Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

их газрын чулуу зурган илэрцүүд

1.Их газрын чулуу

Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог байна.

Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой юм.

Мөн хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай байна.

2.Дэл уул


Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино.

Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна.

Дэл уулын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус газарт байгаа сүг зураг, буган чулуу, булш, хиргисүүр, руни бичгийн дурсгалыг нэг бүрчлэн бүртгэн, зурагжуулах, карт, дугаар, таних тэмдэгтэй болгон сүг зураг бүхий хадан дэлүүдэд тээврийн хэрэгсэл хэт ойртохоос хамгаалж хаалт, хашлага хийсэн.

3.Бага газрын чулуу

Бага газрын чулуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн байна.

Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 1768 метр өргөгдсөн Тахилгын Хавцал. Өрж тавьсан мэт харагдах боржин чулуугаар бүрхэгдсэн уулуудын дундуур хөндий тал, хөндийд уулаас эх авсан булаг, рашаан урсдаг байжээ.

Аргаль, янгирын томоохон сүрэг, уулын арын тал газарт зээрийн сүрэг бэлчдэг. Бага Газрын Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог.

Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг 2 метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглэсэн байхдаа маш сайхан харагддаг. Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан Нүдний рашаан гэж нэрлэдэг.

4.Онгийн хийдийн туурь

Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937 онд баригджээ.

5.Морин хуур

Мандалговь хотын хойт өндөрлөг дээр 7,5 метр өндөр аварга том морин хуурыг урлан залсан нь Дундговь аймаг дуу хуурын орон гэдгийг илтгэдэг. Энэ аймгийн нэг бренд нь морин хуур. Морин хуур бий болсон түүхийг өгүүлсэн домогт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр жигүүрт хүлэг мориороо хүссэн газраа хүрдгийг мэдсэн хорон санаат нэгэн түүний морины жигүүрийг тас хайчилсанд гашуудсан эзэн нь яг адилхан морин толгой сийлж ширээр нь цар, сүүлээр нь чавхдас хийн морин хуур урлаж сайн хүлгийнхээ алхаа гишгээ, арилжаа хатирааг хуурддаг байсан домогтой. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.

6.Өөш манхан
Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад Өөш манханд хүрнэ. Өлзийт сумын нутаг дахь энэ манхан олон жилийн элсний нүүдэл, цөлжилтийг үл ажран нэг км урт, зуу гаруй метр өндөр элсэн уул хөндөлсөн шаргалтсаар заг, бударганат говио чимэглэж байна. Хөлийн аясаар урсан нурах элсэн уулын оройд мацан гарвал оройн ирмэг хутганы ир шиг агаад хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас хийсэх адил торгон элс намиатан байх аж.

Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагдана. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ.

Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог байна.

7.Дэлгэрхангай уул

Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг байгаа юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг байна.

Гэсрэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзангийн хүү Автай (1534-1586) Далай ламаас Очирбат түшээт хан цөл хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэн тахилгат уул Инэлд “уулсын хаан” (түвдээр Даржаажалба) буюу Дэлгэрхаан цол зарлигаар олгож түүнээс хойш төрийн тахилгатай болгосон бөгөөд Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *