“Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллараар хорогдоод байна.
“Facebook” компани олон нийтийн сүлжээний 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, АНУ-ын сонгуульд ашигласан тухай дуулиан шуугиан дэгдэж байна. Үүнээс үүдэж тус компанийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр асуудал улам хүндэрч компанийн хувьцааны үнэ 7-8 хувиар унаж, компанийн үнэлгээ 60 тэрбум ам.доллараар мөн “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хувийн хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллараар хорогдоод байгаа юм.
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампын сонгуулийн компанит ажилд тусалсан мэдээллийн дүн шинжилгээний “Cambridge Analytic” компани фэйсбүүкийн 50 сая орчим хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч, сонгуульд ашигласан болохыг хэвлэлийнхэн ил болгосон нь энэ бүх дуулианыг эхлүүлсэн юм.
Шүүхэд нэхэмжлэл гаргагчид хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр хэдэн сая хүний хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг гуравдагч талд олгож, хувь хүн, хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой дүрмээ ноцтой зөрчсөн учир хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох тухай ч дурджээ. Эхэндээ хөрөнгө оруулагчид нь энэ талаарх мэдээллийг няцаасан байр сууринаас хандаж байсан ч “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг компаниа улс төрийн зорилгоор ашиглаж, хэрэглэгчдийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь олон сая хүний анхаарлыг татсан билээ. М.Цукерберг “Бид буруугаа хүлээж, Конгрессын өмнө хэргээ шүүлгэхэд бэлэн байна. Мэдээлэл алдагдаж, олон улсын улс төрийн түвшний том асуудал гарна гэж төсөөлөөгүй. 2015 онд үүнтэй адил асуудал үүсэхэд хүчтэй арга хэмжээ авах ёстой байжээ. Маш их харамсаж байна” гэсэн утгатай зүйлс ярьсныг олон улсын томоохон ажиглагчид “Хүмүүсийн хувьд фэйсбүүкийг яагаад ч юм 100 хувь найдвартай гэж итгэж байсан. Харин Марк Цукербергийн мэдэгдэл үүнийг үгүйсгэж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг бусдад арилжсан гэдэг нь батлагдлаа” хэмээн дүгнэсэн юм.
Фэйсбүүкт бүртгэлтэй болсон цагаасаа хойш олон тоглоом, аппликейшн татаж, тоглоом, сонжоо бөглөх, ямар нэгэн уралдаан тэмцээнд бүртгүүлэхдээ фэйсбүүкээрээ нэвтэрсэн бол та дараахь тохиргоог хийж тухайн аппликейшнуудыг устгах ёстой юм байна. Фэйсбүүкийнхээ цэс (menu) рүү ороод Тохиргоо (Setting) гэсэн сонголтыг хийнэ. “Account Settings”-руу ороод “Apps” дээр дарна. “Logged in with Facebook” буюу фэйсбүүкээрээ нэвтрэн орсон зүйлсийн жагсаалт руу ороход таны нэвтэрч орсон аппликейшнуудын жагсаалт гарч ирнэ. Тус бүрийнх нь ар дахь remove товчийг дарж устгана. Мөн таны фэйсбүүкийн найзуудын хэрэглэдэг аппликейшнууд, таны дата буюу хувийн мэдээллийг тань цааш дамжуулж байх магадлалтай учир “Logged in with Facebook” цонхны доорх “Platform” хэсэг рүү орж идэвхгүй буюу “No” гэснийг нь сонгох ёстой юм байна.
Энэ үүссэн нөхцөл байдлаас үүдэж фэйсбүүкийн хэрэглэгчид дээрх зөвлөгөөний дагуу зарим анхан шатны арга хэмжээ авч, ноцтой мэдээлэл, гэрэл зураг, материалуудаа фэйсбүүк дээрээ хадгалахаас татгалзаж, өөр зүйл дээр архивлаж авах явдал их байгаа юм байна. Зарим хэрэглэгчид фэйсбүүкийг хатуу дүрэмтэй болгож, хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах тал дээр маш чанд ажиллах ёстой гэж шаардаж байгаа аж. Дэлхий даяар “#DeleteFacebook” нэртэй фэйсбүүкээс татгалзах аян өрнөж алдартнууд уг аянд нэгдэж байгаагаа илэрхийлж фэйсбүүк хаяг, хуудсаа албан ёсоор устгаж байгаагаа эхнээсээ зарласаар байна. Энэ аяныг түүчээлж байгаа алдартны нэг бол “WhatsApp”-ын үүсгэн байгуулагч Брайан Эктон. Хятад зэрэг улс фэйсбүүкийг анхнаас нь иргэдийнхээ мэдээллийг хулгайлах зорилготой хэмээн сэрдэж энэ тал дээр хатуу байр суурь баримталсаар ирсэн. Фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг орнуудын хэрэглэгчид сүүлийн өдрүүдэд “Facebook” компани руу захидал олон мянгаар нь бичиж “Цаашид бид яах ёстой юм бэ” гэсэн гомдоллосон, эргэлзсэн асуулт тавьж байгаа аж.
Дэлхийн бусад орнууд ч энэ өрнөж буй асуудлыг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрүүлэхгүй, ард иргэд, фэйсбүүк хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалах тал дээр санаа зовниж үндэсний хэмжээний дата компани, мэргэжилтнүүдтэйгээ нийлж гарц хайж эхэлсэн байна.
“Фэйсбүүк хэрэглээ Монголд-2018” судалгаанд дурдсанаар манай улс дахь фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1.7 сая байсан бол 2018 оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 саяд хүрчээ. Монгол Улсын фэйсбүүк хэрэглэдэг 18-с дээш насны нийт хүн амын 66 хувь нь 18-34 насныхан. Энэ үзүүлэлт 2017 онд 70 хувь байжээ. Мөн энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Үүнээс үзвэл Монголд гурван хүн тутмын хоёр нь фэйсбүүк хаягтай гэсэн үг. “We are social” байгууллагаас жил бүр гаргадаг Сошиал медиа, интернэт хэрэглээний статистик тайланд Монголд гар утсаар фэйсбүүкт холбогддог хэрэглэгчдийн хувь 95 хувьд хүрчээ. Мөн ахимаг насны эмэгтэйчүүдийг үеийнх нь эрчүүдтэй харьцуулахад фэйсбүүкт илүү идэвхтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Дээрх тоо баримтаас үзвэл Монголын хүн амын 60 гаруй хувь нь фэйсбүүкт бүртгэгджээ. Хэрэвзээ фэйсбүүк үнэхээр хэрэглэгчдийнхээ мэдээллийг арилждаг, улс төрийн зорилгоор хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэн нэгэнд хуваалцдаг бол энэ ноцтой, үндэсний аюулггүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал.
Тэгэхээр бид фэйсбүүк шиг үндэсний хэмжээний аппликейшнтэй болох ёстой юм байна гэсэн хувилбар гарч ирж байгаа юм. Дэлхийн зарим орнууд фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэгтэй өрсөлдөхүйц хэмжээний томоохон аппликейшнуудыг бүтээгээгүй ч улс дотроо хэрэглэдэг, нийгмийн сүлжээний бүтээгдэхүүнүүдтэй болчихоод байгаа. Зарим нь фэйсбүүкийг хэрэглэхийг зорьж өөрсдийн бүтээсэн аппликейшнуудаа хэрэглэхийг уриалдаг.
“Фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээнүүд нь хэрэглэгчдээсээ биш, хөрөнгө
оруулагчдаасаа санхүүждэг. Эхлээд хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж хөл дээрээ босож, дараа нь бирж дээрээс мөнгө босгодог. Монголчууд тийм хэмжээний нийгмийн сүлжээг хийж чадахгүйдээ биш, түүнийг дэмжих хөрөнгө оруулагч байхгүйд л хамаг учир байгаа юм. Шууд гаргаад ирэх бэлэн зүйл байхгүй ч аливаа юмыг эхнээс нь сурч суралцаж бий болгодог. “Фэйсбүүк” чинь нэг л өдөр гэнэт гарч ирээгүй. Гаргаж ирэхийн тулд 10 жил хөдөлмөрлөсөн байдаг шүү дээ. Тийм болохоор хөрөнгө оруулагчид нь байвал монголчууд “Фэйсбүүк”-ээс илүү гараад байхааргүй ч, дутахааргүй үндэсний хэмжээний нийгмийн сүлжээг бий болгочихож чадна. Нөөц бололцоо, боловсон хүчнүүд нь бий” гэж “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат ярилаа. Ингэхээр бид үндэсний аюулгүй байдал, иргэдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд үндэсний хэмжээний нийгмийн сүлжээтэй болох шаардлага тулгарчихаад байна.