УИХ-ын Хаврын чуулган энэ сарын 5-нд нээлтээ хийсэн. Энэ удаагийн чуулганаар олон чухал асуудал, сэдвийг хөндөн хэлэлцэнэ. Үүгээрээ уг чуулганы нээлт хэн бүхний анхаарлыг татаж байсан юм. Яагаад вэ гэвэл гацсан, гаргалгаа шаардлагатай болоод байгаа асуудал, хууль, хуулийн төслүүд батлагдаж шийдвэрээ олбол улс эх орны хөгжил нэг алхам ч болтугай урагшлах учиртай. Гэтэл манай улс төрийн хүрээнийхэн, том, жижиг намууд, улс төрөөр хийрхэгчид, иргэний элдэв хөдөлгөөнийхөн ямар нэг шоу хүлээж байгаа мэт чуулганы нээлтэд хэн бүхнээс илүү чих тавин “шүлсээ залгицгаасан” . Эгээтэй л “The Voice of Mongolia” шоуны эхлэх цагийг хүлээгээд хамаг ажлаа орхиод буйдандаа шигддэг шиг л тэд хамаг анхаарлаа Хаврын чуулган руу чиглүүлж хоногийг нь хуруу даран тоолж, амьсгал даран хүлээцгээсэн. УИХ-ын чуулган чинь чухал сэдвээр хуралдаж, хэрэгтэй шийдвэр гаргадаг газар гэхээсээ шоуны ордон, шоу үзүүлдэг “мухар” мэтээр харагдаж байгаа нь харамсалтай. Гэхдээ парламентыг шоу шиг харж байгааг нь эрс буруутгах аргагүй. Чуулган нь өөрөө шоу шиг болчихсон. Дуулдаг шоунд хэн түрүүлэх вэ, хэнийг хасах вэ, хэн хэн юу гэж ярих вэ, хэнээр ямар дуу дуулуулах вэ гэдэг нь урьдаар төлөвлөсний дагуу өрнөдөг шиг чуулганы хуралдаанууд ч тавилттай, зохиолтой.
Сөрөг нам нь эсрэг дүр үзүүлж шүүмжилж гарна. Тэгсэн хэрнээ цаагуураа гар гараа бариастай. Намын гишүүд нь дотроо талцана. 32, 33-ын бүлэг гэж нэг нэгэн рүүгээ дайрна, нэгнээ өмгөөлсөн үг шиднэ. Тэгснээ гэнэт л Засгийн газраа, Ерөнхий сайдаа огцруулцгаая гэж ил, далд гарын үсэг цуглуулж Засгийн газрын ажлыг ганхуулах гэж мэрийнэ. “Учиртай гурван толгой” гэдэг бол чуулган хэмээх тавилттай жүжигт гурав байтугай, 30, 40, 70 толгой гарч ирж Хоролмаа, Нансалмаа, Балганы дүрээрээ “тодрох” гээд “уралцана”. Нэг нэгнээ идсэн ууснаар нь дуудалцаж, сүүлдээ авгай хүүхний асуудал, үр хүүхдийнх нь ажил амьдралыг сөхөлцөж “Чамайг ална тална, шоронд хатаана” гэж шоронжсон үгсээр бие биеэ булдаг. Детектив, action маягийн иймэрхүү юм ярьцгааж улс төрийн скандал ар араасаа цувардаг. Ийм л эхлэл, өрнөл, зангилаа, тайлалтай улс төрийн ээлжит скандал эхлэхэд хоёр хоног үлдэж байгаа болохоор цаг тоолон суугаа нь аргагүй юм.
Ард түмэн ч “Чуулган эхлэх нь” гэсэн хүлээлттэй ч тэдгээр 76 гишүүн, УИХ-аараа бах таваа хангах гэж догдлоостой. “Манай тэнэг гишүүдийг хар даа” гэж ирээд л ярьсан, хэлсэн болгоныг нь мушгин, буруушааж амнаасаа олигтой үг унагахгүй, гишүүдийн талаар. Гишүүд нь ч гэж гишүүд “Өвөл болохоор даардаг даа, өвсөн доогуур шургадаг даа” гэдэг хүүхдийн дуу шиг л “гэнэн” тэнэг юм ярихаас эхлүүлээд хэл амны бай болох юмаа өөрсдөө хэлж доог тохуу болно. “Одоо ингээд хавар болохоор дулаарна. Утаа багасна” эсвэл “Одоо өвөл боллоо, хүйтэрнэ” гэх мэтийн мэдээжийн юм ярих буюу гэнэт л олны хараанд өртөх гэхдээ үнэн үг хэлсэн болж харагдах гээд иргэдээ нутаг усаар нь доромжлохоос эхлүүлээд жендерийн асуудлыг хөндсөн ч юм яриад шүүмжлүүлж, нийгмийг хагаралдуулаад авсан үйл явдал ч болсон. Тийм ч болохоор ард түмэнд 76 гишүүн шиг тэнэг хүмүүс үгүй. Хэн нэгнийг муулчлахаар болвол 76 гишүүнтэй зүйрлэж “Үхэр шиг тэнэг мулгуу гишүүд шиг” гэх.
Тэгтэл тэр УИХ-ыг бүрэлдэхэд, тэр хүмүүсийг сонгогдоход саналаа өгч, дээшээ гаргасан нь ард түмэн өөрсдөө байдаг. Өөрсдийнхөө сонголтыг өөрсдөө ингэж үгүйсгэж харлуулах нь уг нь ёс зүйгүй үйлдэл дээ. Сонголтынх нь л хариу шүү дээ. УИХ-ыг ингэж олны хэл амны бай болгож, тохуу бүхний цэг болгож байгаа зүйл нь УИХ-ын чуулганыг телевизээр шууд дамжуулж буйтай холбоотой. Телевизээр гарч байгаагаа далимдуулаад, ард түмэн, гурван сая иргэний өмнө үг хэлэхдээ шоудаж, жүжиглэнэ. Зурагтын камер өөр рүү нь чиглэхийг сайн ч мэдэрнэ. Үзгээ аваад, хөмсөгөө зангидаад чухал зүйл бодож байгаа мэт харагдахыг хичээгээд үг хэлэх гэж уралдацгаадаг.
Гишүүд болоод ард түмний энэ явцгүй байдал явж явж энэ улсын хувь заяа, хүн бүрийн цаашдын амьдралтай нягт холбоотой. Хараалгуулсан, хараалгасан юм хэзээ юм болж байлаа, хэзээ ажил нь бүтэмжтэй байлаа. Иргэд нь өөрсдийн сонголтоор гаргаж ирсэн УИХ-аараа бах таваа ханган байж дооглох нь, томрон томорсоор Монгол Улсын хувь заяанд ч толбо болж мэдэх юм гэдгийг ухаарах хэрэгтэй. Доог тохуу нь явсаар “Ерөөсөө Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Тэрэн шиг, үүн шиг удирдагч хэрэгтэй. УИХ-аар яадаг юм бүр тараая. Парламентын засаглалаас татгалзъя” гэдэгт тулж ирдэг. Үүн шиг буруу үг, өгүүлбэр үгүй шүү. Ёстой тийм юм байдаггүй юм. Монгол Улс парламентийн засаглалтай байх ёстой.
Манай хоёр хөршийг хар л даа. Хоёулаа авторитар дэглэмтэй. Өөр өөрийн гэсэн удирдагчтай болчихлоо. Парламентийн засаглалаас татгалзах ёстой гэж зүтгэдэг хэсэг бүлэг нөхөд “Авторитар байх нь тоталитар байхаас дээр хувилбар нь. Манайх шиг ардчилсан дэглэмтэй улсад авторитар дэглэм яг тохирно” ч гэж мэдэмхийрдэг. Нэг буюу хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улстөрийн дэглэм манайд ёстой хэрэггүй. Харин авторитар дэглэмтэй хоёр хөршийнхөө дунд Азидаа Ардчиллын баян бүрд болно гэж олон жилийн өмнөөс ярьж байснаа бодит ажил болгох боломж бүрдэж байгааг ард түмэн ухаарч парламентын засаглалтай байхыг дэмжиж Ардчиллаа хамгаалах ёстой. Энэ бол Монгол Улсын хувь заяаг хамгаалж байна гэсэн үг.
УИХ-ын чуулганы хуралдааныг телевизээр шууд дамжуулж болохгүй гэдгийг манай “Өдрийн сонин” удаа дараа бичдэг. Парламентын хуралдааныг телевизээр дамжуулахаар чуулган чинь сонгуулийн шоуны үргэлжлэл болчихоод байгаа юм.
УИХ-ын зарим гишүүн ч үүнийг дэмжиж эхний ээлжинд Байнгын хорооны хуралдааны үеэр зурагтын зураглаачдыг хурлын танхимд орж ирэхгүй байвал зүгээр байна. Камер харангуутаа л гишүүд маань хэлэлцэж байсан асуудлаа мартаад зангиагаа засч, үсээ илээд сэдвээс өөр юм яриад байна гэсэн санал гаргаж тэр нь ч хэрэгжсэн. Үүн шиг УИХ-ын чуулганыг зурагтаар шууд дамжуулахгүй байвал маш сайн байна. Гишүүд зурагтын камер харахаараа “Даллуур харсан тарвага шиг хошгороод босоод ирдэг”-ээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. “Хошгорчих”-оороо зурагтаар худал худал юм яриад, худал мэдэгдэл хийгээд гэнэт л тойргоо яриад эхэлдэг. Эсвэл ямар нэг шоунд оролцож байгаа юм шиг сенсаци дэгдээмээр, олны дургүйцлийг төрүүлмээр, хэн нэгнийг үзэн ядмаар юм яриад ард түмэн, нийгмийн сэтгэл санааг үймүүлээд эхэлдэг. Нийгмийг худал зүйлд турхирч байсан тохиолдолд ч олон шүү дээ. Ард түмэн УИХ-ын чуулганыг тусгай зохиол, олон “найруулагч”-ийн тавилттай явдаг шоу гэдгийг төдийлөн анзаардаггүй учир УИХ-ын гишүүдийн тэрхүү айхавтар мэдэгдэл, мэдээлэлд итгээд төөрөөд бужигначихдаг. Гишүүдийн зурагтаар гарахдаа ард түмэн, сонгогчдод таалагдах гэсэн тэр их хийрхлээс бол Монгол Улсад хэрэгтэй ганц ч шийдвэр УИХ-аас гарч чадахгүй байна.
Татварын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг заавал ард түмний нүдэн дээр зурагтаар хэлэлцээд байх шаардлага байдаг юм уу. Үүнийг дагасан элдэв зүйлс нь эргээд улс эх орны хувь заяанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байдаг болохоор манай сонин парламентын чуулганыг телевизээр дамжуулахгүй байх шаардлага тавьдаг. Өнөөдөр ч тавьж байна.
УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд нөлөөлж дорвитой шийдвэр гарах замыг хааж байгаа бас нэг гажуудал байгаа юм. Чуулган дээр хэлэлцэж буй асуудлаар хэн нэгэн гишүүний ярьсан анхаарал татахуйц үг тэр өдөртөө, бүр тэр долоо хоногтоо сенсаци дэгдээж тухайн үгийг нь мушгиж, тэр үгэнд холбогдсон үйл явдал ар араасаа хөвөрч хэлэлцэж байсан хуулийн төсөл, тогтоол шийдвэр нь салхинд замхарчихдаг. Тийм учраас УИХ-ын гишүүний хэлсэн үгийг архивлаад дараагийн сонгууль хүртэл нууцалж, хаалттай байлгах хэрэгтэй байна. Дараагийн сонгууль болж УИХ-ын танхим шинээр бүрэлдэж гишүүд тангаргаа өргөсний дараа өмнөх УИХ-ын гишүүдийн чуулган дээр хэлсэн үгийг ил болгодог байх ёстой.
Энэ бүхний нөгөө талд “УИХ-ын чуулганаар юу хэлэлцсэн, гишүүд, нам, эсвэл ямар байр суурьтай байсныг яаж мэдэх болж байна аа” гэсэн асуулт ургана. Чуулганы дараа намын бүлгүүд гарч ирээд ямар хуулийн төслийг хэрхэн хэлэлцсэн. Эх баригч нам болоод сөрөг хүчин ямар байр суурьтай байсан. Ямар шийдвэрт хүрсэн зэргийг багцлаад мэдээлчихээд байхад болж байгаа юм.
Тэгэхгүй бол та бүхэн хар л даа. Чуулганаар нэг асуудал хэлэлцдэг. Чуулганы хуралдаан дуусангуут гишүүд танхимаас “бууж” ирээд дор бүрнээ хэлэлцсэн асуудлаар өөрсдийн бодол, хүний бодол, гадны захиалгатай бодлоо хавчуулаад солиорцгоогоод, тэрийг нь нийгэм нь ямар нэг шүүлтүүргүйгээр хүлээд авчихдаг. УИХ-ын гишүүд нийгмийг ингэж самардаг. Үүнээс нь үүдээд нийгэм даяар нэгнээ үгүйсгэсэн, буруутгасан, хэнийхээ ч үгийг тоохоо байсан, монгол нь монголоо зөвшөөрдөггүй байдал улам даамжирч хэрээс хэтрээд байна.
Энэ удаагийн чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь, “Стандарт” банкны асуудал, С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэг, уул уурхай, нүүрсний салбар гээд хүлээлт үүсгээд буй олон асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлуудаа УИХ-ын чуулган дотроо, зөвхөн парламентаараа ном журмынх нь дагуу, “хошгорч” элдэв янз болохгүйгээр шийдвэрлэх нь нэн тэргүүнд хийх ажил. УИХ-ын чуулганыг телевизээр дамжуулахгүй, гишүүдийн хэлсэн үгийг гадагшаа задлахгүйгээр гол асуудалдаа анхаарлаа хандуулж ажиллах нь УИХ-ын 76-д хамгийн чухал л даа. Ховч авгайн үлгэрээр төрийн ажилд хандаж, шоуны хэлбэрээр яваад байвал төрийн ажил ч, улсын хувь заяа ч уруудна. Парламент “The Voice of Mongolia” шоу биш шүү.