч байна лээ. Дулаан алдалтаас болоод ямар их стресс дарамт үүсдэгийг тэгж харлаа.

-Хашаандаа усанд орох шүршүүр зэргийг хялбархан шийдэх арга байна уу?

-Тухайн гэр бүлийнх нь ашиг орлогод тохирсон боловсон бие засах газар, хашаан дотор нь мини цэвэрлэх байгууламж хийгээд өгчих боломж бас бий. Жорлонг нь өвөл хөлдөөхгүйн тулд гадна талаар нь базальтаар дулаалчихна. Ийм жорлон суурилуулдаг гурван жилийн баталгаа өгдөг компаниуд ч Монголд байна. Хорооны дарга хэсгийн ахлагч, дүүргийн засаг дарга нар чинь хотын том дарга нараас ч илүү хүмүүсийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй юм байна. Бүтэн сайны нэг өдөр хороон дээр ирээд та иргэдэд сургалт явуулаад өгөөч гэж дуудаад, би амралтын өдөр гэлтгүй хүний төлөө та нар оч гээд инженерүүдээ явуулсан. Утаанаас салах, дулаахан өвөлжихийн тулд гэр хорооллын айл өрхүүд тэгж их санаа сэтгэл гаргаж байна. Одоо тэдэнд төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ядаж л байшингаа дулаалах бага хүүтэй зээл шийдээд өгчих хэрэгтэй. Хэсэг хороодын дарга нар ярилцлага өгөхдөө Монгол базальттай хамтарч ажиллаа гэж хэлж чаддаггүй, хувийн хэвшилтэйгээ хамтарсан гэдэг. Хэрэв Монгол Базальт гэж яривал дээрээс том дарга нар нь яагаад монгол базальтыг онцлоод байна, яагаад хамтарч байгаа юм гэж дарамталдаг гэж байна. Хотын дарга нь юм уу, Засгийн газар нь юм уу нарийн учрыг олж мэдсэнгүй. Надтай ажиллахгүй тэгээд, хужаагийн компанитай хамтарч ажиллах болж байна уу. Манай компани нэг айлын дундаж байшинг бүрэн дулаалаад, пасадыг нь хүртэл шинэчлээд, дулаан алдалтгүй болгоход нийтдээ 12 сая төгрөг л орно. Харин Хасбанк биднийг, иргэдийг дэмжиж иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Хаан банк мөн хямд зээл гаргахаар ажиллаж байгаа.

-Танай компани 3D байшин барина гэж байсан. Хэзээнээс ашиглалтад орох вэ?

-Сүүлийн үед манайх тааз руу шүршдэг дулаалгын базальт гаргасан. Үүний дараагийн төсөл маань 3D байшин. Угаас судалгаанд оролцогчдын 72 хувь нь хашаандаа тохитой сайхан амьдармаар байна гэсэн байна. Дэлхийн улсууд аль хэзээнээс 3D байшингууд барьсаар байгаа. Хойд урд хоёр хөрш маань байшингийн бэлдэцийг принтерээр хэвлээд газар дээр нь өрөөд өрөөд барьчихаж байна. ОХУ, Хятад бол улсын бодлогоор бага орлоготой иргэд, хөдөөгийн тосгоны айл өрхүүд, оюутнуудад зориулаад хямд өртөгөөр, боломжит зээлээр ийм 3D байшин барьж өгч байна. Энэ нь хөдөлмөр зарцуулалт багатай, түүхий эдээ 100 хувь Монголоосоо авах боломжтой. Ийм шинэ технологийн байшин барихаар төслийн ажилдаа орсон байгаа. Эхний байшин зургадугаар сард ашиглалтад орчихно. Байшингийн нийт орцынх нь 40 хувь нь базальт байна. ОХУ-аас ноу хауг нь хэдэн төгрөгөөр худалдаж аваад эх орондоо ийм ажил хийхээс өөр аргагүй байгаа юм. Монголынхоо компаниудтай 3D байшин барих тухай ярихаар хямд байх учраас барилгын материал нь хямд байх шаардлагатай, чанартай материалаар хямд сайн байшин барих боломжгүй гээд байсан юм.

-Байшингийн нэг метр квадрат нь хэдэн төгрөг байх вэ?

-Улс хувийн хэвшил, иргэдийнхээ амьдрах орон байрт анхаарахгүй байж төр хувийн хэвшлийн гурван тулгуурт эдийн засаг гээд яриад байх юм. Улстөрчид гоё юм яриад л байдаг, ярьж байгаа зүйлээ ерөөсөө ажил хэрэг болгохгүй юм. Дэлхийд ийм байшин бариад байхад би амиа бодоод хөвөнгөө хийгээд суугаад байж болохгүй байна. Урьдчилсан байдлаар тооцоход нэг метр квадрат нь 800 мянган төгрөгт багтаж байгаа. Энэ бол урьдчилсан төсөл. Дэд бүтэц бохирын үнэ нь ороогүй. Хоёрт, хувийн компани өөрийнхөө мөнгөөр, өөрөө энэ төслийг хийж байна ш дээ. Үнэхээр орос хятад шиг иргэдээ дэмжээд бүгдийг нь ийм байшинтай болгодог бол маш олон асуудлыг шийднэ.

-Монголд танайхаас өөр уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд хэд байгаа билээ?

-Цемент хөнгөн бетон, тоосго үйлдвэрлэж байна. 1970-1980 онд Орос ах нарын л тусламжтайгаар баригдаж байсан үйлдвэрүүд. Яг 1990 оноос хойш газарт байгаа түүхий эдийг шинээр эцсийн бүтээгдэхүүн болгож нээлт хийсэн компани бол ховорхон л гэж боддог. Манай компани бол эрчим хүчний хэрэглээг бууруулах, хүлэмжийн хий, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Ойрын ашиг хараагүй, алсын үр өгөөж харж, ажилдаа дурлаж эхлүүлсэн. Өдөр бүр суралцаж, судалж сайжруулахыг зорьж байна. Би химийн хүн учраас эрүүл байхын тулд хамгийн сайн агаартай газар унтах, хамгийн сайн чанарын ус уухыг эрхэмлэдэг. Эрүүл мэнддээ ингэж л анхаарч байна. Түүнээс хүнд гоё харагдахын тулд хоёр цаг фитнесст гүйснээс хоёр цаг судалгааны ажлаа хийсэн нь дээр гэж боддог.

-Та “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсон. Энэ нэвтрүүлгийн ач холбогдол ямар байв. Хичнээн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-“Шарк танк” бол дэлхийн том контент. Бизнесийнхнийг илэрхийлсэн телевизийн контент тун ховор. “Монгол HD” телевиз хамгийн анхны Шаркаар урьж оролцуулсанд баярлаж байгаа. Энэ нэвтрүүлэг надад их таалагдсан. Би өөрийнхөө 20-30 жилийн хөдөлмөр, мэдсэн сурсан мэдлэг чадвараа жижиг дунд бизнес эхэлж байгаа хүмүүст хувцаалцсан. Хүн болгон л өөр өөрийнхөө боловсролоор, мэдээллийн сан оюун дээр л тулгуурлаж, хүмүүсийг шүүсэн. Би 30-аад жил техник, технологи инноваци зохион бүтээхэд суралцсан хүн. Шарк танкад оролцсон Барилгачин групп, Никел Ганбаа зэрэг хүмүүстэй хамтарч байна. Гэхдээ миний зарчим бол бусад хүмүүсийн маш сайн хийж чадаж байгаа зүйлийг хийх хэрэггүй гэсэн бодолтой. Ганбаа бол авьяаслаг залуу. Дугуй бол хотожсон нийгэмдээ соёл болж байна. Тренд болж байна. Би үр дүн нь урт хугацаандаа хөгжлийг хийх санхүүгийн менежмент хийх дуртай. Түүнээс биш өнөөдөр 2 төгрөг оруулаад маргааш 4 төгрөг болгох зүйл сонин биш. Би 30 жил барьсан зарчмаараа явж байна.

-Сүүлийн үед залуус гадагшаа их гарах боллоо. Монголд ажлын байр олддоггүй. Яаж ажлын байрыг бий болгох вэ?

-Залуучууд гадагшаа явах буруу биш. Эхний ээлжинд тэд сайн цалин авахын төлөө явж байна. Хувийн хэвшил борлуулалтаа өсгөөд, цалингаа нэмэгдүүлье гэхээр яг адилхан тийм бүтээгдэхүүнийг хужаагаас хямдхан оруулаад ирдэг. Хувийн хэвшлээ тасралтгүй хөгжүүлж байж л залуучуудаа гадагш явахыг нь болиулна шүү дээ. Эрдэнэт хивсийг ялгахын аргагүй дуурайлгаад Нарантуул зах дээр зараад эхлэхээр яаж өрсөлдөх юм бэ. Манай базальтыг дуурайлгаад, хятадын хүнд хог хаягдлаар хийчихсэн, Монголд зарж байна. Хужаагаас үнстэй хольчихсон хямд цемент орж ирсээр байна. Эрх баригчид хувийн хэвшлээ, үндэсний үйлдвэрлэлээ юугаар ч хамгаалахгүй байна. Ядаж бодлогоор, татвараар, хямд зээлээр дэмжээд, хамгаалаад өгөх хэрэгтэй. Биднийг зөнд нь хаяаад хужаа нартай өрсөлдүүлж байна. Нэг айл, улс гэдэг чинь бусдынхаа бизнесийг дэмжиж хамгаалж байж хөгждөг жамтай шүү дээ. Манайх орос руу бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Орос зах зээлээ тэгж хамгаалж байгаа юм. Гаднаас орж ирж буй ижил бараа бүтээгдэхүүнийхээ татварыг нэмж чаддаггүй юм гэхэд, гарал үүслийн гэрчилгээн дээр нь хяналт тавих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр хаягдлаар хийсэн юм уу, яг базальтаар хийсэн үү гэдгийг тодруулах ёстой. Ийм системтэй байхад залуучууд гадагш гарахгүй яах юм бэ. Төрийнхөн хүртэл эх орны үйлдвэрээ дэмжихгүй, цагдаа цэргийн хувцсаа Орос, Түрк руу захьчихаж байна. Германчууд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш муу чанаргүй ч байсан дотоодынхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авсаар байгаад л хөгжчихсөн юм. Бид голоод авахгүй бол хэн авах юм бэ. Дотоодынхоо бүтээгдэхүүнийг авдаг соёл, ухамсар ёс суртахуунтай болцгоох хэрэгтэй. Энэ хэвээрээ байвал манай улс хэзээ ч хөгжихгүй. Жилийн хүү доод тал нь хоёр хувьтай байж байж дотоодын бизнесүүд хөгжинө. Манайх шиг компанид таван жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээл олгохгүй л бол дэвшихгүй гэдгийг эрх баригчид ч мэдэж байгаа, банкныхан ч мэднэ. Тэгсэн хэрнээ бодлого гаргахгүй, юу ч хийхгүй байна. Ажил хийхээр цалин бага, бизнес эрхлэх орчин боломж байхгүй ийм нөхцөлд залуус гадагш явахгүй яах юм бэ. Эдийн засгаа сайжрахаар буцаад л хүрээд ирнэ. Харин тэднийг ирэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

-Залуучууд нэг ажилдаа тогтож ажилладаггүй, нэгээс нөгөөд шилждэг. Аливааг эрэлхийлээд байдаг, тогтворгүй гэж шүүмжлэх хүмүүс бий. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Энэ бол боловсролтой холбоотой. Ер нь мэдлэг боловсролтой иргэнтэй байх нь л манай улсын өрсөлдөх чадвар, цэцэрлэг сургуулийн боловсролд нэлээд анхаарах шаардлагатай. Янз бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг туршиж монгол хүүхдүүдээр тоглож болохгүй. Улаанбаатарын хүүхдүүдийн сурах хөгжих загвар нэг өөр. Суманд байгаа малчин айлын хүүхдийн сургууль соёлын загвар өөр гэдгийг бодож хийх хэрэгтэй. Мөн тухайн компани нь сайн ажилтныхаа мэдлэг оюуныг нь үнэлж чадахгүй, сайн цалин өгөөгүйгээс чадварлаг ажилтнаа алддаг. Гэхдээ нэг талаараа чадамжаа сайжруулж чаддаггүй залуус ажлын байраа олон сольдог. Өөрийгөө хөгжүүлдэггүй, тухайн компанийн соёл, бусад стандартуудыг дагаж мөрдөж чаддаггүй хүмүүс бас нэг ажлын байранд тогтворгүй байдаг. Монголын хувийн компанийн захирлууд чадварлаг ажилтнаа үнэлдэг болчихож. Байр, машин өгдөг, гадаадад ажиллуулдаг болчихоод байгааг бид зурагтаар үзэж байна. Ийм байхад компанидаа эдийн засгийн өндөр өгөөжтэй үнэтэй хүн болохын тулд өөрийгөө хөгжүүлэх, дайчлах, цаг завыг зарцуулах хэрэгтэй. Алибабаг үндэслэгч Жек Ма хэлэхдээ “Хүн ажлын цагаар өөрийгөө хөгжүүлж чаддаггүй юм. Ажил тараад орой унтах хүртэл юу хийж байгаагаас шалтгаалаад, ямар амжилт гаргах нь тодорхойлогддог” гэсэн байдаг. Дэлхий биднийг унтаж байхад хөгжөөд байна. Хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх, үнэ цэнэ бүтээмжтэй ажиллах шаардлага тулгарч байна. Хуучин шиг өдөр, шөнөгүй хүрздээд байхаар сайн ажилтан биш, чадварлаг өндөр бүтээмжтэй, хувьсах чадвар сайтай, мэдрэмжтэй хүн чухал болоод байна. Энэ болгон чинь дөрвөн жилийн боловсролоос олдохгүй шүү дээ. Өөрөөр нь тэр компани дутдаг чадамжтай ажилтан болохын төлөө залуус өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Үнэхээр сайн бүтээмж гаргаж, тухайн компанид үр өгөөжтэй хичээж байгаа ажилтнаа үнэлэхгүй, цалинг нь нэмэхгүй, тийм мэдрэмжгүй бол захирал байгаад хэрэггүй шүү дээ. Гэхдээ өнөөгийн зах зээл хүслээс давсан чанарыг бий болгохыг шаардаж байна. Хүлээлтээс давсан стандартыг бүтээж байж амжилт олно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *