Япон Улс манай улстай Эдийн засгийн түншлэлийн буюу анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай хийсэн.
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифын заримыг чөлөөлж, нөгөө хэсгийг нь үе шаттайгаар бууруулахаар болсон билээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Япон, Монгол хоорондын хамтарсан комисс байгуулж, энэ хүрээнд 13 дэд хороог байгуулан ажиллаж байгаа юм. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 7-ноос энэ оны гуравдугаар 31-нийг хүртэлх хугацаанд Япон Улсаас манайд импортолсон нийт 210.1 сая ам.долларын үнийн дүн бүхий барааны 17.2 тэрбум төгрөгийн гаалийн албан татварыг хөнгөлсөн байна. Оны эхний гурван сарын байдлаар 38.6 сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлжээ. Энэ нь өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулбал 2 дахин өссөн үзүүлэлт гэдгийг Гаалийн Ерөнхий газраас тодотгож байна.
Түүнчлэн хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр жилийг үдэж буй бөгөөд энэ хугацаанд хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй үетэй харьцуулбал 72.1 хувиар өсч, 98.5 сая ам.долларт хүрчээ. Тодруулбал хоёр орны бараа эргэлт 2016 оны гуравдугаар сард 57.2 сая ам.доллар, 2017 оны гуравдугаар сард 77.6 сая ам.доллар, 2018 оны гуравдугаар сард 98.5 сая ам. долларт хүрээд буй юм.
Гарал үүслийн шаардлагыг хангаж хөнгөлөлттэй тарифаар импортолсон бараа нь Япон улсаас импортолсон нийт барааны үнийн дүнгийн 40 орчим хувийг эзэлж байна. Тарифын хөнгөлөлт эдэлсэн барааны ихэнх хувийг суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл эзэлж буй аж.
Харин манай улсын хувьд Япон Улс руу энэ оны эхний 3 сарын байдлаар, 1, 842.51 мянган ам.долларын бараа экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 26.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Уг хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн дүрэм журам, гаалийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулахаар харилцан тохирсон байдаг.
Гаалийн байгууллага уг хэлэлцээрийн хүрээнд Барааны худалдаа /гаалийн тарифын зохицуулалт/,Гарал үүслийн дүрэм,Гаалийн үйл ажиллагаа /худалдааг хөнгөвчлөх/ дэд хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрээр тохирсон гарал үүслийн шаардлага хангасан /Монголын талаас 5700, Японы талаас 9300 орчим төрлийн/ барааны импортын гаалийн татварыг шууд “тэг”-лэх, эсхүл үе шаттайгаар бууруулах замаар тодорхой хугацааны дараа “тэг”-лэх зохицуулалтын хэрэгжилтийг ханган ажиллаж буй юм.
Япон улсаас Монгол Улсад импортолсон бараа:
№ | Барааны төрөл | Хэмжих нэгж |
Хэмжээ | Үнэ /сая ам.доллар/ |
1 | Суудлын автомашин, түргэн тусламжийн, тусгай зориулалтын машин | ширхэг | 45146 | 233.4 |
2 | Хүнд даацын машин, механизм, экскаватор, ачааны автомашин | ширхэг | 2118 | 12.8 |
3 | Сэлбэг, хэрэгсэл, дугуй | ширхэг | 755663 | 25.9 |
4 | Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа | – | – | 3.9 |
5 | Гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл | ширхэг | 169170 | 5.5 |
6 | Эм, эмнэлэгийн хэрэгсэл | ширхэг | – | 9.2 |
7 | Бусад | – | – | 78.1 |
Нийт | 368.8 |
Монголоос Япон экспортолсон бараа:
№ | Барааны төрөл | Хэмжих нэгж |
Хэмжээ | Үнэ /мянган ам.доллар/ |
1 | Мал, амьтны гаралтай түүхий эд, өлөн гэдэс, гүзээ, эмийн үйлдвэрлэлд хэрэглэх амьтны эд эрхтэн |
кг | 9320.5 | 304.3 |
2 | Ааруул | кг | 269 | 2.2 |
3 | Цэвэр зөгийн бал | кг | 126 | 1 |
4 | Чацарганы тос, чацарганы шүүс | литр | 1172.5 | 9.7 |
5 | Хөнгөн цагаан бусад эдлэл | кг | 419520.6 | 480.1 |
6 | Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл утас | кг | 6198.8 | 343.1 |