Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 50-р өргөрөгөөс урагш зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах ажлын хэсэг байгуулахыг аймгийн Засаг дарга Л.Ганболдод үүрэг болголоо.
Тус аймаг 50 дугаар өргөрөгөөс хойш газар нутгийг аймгийн ИТХ-ын 2009 оны хуралдаанаар орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилээр авч, 2014 онд үргэлжлүүлэн 25 жилийн хугацаатай сунгасан байна. Цаашид эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50-р өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөж байна.
50 дугаар өргөрөгөөс өмнөх аймгийн газар нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан, ургамлын экологийн хувьд чухал ач холбогдол бүхий судалгааг ажлын хэсэг байгуулан, үр дүнг тооцон орон нутгийн хамгаалалтад авах саналаа энэ сарын 20-нд болох ээлжит бус VII хуралдаанд өргөн мэдүүлэх ажээ.