Өдгөө 53 настай, Хятадын тэрбумтан Жек Магийн хувийн хөрөнгө 32,7 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байна. Нэгэн цагт сарын 12 ам долларын цалинтай англи хэлний багшаар ажиллаж байсан энэ эрхэм мундаг сурагч байсангүй. Үнэн хэрэгтээ дунд сургуулиа ч төгсөж чадахгүй байж болох байв. Тэрээр “Би бага ангид орох шалгалтад хоёр удаа, дунд ангид орох шалгалтад гурван удаа, коллежид орох шалгалтад хоёр удаа унаж байлаа” гэж байжээ. Коллежид орох математикийн шалгалтад 120 онооноос ганцхан оноо авав. Шалгалтад тэнцэхгүй байна гэдэг нэг хэрэг. Харин нийт авах ёстой онооны нэг хувийг ч авч чадахгүй байна гэдэг өөр асуудал. Хамгийн гол нь шалгалтад хангалттай бэлтгээгүйдээ биш харин математикт муу учраас ийм дүн авсан гэдэг. Тэрээр нэгэнтээ “Би тоонд сайн биш. Менежментийн талаар судалж ч байгаагүй. Одоо ч гэсэн санхүүгийн тайлан хараад ойлгодоггүй” гэжээ. Түүний туулсан амьдрал, бизнесийн замнал тийм ч хүсээд байхаар дардан байсангүй. Дээд сургууль төгссөн хүн бүр л сайхан цалинтай ажилд орохыг хүснэ. Зарим нэг нь хэд хэдэн ажилд орох хүсэлт гаргасан ч амжилт олохгүй тохиолдол бий. Харин Жек Ма бүтэн 30 албан газарт ажилд орох хүсэлт гаргасан ч хэн ч түүнийг ажилд аваагүй билээ. Харвардын их сургуулиас 10 удаа татгалзсан хариу авч төрөлх хотод нь анх удаа KFC нээгдээд 24 хүн ажилд орох хүсэлт гаргахад ганцаараа хасагдаж байжээ. Энэ бүхнийг даван туулж байж тэр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Магадгүй олон хүн шантрах байсан тэр л замналаар Жек Ма гэдэг эрхэм өөрийн өөдрөг үзлээр бүхнийг даван туулжээ. Гэхдээ тэрээр тэрбумтан байхаас илүү сарын 12 ам долларын цалинтай байх нь илүү аз жаргалтай байсан талаар дурдсан байдаг. Түүний “Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй” гэдэг нь магадгүй түүний амжилтын үндэс байх. Алибабаг байгуулсныхаа дараа ч түүний бүтэлгүйтэл үргэлжилсээр байлаа. Эхний гурван жилдээ ашиг олсонгүй. Бүр 18 сарын дараа дампуурлаа зарлахад бэлэн болсон үе ч тэднийг тойроогүй юм. Жек Ма энэ талаараа “Би энэ үеийгээ Алибаба ба 1001 алдаа гэж нэрлэдэг” гэж байв.Жек Магийн амьдралаасаа олж авсан хамгийн том туршлага нь магадгүй алдаа бүхний ард амжилт байж болно гэдэг итгэл байх. Англи хэлний багшийн ангийг дүүргэсэн Ма Электрон үйлдвэрлэлийн институтэд ажиллах болов. Сарын цалин нь дөнгөж 100 юань учраас амьдралаа залгуулахын тулд Ма ажлын хажуугаар орчуулгын ажил хийнэ. Улмаар түргэн хоолны сүлжээ рестораны менежерийн туслахаар ажилладаг болжээ. 1992 онд Ма найзуудтайгаа нийлж, орчуулгын товчоо ажиллуулж эхэлсэн ч энэ нь бүтэлтэй байсангүй. Орлого олохгүй байсан учраас орчуулгын товчоогоо хааж, наймаа эрхлэв. Хувцас, эм, бэлэг дурсгалын зүйлс гээд юу ч хамаагүй зарж байлаа. Харин энэ удаа Ма өөрийгөө дажгүй наймаачин гэдгээ мэджээ. Ингээд 1995 онд Ма АНУ руу очиж бяцхан интернэт кафе ажиллуулж эхэлсэн нь амьдралынх нь эргэлтийн үе байлаа. Интернэт кафедаа орчуулга хийх зар тавьсанаас хойш ердөө хэдхэн цагийн дотор хэдэн арван ажлын захиалга орж иржээ. Нутагтаа буцаж ирээд Ма “Хятадын шар хуудсууд” нэртэй лавлагааны сайт нээсэн бөгөөд сайт нь сурталчилгаанаас бүрэн санхүүжиж байлаа. Энэ үес Ма жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт нээх санаа төрж эхэлсэн байна. Хятад улсын аж үйлдвэр өдрөөс өдөрт хөгжиж, Хятадын бараа дэлхийг бүрхэж байгааг хараад үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгохоор зорьжээ. 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь Ма-гийн амьдралын чухал үе болсон бөгөөд сүүлдээ Yahoo нь Алибаба-гийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон билээ. Ингээд жилийн дараа буюу 1999 онд Ма найз нарын хамтаар 60 мянган ам.доллар цуглуулж, alibaba.com сайтаа нээлээ. Ажлын байр болгож орон сууцны нэг өрөөг хөлсөлж байжээ. Төдөлгүй байдал нааштайгаар өөрчлөгдөж, АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк alibaba.com-д таван сая ам.долларын хөрөнгө оруулав. Мөн 2000 онд Японы харилцаа холбооны Softbank Алибабагийн 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авлаа. Нээгдсэнээсээ хойш ердөө жилийн дараа Алибабагийн хөрөнгө 60 сая ам.доллар болон өслөө. Нью Йоркод гаргасан хувьцааны дараагаас Алибаба дахь Softbank-ийн хувьцаа 74.2 тэрбумаар үнэлэгдэж байв. Ингээд гурван жилийн дараагаас буюу 2002 он гэхэд Алибаба ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Ма Юнь-г хүмүүс барууны маягаар Жек Ма хэмээн дуудах боллоо. Ма бизнесээ өргөжүүлэн хувь хүний мэдээлэлд үндэслэсэн Taobao.com-ийг 2002 онд нээв. Хэрэглэгчдийн тоо нь гэрлийн хурдаар өсч, 2005 онд Yahoo Taobao.com-ийн хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авлаа. Ма бизнесээ цааш улам өргөжүүлж 2010 онд Европын болон АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий aliexpress.com-ийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 400 сая хүн эдний сайтуудаар үйлчлүүлж байна. 2013 оны байдлаар Алибабагийн эргэлтийн хөрөнгө 300 тэрбум ам.доллар байж, хувьцаа эзэмшигчдэд ногдсон цэвэр ашиг нь 1.3 тэрбум ам.доллар болжээ. Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой интернэт худалдааны Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулахаар 15 жилийн тэртээ Ма өөрийн хэсэг найз нарыг өөрийн гэртээ цуглуулж байсан билээ. Харин өдгөө 600 сая интернэт хэрэглэгчтэй Хятад улсад Алибаба сайт нь интернэт худалдааны хамгийн том сайт болжээ
Хэн нэгэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэчнээн олон даваа, нугачааг туулж болохыг өөр хэн ч биш харин Жек Ма харуулж чадсан. Тэрээр “Хэрвээ чи бууж өгөхгүй л юм бол чамд боломж байна л гэсэн үг. Бууж өгнө гэдэг хамгийн том алдаа” гэжээ. Түүнийг тэрбумтан болохоос өмнө гэр бүл болсон эхнэр Жан Ин нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Ма Юн царайлаг залуу биш. Гэхдээ тэр царайлаг залуусын чадахгүйг чаддаг болохоор би түүнд дурласан юм” гэж хэлжээ. Нийт 35 мянга гаруй ажилтантай, жилийн нийт орлого нь 71 тэрбум юаньтай тэнцдэг Алибаба өнөөдөр Хятадын цахим худалдааны салбарыг ноёлж байна. Нью Йоркийн Хөрөнгийн бирж дээр Хятадын Алибаба группийн анхлан гаргасан хувьцааны үнэ дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн амжилтыг тогтоосон. Алибаба 21 тэрбум ам.долларыг төвлөрүүлнэ гэж тооцож байсан ч худалдаа хаагдахад 25 тэрбум хүрсэн байсан юм. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд Алибабагаас өмнө АНУ-ын Женерал Моторс, Хятадын ICBC банк болон мөн Хятадын ХАА-н банк 20 тэрбум хүртэл ам.долларын хувьцааг арилжаалж байв. Нэг бүр нь 68 ам.доллараар үнэлэгдсэн Алибабагийн хувьцаа арилжааны өдөр 40 хувиар өсч 94 ам.доллар хүрсэнээр тус группийн хөрөнгө 231,4 тэрбум амдоллар болсон нь Алибабагийн гол өрсөлдөгч болох АНУ-ын ebay.com-оос гурав дахин их гэсэн үг юм. Ингэснээр Алибаба хөрөнгийн хэмжээгээр дэлхийн тэргүүлэх хорин компанийн тоонд багтаж, Chevron, Facebook, P&G и GP Morgan компаниудыг ардаа орхилоо. Мөн Алибабагийн хувьцааны 8.8 хувийг эзэмшдэг группийг үүсгэн байгуулагч Ма Юнь Хятадын хамгийн баян хүн болсон юм. Түүний хувийн хөрөнгийг Bloomberg-ийн Тэрбумтнуудын индексээр авч үзвэл 32.7 тэрбум ам.доллар болж байгаа аж. Тэрээр ялангуяа Хятадын хамгийн хүнд асуудал болоод байгаа агаарын бохирдолтой тэмцэж өсвөр үеийн ирээдүйг хамгаалах ажилд Ма идэвхийлэн оролцох болсон байна. “Ундны ус, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаас болоод арав хорин жилийн дараа гэхэд Хятадад хорт хавдар гэх мэт өвчин түгээмэл болох нь байна. Тиймээс би үүнтэй тэмцэхэд өөрийн хөрөнгө болон цаг хугацааг зарцуулах болно” хэмээн the Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр цохон тэмдэглэжээ.
Г.АМАРСАНАА