Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, дууны шүлгийн нэрт мастер “Загдын Түмэнжаргал”-ын “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт болно. Энэ сарын 18-ний өдөр түүний үр хүүхэд, хань ижил, нутгийн зөвлөлөөс санаачлан 65 насны ойд зориулан зохиохоор болжээ. Тоглолтын талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд түүний хань дуучин Б.Мягмарсүрэн, том хүү Т.Дүүрэн, охин Т.Дөлгөөн, багын найз С.Цог нар мэдээлэл хийлээ.
Тоглолтод зохиогчийн үе үеийн шилдэг дуунуудыг өнөө цагийн сор болсон уран бүтээлчид дуулж сонирхуулна. Мөн З.Түмэнжаргал агсны “фото зураг”-ийн үзэсгэлэн гарч, найз нөхөд нутгийн зон олонд үзүүлэх юм.
Түүний багын найз С.Цог эргэн дурсахдаа:
-З.Түмэнжаргал бид хоёр Төв аймгийн Угтаалцайдам суманд байхаас үерхэж нөхөрлөж ирсэн. Сурагч байхдаа “Цаначин хүү” гэдэг шүлэг бичиж, “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байсан. Бид түүнийг нь уншаад манай З.Түмэнжаргал зохиолч болох юм байна гэж цуг мөрөөдөж явлаа. Түмээгийн зохиосон дуунууд ерөнхий боловсролын сургуулиудын сүлд дуу болсон байдаг. “Багш та”,”Сургууль минь баяртай” гэх мэтчилэн. Түүнчлэн хүүхдийн зохиол бүтээлийн тал дээр уриалан оролцдог бүтээлч нэгэн. Түүний зохиосон “Нисдэг алим” зохиол хүүхдүүдийн дунд их тархсан. Би өөрөө хүүхдүүдэд зориулан жижиг номын сан ажиллуулдаг. Ном уншиж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь Түмээгийн зохиосон номыг уншиж байгаа харагддаг гэв.
Том хүү Т.Дүүрэн ярихдаа:
-Миний аавын зохиосон дуунууд Монгол өвд хадгалагдахаар утга төгөлдөр байдаг. “Монголын тал нутаг” дуу нь олон орны дуучид дуулсан. Олон улсын мэргэжилтнүүд зөвхөн Монгол хүний сэтгэлийг уяраагаад зогсохгүй улс үндэстэн бүрийн хүмүүсийн сэтгэлийг хөглөх сайхан дуу болсныг судалж, энэ дуунд ямар нэгэн зүйл байна! ямар нэгэн учир байна аа гэж гайхан шагширч уулга алдаж байгаа бичлэг дэлхий даяар yuotube.ээр түгсэн байдаг. Энэ бол Монгол хүний авьяас билэг, оюуны цар хүрээг илтгэсэн бүтээл юм. Ийм сайхан бүтээлүүдийг сонсож эерэг цэнэг авна гэдэг өнөөгийн нийгэмд их чухал ач холбогдолтой. Миний аав хүүхдийн уран бүтээлийг их дэмждэг хүн. Тиймээс Монголын хүүхдийн уран бүтээлийг дэмжих, хүүхдийг хөгжүүлэх үүднээс “Загдын Түмэнжаргал сан”-г байгуулсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар аваад түүн дээрээ хүүхдийн уран бүтээлийн төв байгуулах юмсан гэж аав минь ярьдаг байв. Бид дөрвөн сарын 16-ны өдөр өөрийнх нь сонгож нэрлэсэн тэр газар өөрийнх нь байгуулсан “Загдын Түмэнжаргал сан”-гийн төвийн шав тавих ёслол болно. Үүнийгээ олон нийтэд нээлттэй байлгаж хүүхдийн урлагийн боловсролд анхаарах төв болгох юм.
Хань Б.Мягмарсүрэнгийн ярианаас:
-“Миний хань үгнээс аялгуу ургадаг гэж хэлдэг байсан. Үнэхээр сэтгэлээс ургасан үгээ бичиж өөрийнх нь дууг дуулж байгаа уран бүтээлчдийг үгийг нь сольж дуулахыг тэвчдэггүй. Яагаад гэвэл өөрийнх нь цэг таслал, мөр бадаг бүр бүгд сэтгэлээс гарч байдаг, бүгд амьтай гэдэг байлаа. Тийм болохоор ийм сайхан бүтээлийн цэнгүүнийг үзэж сэтгэлээ хөглөөрөй. Мөн ханийнхаа санаачлан байгуулсан “Загдын Түмэнжаргал сан”-г түүний хийж амжаагүй үйлийг үргэлжлүүлэн, сайн үйл олныг хийх болно. Сангийн тэргүүнээр хүү Т.Дүүрэн ажиллана. Ялангуяа энэ сангийн үйл ажиллагаа хүүхдүүдийн боловсролд тэр дундаа урлагийн боловсролд анхаарч ажиллах болно. Тоглолтод олон сайхан уран бүтээлчид оролцоно. Хүүхдийн ордны найрал дуучид, Франц улсаас надтай хамтарч ажилладаг уран бүтээлчид ирнэ” хэмээн ярилаа.
Дашрамд дурдахад дуучин Б.Мягмарсүрэн Франц улсад Монголын соёл урлагийг түгээн дэлгэрүүлж яваа. Францын уран бүтээлчидтэй хамтран хань З.Түмэнжаргалын уран бүтээл болон Монголын урлагийг суртачлан таниулж байна. Тэрээр “Франц улсад ажиллаж амьдран тэнд суугаа нутгийн иргэдэд тоглолт хийдэг. Мөн хамтлагтай болж Монгол улсынхаа соёлыг түгээн дэлгэрүүлж ханийнхаа бүтээлийг байнга дуулдаг” хэмээн ярьлаа.
Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө фото зургийн үзэсгэлэнг дэлгэж ирсэн зочид төлөөлөгч, үе үеийн шавь нар, нутгийн зон олон, найз нөхдөд дэлгэн толилуулах юм.
С.ОТГОНБАЯР