Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад төлөвшүүлэх хэрэгтэй гэв

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Peer Counseling” хөтөлбөрийг танилцууллаа.

Европын холбоо, АИФО олон улсын байгууллагын санхүүжилтээр Тэгш нийгэм холбоо ТББ, Монголын бие даан амьдрах төвүүдийн үндэсний холбоо хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын эрх чөлөө, оролцоо, хөгжлийг дэмжих зорилгоор өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон аж.

Энэ үеэр Монголын бие даан амьдрах төвүүдийн тэргүүн Ч. Ундрахбаяр “Би оюутан байхдаа гэмтэл аваад суугаа болсон. Олдмол гэмтэлтэй. Нэг л өдөр ийм болоод сэтгэл санааны цохилтод орсон. Энэ байдалдаа дасан зохицож, өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ бүх асуудлыг шийддэг зүйл бол зөвлөлдөх үйлчилгээ. Гэмтсэнийхээ дараа хоёр сургууль төгссөн. Би ганцаараа шийдээд сураагүй. Адилхан нөхцөл байдалд буй залуучуудтайгаа ярилцаж итгэл үнэмшил төрсөн. Бие даан амьдрана гэхээр хүмүүст амархан сонсогддог. Улс бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яавал дээр вэ гэсэн асуудал бий. Энэхүү асуудлуудыг асрамжийн төвд аваачих, тусгай сургууль цэцэрлэгт байлгах, тусгай хот үүсгээд өгөх гэх мэт янз янзын бодлого санаачилж байсан. Манай улсад эмнэлгийн загварыг хэрэгжүүлж байлаа. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэтгэвэр өгөөд гэрт нь байлгах, гэр бүлийн хүмүүсээр нь асран халамжлуулах юм. Жилээс жилд хөгжил дагаад үүнийг бид өөрчлөх шаардлагатай болж байна. Энэхүү зөвлөлдөх үйлчилгээ нь Монголд шинэ учраас яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байна. Хууль хэрэгжихийн өмнө загвар төсөл хийж харуулах гээд байгаа юм. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудынн нийгмийн оролцоог нэмэгдүүлж чадваржуулах, бие даан амьдрахад бэлтгэнэ. Бид нарын хувьд тулгуур эрхтэн голлосон учраас ажлын байрны хүртээмж бага байдаг. Энэ хөтөлбөрт 30 залуу хамрагдаж байна. 20 нь анх удаа олны дунд орж үзэж байгаа. Гэртээ нуугдаад амьдардаг гэсэн үг. Нуугдах хэрэггүй давах хэрэгтэй. Давахын тулд энэ хөтөлбөр хэрэгжих гэж байна” гэлээ.

Peer Counseling буюу Зөвлөлдөөн гэдэг нь адил нөхцөл байдалд буй ижил бэрхшээлтэй хүмүүсийн хооронд нийгмийн амьдрал, хууль эрхзүйн талаар ярилцлага, зөвлөгөө, зөвлөлдөөн хэлбэрээр явагдаж, бие биедээ дэмжлэг үзүүлэн амьдралын итгэл үнэмшил олгох үйл ажиллагаа ажээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *