“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” эхэллээ. Манай улс энэхүү аяныг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.
Аяны хүрээнд ХАБЭЙ-н үндэсний чуулган болон шилдэг илтгэлийн уралдаан, Нийслэлийн хөдөлмөрийн газар, 9 дүүргийн ХАБЭЙ-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт болох аж. Мөн “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт плакат, богино хэмжээний шторк, уралдаан зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
-2007-2017 ОНЫ ХООРОНД 6414 ХҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ӨРТСӨН. ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН 50.1 ХУВЬ НЬ 18-35 НАСНЫ ЗАЛУУЧУУД БАЙНА-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга Б.Нямдэжид “Залуучуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн санал санаачилгыг улс орнууд гаргаарай гэсэн уриалгыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн.
Энэ жилийн аяныг “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор хийж байна.
Сарын аяны хүрээнд хийх ажлуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлаар мэргэшсэн сэтгүүлчийг бэлтгэнэ. Асуудлаа мэддэг сэтгүүлч ослыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна” гэв.
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг дэлхий нийтээрээ Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарлсан бөгөөд манай улс 1999 оноос тэмдэглэж эхэлсэн юм.
Б.АМАРТҮВШИН