Төв аймгийн Алтанбулаг, Аргалант сумын нутаг дэвсгэр төрийн тусгай хамгаалалттай “Хустайн байгалийн цогцолбор газар”-т есөн халиун буга агнасан хэрэг гарчээ. Хууль бус анчид есөн бугыг мотоцикль, мориор хэдэн талаас нь шахаж хөөсөөр бахардуулсан байна. Үүний дараа эврийг нь хөрөөдөж, лантуугаар хуга цохиж авсан ул мөр үлджээ. Дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг, УМБГ-ын Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэнэ. Дархан цаазат амьтныг эврийг нь авахын төлөө бахардуулж алсан гэмт хэргийг сурвалжлахаар “Хустайн байгалийн цогцолбор” газрыг энэ сарын 3-нд зорьсон юм. Биднийг очих үед “Хустайн байгалийн цогцолбор газар”-ын дарга нар нийслэл хотыг зорьсон байв.
Есөн бугыг Хустайн нурууны Эхэн усны ам гэх газарт агнажээ. Хэргийн газарт очиход цогцолбор газрын байгаль хамгаалагчид, аймгийн цагдаагийн хэлтсийн гэх хүмүүс ирсэн бололтой олон машины мөр ийш тийш зурайн гарчээ. Байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар мотоцикл, морьтой хүмүүс есөн бугыг сүргээс нь тасалж хөөсөн байсан гэнэ. Багцаагаар 4-6 километр газарт хэдэн талаас нь шахаж хөөсөн бололтой гэж байв.
Хустайн нуруу орчимд өнгөрсөн жилийн наймдугаар сарын 10-ныг хүртэл улаан гантай байсан гэнэ. Оройтож орсон бороонд өвс дөрвөн хуруу ч хүрэхгүй ургасан аж. Ган ихтэй байснаас Хустайн нурууны зэрлэг амьтад олигтой тарга тэвээрэг авч чадалгүй өвөлтэй золгожээ. Гэтэл арваннэгдүгээр сараас сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ороогүй их цас орсон гэнэ. Гуу жалганд 4-5 метрийн цас хунгарлаж, тэгшхэн газраа морины дөрөөлөхөөр татсан цастай өвөл болжээ. Цогцолбор газрынхан өвс, тэжээл өгч байж арай гэж хэдэн буга, тахь зэрэг амьтдаа онд мэнд оруулжээ. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Хустайн нурууны ойр хавиар бугын эвэрт шунасан хууль бус анчид эргэлдэх болсон байна.
Сүргээсээ тасарсан есөн буга хууль бус анчдад хөөгдөж явсаар гүн жалганд ороод бахардаж унасан нь тодорхой байгаа аж. Гэмт хэрэгтнүүд хүч чадал нь барагдаж хөл дээрээ босч чадахгүй тийчилж хэвтэх бугануудыг алаад эврийг нь хөрөөджээ. Бүр заримынх нь дагзыг цөм цохиж, эврийг нь мулт татжээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын үзэж байгаагаар гэмт хэрэгтнүүд гэмт хэргээ бүрэнхий болж байхад үйлдсэн бололтой байгаа гэнэ. Эврийг нь авсан буганыхаа дэргэд тамхи татаж, сууж, хэвтэж амарсан ул мөр хэргийн газарт үлджээ. Ингээд зогсохгүй шар айраг уусан бололтой тайрсан сав, бөглөө зэрэг зүйлс байсан аж. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн зүйлд яарч сандраагүй, тайван сууж байгаад явсан байжээ. Үүнээс гадна гэмт хэрэгтнүүд Хустайн цогцолбор газрынхны дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байсан байж болзошгүй аж. Тодруулбал, гэмт хэрэг гарах үед тус цогцолбор газрын удирдлагууд нийслэл рүү ажлаар явсан, байгаль хамгаалагчдын эргүүл, хамгаалалт суларсан үе таарсан гэнэ. Үүнийг хууль бус анчид овжин ашигласан байна. Анх тус цогцолбор газарт 150 гаруй буга тоологдож байсанбол өнөө жил мянга гаруй буга бүртгэжээ. Хэдийгээр бугын тоо жилээс жилд өсөж байгаа ч энэ мэт хууль бус ан тус цогцолбор газарт удаа дараа гарсаар байгаа юм. Сануулбал, тус цогцолбор газрын бүсэд 2012 онд 13 буга агнасан хэрэг гарсан билээ. Тухайн үед гэмт хэрэгтнүүд бугын цусан эвэр, чив зэргийг авахаас гадна хэзээ мөдгүй янзагалах дөхсөн согооны гэдсийг хүү татаж, савыг нь аваад явсан байсан билээ. Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч өнөөдрийг хүртэл уг хэрэг илрээгүй. Энэ мэт ховор амьтан агнасан хууль бус ангийн хэргүүд цагдаа нарын сейфэнд хэдэн жил дарагдаж байгаад хэрэгсэхгүй болдог байдал энэ хэрэг дээр ч давтагдахгүй гэх баталгаа байхгүй юм.
“БУГЫН ЭВЭР КИЛОГРАММ НЬ 80 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС АНЧДЫГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ СЭДЭЛ ӨГЧ БАЙНА” ГЭВ
Есөн буга агнасан хэргийн талаар “Хустайн байгалийн цогцолбор газар”-ын дарга Ц.Дашпүрэв “Хустайн нуруунд 1200 халиун буга болон бусад төрлийн амьтад нутаглаж байна. Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 6000 гаруй буга байдаг гэсэн тоо баримт бий. Нэг дор хамгийн олон буга төвлөрч нутагладаг нь Хустайн нуруу юм. Тиймээс жил бүрийн өдийд хулгайн анчид бугын ясан эвэр авахын тулд энэ амьтныг хэдэн цагаар ч хамаагүй машин, мориор хөөж бахардаж унасных дараа эврийг нь хөрөөдөж, ямар нэгэн хүнд мохоо зүйлээр мулт цохиж авдаг гэмт хэрэг гарах болсон. “Хустайн цогцолбор” газрынхан бүх хүч бололцоогоор хулгайн анчидтай тэмцэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Бид өдөрт 20-30 хүнийг хамгаалалттай бүсээс гаргадаг. Ойр хавийн малчид болон залгаа сумдын иргэд мал хайх нэрийдлээр тусгай хамгаалалттын бүсэд нэвтэрдэг. Байгалийн цогцолбор газар урт 40 километр бол өргөн нь 20 километр юм. Бас санамсаргүй байдлаар, тарвага агнах гэсэн хүмүүс ч ирдэг. Зөвшөөрөлгүй ирсэн иргэн болгоныг зөрчлийн хуулиар торгох хуулийн заалттай болсон. Өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар хууль бусаар ан амьтан агнасан иргэдэд ногдуулах хариуцлага чангарч, торгууль шийтгэл нь ч тодорхой болсон. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дүрэм журмыг зөрчиж зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно. Харин албан байгууллага компанийг 30 хүртэлх сая төгрөгөөр торгохоор заагаад өгчихсөн байгаа. Бид одоогоор зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдийг торгохоос илүүтэй сануулах арга хэмжээ авч байна. Бид бугын эвэр авдаг газрууд ямар үнэтэй авч байгаа талаар хүмүүсээс сураг сонссон. Килограмм нь 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэсэн. Бугын нэг эвэр дунджаар 2-3 килограмм л болдог. Өөрөөр хэлбэл, хэдхэн төгрөгөөс болж дархан цаазат амьтныг олноор нь хядаж байгаа нь харамсалтай. 2012 онд гарсан хэрэгтэй холбоотойгоор цогцолбор газрын хэмжээнд арав гаруй хяналтын камер суурилуулсан байгаа. Гэсэн хэдий ч гэмт хэрэгтнүүд камергүй газраар нэвтэрч орсон байна лээ. Бүх газрыг камержуулна гэхээр хөрөнгө санхүүгийн хувьд маш өндөр зардал гараад байгаа. Эргүүл хамгаалалтаа чангатгаж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх олон ажил хийж байна” гэв.
“ЦАГДАА, ПРОКУРОРЫНХОН ХУУЛЬ БУС АНЧДЫН ТОЛГОЙГ ИЛЖ ЭРХЛҮҮЛЭЭД БАЙНА” ГЭВ
Төрийн тусгай хамгаалалттай газарт дархан цаазат бугыг агнасан хэрэг гарсан талаар Хустайн нурууны ойролцоо амьдардаг нэгэн эх сурвалжтай уулзаж ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцалж, хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
-Саяхан есөн буга агнасан хэрэг гарсан байна. Гэмт хэрэгтнүүд бугыг бахардуулж агнасан байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Хууль бус ангийн хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Хэргийн газарт очиж үзсэн. Энэ хэргийг бугын эвэр хууль бусаар худалдаалдаг сүлжээ гэмт хэрэгтнүүд үйлдсэн байна гэж үзэж байгаа. Хэрэг гарах үед харуул хамгаалалт суларсан байсныг гэмт хэрэгтнүүд мэдэж байсан байгаа юм. Шуудхан хэлэхэд байгаль хамгаалагчдын зарим нь, энэ хавийн малчид хууль бус ангийн гэмт хэрэгтний бүлэглэлд орчихсон гэдгийг онцолж хэлмээр байна. Цогцолбор газрынхан хэдийд эргүүл хийх гэж байгаа, хаана ямар камер суурилуулсан гээд бүх нарийн мэдээлэл алдагдаад байгаа юм. Үүнээс болоод тусгай хамгаалттай газарт хууль бус ангийн хэрэг гараад байна. Жил болгоныг хавар бугын эвэр түүгчид ирдэг. Бүр бугын эвэр түүгээд их хэмжээний мөнгөтэй болдог бүлэглэл бий болчихоод байна шүү дээ. Байгаль хамгаалагч нартай уулздаг, гэрт нь ирээд архи дарс уудаг, малчдын гэрээр байнга ирж очдог хэдэн хүн бий. Тэднийг шалгах хэрэгтэй байна. Энэ сүлжээг илрүүлэхгүй юм бол Хустайн нуруунд олон амьтан жам бусаар үхэж үрэгдэнэ. Шунахай сэдэлтнүүдийн буу дуу, бусармаг үйлдэл гарсаар байх болно.
-Цагдаа нар хэргийг шалгаж байгаа биз дээ. Өмнө нь хэд хэдэн буга агнасан хэрэг илрүүлж байсан санагдаж байна?
-Хустайн нурууны цогцолбор газрын байцаагчид одоогоос жил согоо бууд-сан хоёр иргэнийг барьж, Төв аймгийн цагдаад өгсөн байдаг. Тэднийг шүүх хурал болж Хустайн нурууны цогцолбор газрын байгаль хамгаалагч гэрчээр оролцсон юм. Гэтэл шүүгч нь хэрэгтнийг биш манай байгаль хамгаалагчийг яллах шахуу юм болж, “Чи байгаль хамгаалагч юм бол амьтнаа алуулахгүй хамгаалах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байна” хэмээн буруутгаж байсан. Хэргийн холбогдогч сэтгэцийн өвчтэй болж, хэрэг хариуцах чадваргүй гээд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна лээ. Тэр үед ах, дүү хоёул явсан. Хэргийн газарт тэр дор нь цагдаагийнхан очсон. Гэтэл тэд сүүлд нь “Бид согоо алаагүй, цагдаагийнхан шуудайтай мах машинд авчирч тавиад, биднийг алсан болгож, зодож хүчээр хийгээгүй хэрэг хүлээлгэсэн” гэх мэт худал зүйл ярьсан байсан. Хэрэгт холбогдсон нөхрийн дүү нь нэг дээд сургуулийн захирал юм байна лээ. Ахыг нь хэрэг хүлээх чадваргүй, дүүг нь согоо алаагүй, зүгээр л машин барьж явсан” гээд тэднийг ямар ч шийтгэлгүй гаргасан. 2012 онд 13 буга агнасан хэрэг гарсан. Тэр хэргийг Мөнххөхий гэж хүн үйлдсэн гээд л байсан. Хустайн нуруунд гарсан хэрэгтэй холбоотойгоор баахан хүн барьсан. Бүгд ял зэмгүй л хэргээ прокурорт “сэгсэр”-чихээд явсан. Цагдаа, прокурор үнэндээ хууль бус анчдын толгой илж, эрхлүүлээд байна. Би нэг зүйлийг хэлэх үү есөн буга агнасах хэрэг хэзээ ч илрэхгүй. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн болчихоод л яваад өгсөн. Энэ хавийн ганц хоёр хүнээс байцаалт авсан байх.
БУГА АГНАСАН НЬ ТОГТООГДВОЛ 7.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Экологи, эдийн засгийн үнэлгээгээр хууль бусаар буга агнасан нь тогтоогдвол 7.5 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультай. Хохирлыг төлүүлэхдээ энэ тоог гэмт этгээдээр хоёр дахин үржүүлж төлүүлдэг журамтай. Өнгөрсөн жил батлагдсан амьтны тухай хууль өмнө нь мөрдөж байсан хуулиас арай дээр болсон ч учир дутагдал их байгааг хуульчид хэлж байв. Гэхдээ энд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэсэн зүйл заалтыг танилцуулъя. Нэгдүгээрт, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Хоёрдугаарт, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.