Улаанбаатар хотноо 2018 оны 04 сарын 09–нд Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) Эв санааны нэгдлийн шугамаар зохиогдож байгаа гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалт нээлтээ хийлээ. Энэхүү сургалтыг ОУОХ, МҮОХ, Олон улсын Гандболын холбоо (ОУГХ), Монголын гандболын холбооноос (МГХ) эрхлэн зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны газрын дарга С. Чинбат, МГХ-ны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ОУГХ-ны төлөөлөгч, олон улсын шүүгч-дасгалжуулагч, доктор, профессор, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн Сайншанд, Замын үүд сум, Завхан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал сум зэрэг орон нутгаас 19 дасгалжуулагч Улаанбаатар хотын зургаан дүүргийн 21 дасгалжуулагч нийтдээ 40 дасгалжуулагч оролцлоо.
Олон улсын гандболын дасгалжуулагчдын нарын сургалт нь 2 хэсэгт хуваагдан явагдах ба онолын хичээл нь “МҮОХ”-ны хурлын танхимд, дадлага хичээлүүд “МХБХ-ны Футзалын ордонд” тус тус зохиогдож байна.
Сургалтыг ОУГХ-ны төлөөлөгч, доктор, профессор, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун удирдан явуулж байна. Тэрээр Олон улсын гандболын холбооны сургалт дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн, Азийн гандболын холбооны дасгалжууулагчийн зөвлөлийн дарга, Зүүн азийн гандболын холбооны Ерөнхийлөгч, БНСУ-ны Биеийн тамирын үндэсний их сургуулийн профессор, доктор хүн юм.
Энэхүү сургалтаар гандболын спортын түүх, дүрэм, техник, тактикийн мэдлэг, арга зүй, хэрэглэл материал, стандарт, хүүхдийн болон элсний гандболын тухай, тамирчдын лиценз, дасгалжуулагийн үүрэг зэрэг сэдвээр мэдлэг олгохоос гадна гандболын довтолгоо, хамгаалалт,хаалагчийн тоглолт, бөмбөг эзэмшилт, дамжуулалт, таслах, хаалт тавих, холбох зэрэг үйл ажиллагаа, тэмцээний шүүлт, бэлтгэл сургалтыг удирдах үйл ажиллагаа, биеийн хүчний дасгал, бэлтгэлийн заах аргачлал, шигшээ багийн тамирчдын бэлтгэл, багийн тоглолтын явцад дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн дадлагын хичээлүүд орно.
Сургалтанд ашиглагдах 40 ширхэг бөмбөг, дүрмийн гарын авлага материалыг ОУГХ-ноос МГХ-д ирүүлжээ. Сургалтанд амжилттай оролцсон дасгалжуулагч нараас шалгалт авч ОУОХ, ОУГХ-ны “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сертификат олгоно. Энэхүү ОУОХ-ны Эв санааны нэгдлийн гандболын дасгалжуулагч нарын сургалт нь Монгол улсад хоёр дах удаагаа явагдаж байгаа ба анхны сургалт нь 2003 онд зохиогджээ.
С.ОТГОНБАЯР