ХБНГУ-ын Берлин хотноо болсон өсвөрийн сагсанбөмбөгчдийн “Easter Cup 2018” тэмцээнээс 2 алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Оон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBА/-ны ивээл дор зохион байгуулдаг энэ удаагийн “Easter cup 2018” олон улсын тэмцээнд манай улсын долоон багийн 100 орчим тамирчид оролцсон юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 17 насны ангилалд гуравдугаар сарын 29-ноос дөрөвдүгээр сарын 2-нд болж, энэ оны шилдгүүдээ тодруулсан.
Энэ удаагийн тэмцээнд Монгол охид, хөвгүүд гайхалтай чадварлаг тоглож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал, хөвгүүдийн 15 насны ангилалд Ундрах дасгалжуулагчтай Монгол Улсын нэгдүгээр баг ганц ч хожигдолгүйгээр аварга болж Г.Дөлгөөн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч” болсон.
Харин хөвгүүдийн 13 насны ангилалд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёр оноогоор хожигдсон багаа аваргын төлөө хожиж аварга болсон байна. Мөн 13 насны Монгол Улсын шигшээ багийн тоглогч Т.Тэмүүлэн тоглолт бүрд онцгой чадварлаг байж тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгджээ.
анай багуудаас финалд хүрсэн бас нэг баг нь Б.Өлзийбат дасгалжуулагчаар удирдуулсан Монгол Улсын 14 насны хөвгүүдийн шигшээ баг байв. Тэд аваргын төлөө хүндхэн тоглолтыг хийж АНУ-ын шилдэг багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медалийн эзэд боллоо.
Харин Д.Тунгалаг, У.Гэрэлт-Од, Б.Саранцэцэг дасгалжуулагчидтай манай охидын 14 насны баг хожигдох эрхгүй чухал тоглолтод өрсөлдөгчөө илт илүүрхснээр хүрэл медаль хүртсэн билээ.