Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Засгийн газар ипотекийн зээлийг хөнгөвчилж, иргэдээ хямд орон сууцаар хангахад онцгой анхаарч байна

Жил бүр зохион байгуулдагбарилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа инженер, техникийн ажилтнууд, барилга, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөлчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө барилга, хот байгуулалтын чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.

Мөн Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэх, дуусаагүй байгаа төсөл, хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах, тус салбарын инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг шинэ дэвшилтэт технологид сурган мэргэшүүлж, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар та бүхний ажлыг бүх талаар дэмжих болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *