Categories
мэдээ спорт

Ардчиллын ойн барилдаанд арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Ойрын хугацаанд улс, аймгийн цолтнуудын барилдаан зохиогдоогүй болоод ч тэр үү улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва гээд том цолтнууд олноор цугларчээ. Харин Ц.Содномдорж, Э.Оюунболд нарын арслангууд харагдсангүй. Мөн өнгөрсөн барилдааны түрүү бөх улсын харцага О.Хангай барилдааныг өнжсөн байв.

Бөхийн барилдааны нэгийн даваанд Баян-Өлгий аймгийн харьяат улсын начин Б.Баатарцол Орхон аймгийн харьяат бөхийн чөлөөт барилдааны спортын мастер Д.Төгс-Эрдэнэтэй оноолт таарч зүүн хөлдөө алдаж тахим өгсөн. Үүний дараахан Архангайн “аралтай” начин Э.Ванданцэрэн Говь-Алтай аймгийн харьяат сумын заан М.Балжиннямыг нарийн ууцаар тэвэрч мордож дайрсан ч дэгээ ороож эргэхэд нь доор нь орчихов.

Барилдааны хоёрын даваанд Сүхбаатар аймгийн харьяат аймгийн харцага Н.Өсөхбаяр улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг төвөггүйхэн орхиод туг тойрно лээ. Өнөө жил 20 нас хүрч байгаа үндэсний бөхийн залуучуудын улсын аварга энэ залууг бөхийн хүрээнийхэн ирээдүйд тун сайн барилдана гэж үнэлэх юм билээ.

Н.ЖАРГАЛБАЯР ЗААНЫ БЭРТЭЛ БҮРЭН ЭДГЭРЧЭЭ

Дөрвийн даваанд аварга Ч.Санжаадамба аймгийн харцага Т.Төгсдөлгөөнийг баруун талд нь хонгодоод давсан бол арслан П.Бүрэнтөгс аймгийн заан М.Даваасүрэнг шуудагны барьцнаас голлож түрж дайраад туг тойров. Харин улсын арслан Н.Батсуурь бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга Д.Хүдэрбулгыг дан золгооноос хөмрүүлж тэнгэр харуулна лээ. Тэрээр өнгөрсөн барилдааны нэгийн даваанд сумын заан Б.Сосорбарамд тахим буулгасан юм. Мөн тохойны бэртлийн улмаас сар шинийн барилдааныг өнжсөн улсын заан Н.Жаргалбаяр “Ирээдүйн аварга” шагналын эзэн аймгийн арслан Т.Бэгзсүрэнг барьцгүй хавсарч давсан нь энэ өдрийн онцлох уран мэх байв. Үүнээс үзэхэд залуу зааны бэртэл бүрэн илааршсан нь харагдаж байсан юм.

ТАМИР НАЧИН “ТАМИР”-ТАЙ БАЙНА

Бөхийн барилдааны тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба цол амжилтын эрэмбээр гоц мөргөхөд шүүмжлэлтэй хандах бөх сонирхогчид цөөнгүй харагдсан. Энэ нь урд өдөр нь цахимаар бүртгүүлсэн бөхчүүд бүгд ирж барилдахгүй байгаатай холбоотой талаар гарын даа мэдэгдсэн юм.

Энэ зуур өнгөрсөн жилийн наадмаар улсын арслангуудыг “нурааж” улсын цолны босго алхсан Булганы Д.Тамир уран барилдаант харцага Т.Баасанхүүг өхийлдөхөд нь өшиглөж унагачихаад тугны зүг гүйж харагдав. Улсын цол хүртсэнээс хойш төдийлөн сайн барилдаагүй энэ залуугийн бэлтгэл сургуулилт жигдэрсэн нь анзаарагдаж байна лээ. Удахгүй болох ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар дахиад ч “гялалзаж” мэдэх л бөх.

Энэ даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нутгийн бөх улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтохыг амлаж барилдаад дархан хонгодоо мэхээрээ давна лээ. Харин Алтай нутгийн хүчитнүүд тахим өгөлцөж авалцахдаа бие бие дээ хүндэтгэлгүй хандсан нь бөхийн өргөөнд цугласан олны бухимдлыг багагүй төрүүлсэн шүү.

Нохой жилийн сар шинийн барилдаанаар “улсын цолд ойрхон” бөхийн шагнал гардсан Хөсгөлийн Б.Даваа-Очир арслан энэ даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг сугадаж хашиж мордоод тун төвөггүйхэн даваа авав. Бие жижигтэй ч эрэмгий, дайчин барилдаантай энэ залууд Хөвсгөл нутгийн зон олон тун ч их найдвар хүлээлгэдэг юм байна лээ. Тэрээр энэ өдөр олон шилдэг хүчитнүүдийг давж их шөвөгт шалгарсан юм.

П.БҮРЭНТӨГС АРСЛАН АМЖИЛТТАЙ “ДААГАА НЭХЛЭЭ”

Энэ давааны онцлох барилдаан улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага Б.Бат-Өлзий нарын хооронд болж ах цолтон нь бариа зөрүүн дээр гар таллаж далавчилж гуд татаад төвөггүйхэн өвдөглүүлэв. Өнгөрсөн намраас хойш дөрвөн ч барилдаанд түрүүлж чансааг тэргүүлж буй Б.Бат-Өлзий харцагын барилдааны арга барилыг хашир арслан анхааралтай ажиглаж өөрийн барилдаандаа дүгнэлт хийсэн нь харагдаж байлаа. Энэ хоёр хүчтэн нохой жилийн сар шинийн барилдааны түрүү үзүүрт шалгарч Б.Бат-Өлзий дотуур өхийлдөж давж байсан билээ.

Нөгөө талд Н.Жаргалбаяр заан улсын начин Д.Тамирыг амлаж барилдаад тахимдаад даваа авсан юм. Тоолбол насаар чацуу, төөлбөл биеэр ойролцоо энэ хоёр хүчтэн олон ч наадамд таарч барилдаж бөх сонирхогчдыг баясгах биз ээ.

Их шөвөгт Ч.Санжаадамба аварга аймгийн арслан Б.Даваа-Очирыг гар ачихад нь зөрүүлж мушгиад доороо хийчихэв. Энэ өдөр аваргыг үзүүрт шалгарах хүртэл “гарыг нь нугалах” хүчтэн ховор байсныг дурдья. Тунасан арслан П.Бүрэнтөгс заан Н.Жаргалбаяр нарын барилдаанд арслан илүүрхэж сугадаж тахимдаад туг тойров. Түрүү байрын төлөөх тулаан төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Аварга Ч.Санжаадамба сугадаж дайрахад нь П.Бүрэнтөгс баруун талдаа тосгуулж өшиглөөд 30 насны төрсөн өдрөөрөө ардчиллын ойн барилдааны тэргүүн бөхөөр шалгарав.

Түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгс таван сая төгрөгөөр байлуулсан бол үзүүр бөх аварга Ч.Санжаадамба гурван сая, их шөвөгт шалгарсан улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Даваа-Очир нар нэг сая төгрөгөөр тус тус шагнуулсан юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *