Categories
мэдээ нийгэм

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.

Монгол улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 02 сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталлаа

Image result for УИХ-ын чуулган 2018

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэд хэдэн заалтад өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгаж, дэмжсэн юм. Үүний дараагаар уг хуулийн төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамтаар баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Ганбаатар хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Хадгаламжийн даатгалын корпораци хэдэн хүний орон тоо нэмэх талаар тодруулахын зэрэгцээ арилжааны банкууд дахь хяналт, шалгалтыг давхардуулах шаардлага бий эсэхийг сонирхож байлаа. Ажлын хэсгийн зүгээс, Монголбанкны хяналт шалгалттай давхардахгүй. Зөвхөн арилжааны банкуудын даатгагдсан хадгаламжийн тайлан мэдээг банкнаас гаргуулах, даатгалын хадгаламжийн хураамж төлөлт, даатгалын нөхөн төлбөрийг төлөх үйл ажиллагаанд хяналт тавьж, биелэлтийг хангуулж ажиллана гэж хариуллаа.

Үргэлжлүүлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн “17.5.Банкыг нэгтгэх, нийлүүлэх” гэсний дараа “банкны өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг “14.4.Энэ хуулийн 14.4-д заасан аргачлалыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах бөгөөд банкны эрсдэлийн түвшинг тооцохдоо банкинд хийсэн хяналт, шалгалтын үнэлгээ, банкны хадгаламжийн хүүг харгалзан үзэж болно” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжив. Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлээс “9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “тухайн банкинд төлбөл зохих” гэсний дараа “90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн гэж” гэснийг хасах санаалаа татаж авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын төслийн 25 зүйл буюу корпорацийн хяналт гэсэн хэсгийг бүхэлд нь хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан асуудлыг бодит тоо, цаг хугацаа зааж тодорхой болгох, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөхдөө богино, дунд, урт хугацаанд хийх ажлыг тодорхой болгосон заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтоож болно гэсэн заалт оруулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Зээлийн хөрөнгөний эх үүсвэр өндөр учраас зээлийн хүү өндөр байгаа тул Монголбанкнаас гадна Засгийн газар, Сангийн яам энэ асуудалд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Монголбанк арилжааны банкуудтай уулзаж, зээлийн хүү бууруулах асуудлаар шаргуу ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг бичгээр авч, Монголбанк Байнгын хорооны тогтоолын төсөл дээр дахин санал өгөхөөр болсон тул тогтоолын төслийг батлахыг хойшлууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвМонгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.12) Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн мэдүүллээ.

Хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах, санхүүгийн хямралаас банк санхүүгийн салбарыг хамгаалах зорилгоор хадгаламжийн даатгалын байгууллага байгуулах санаачлага 1996 оноос анхлан гарч, 2008 оны эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр банкны тогтолцоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийг баталж байсан. Энэхүү дөрвөн жилийн хугацаатай хуулийн баталгаа 2012 оны 11 дүгээр сард дуусгавар болсон бөгөөд иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах даатгалд суурилсан тогтолцоог бүрдүүлэх, банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас 2013 онд баталсан билээ.

Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг тус тус дэвшүүлсэн байдаг.

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон Улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны “Хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчим”-д нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгасан аж.

Түүнчлэн, даатгалын хураамжийн шимтгэл тооцох, корпорацийн дүрэм батлах, Үндэсний хорооны ажиллах журмыг Корпорацийн удирдах дээд байгууллага Үндэсний хороо нь өөрөө тогтоож баталдаг байхаар, насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчид нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах өвлөгч нв өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрт даатгалын нөхөн төлбөр авахаар, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тогтоож, энэ хугацааны дараа эх үүсвэрийг сан руу буцаан татах талаар, Хадгаламжийн даатгалд хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт, өөрчлөлтүүдийг хийжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн банкинд итгэх итгэл бэхжих, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, Олон Улсын Валютын Сантай тохиролцсон хөтөлбөр, бодлогын нөхцөл биелэгдэх чухал ач холбогдолтой юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *