Categories
мэдээ нийгэм

Гар утасны хулгайчдыг нөлөөллийн сургалтад хамруулав

Зураг

Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайтай тэмцэх албаныхан бүртгэлтэй, үйлдлийг нь хянаж байдаг хулгайч нарыг цуглуулан сургалтад хамруулав. Он гарсаар нийслэлд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 85.4 хувийг гар утасны хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Нийслэлд гар утасны 6000 орчим худалдаачин байдгийн ихэнх нь хулгайн гар утас худалдан авч өөрчлөлт хийгээд, эргүүлэн зардаг сүлжээ болсныг тус албаныхан хэлэв.

Нийслэлийн цагдаагийн газраас “Бүртгэл” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй этгээдүүдээс судалгаа авч дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү нөлөөллийн сургалт зохион байгуулжээ. Мөн Нийслэлийн цагдаагийн газраас гар утасны худалдаа эрхлэгч иргэдтэй уулзаж, хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар хэлэлцүүлэг хийсэн. Гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, цагдаагийн байгууллага хамтраад www.smartdevice.mn сайтыг удахгүй ажиллагаанд оруулах гэж байна. Иргэд тус сайтад гар утасныхаа IMEI код, утасны дугаараа өөрийн нэр дээр бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломж бүрдэнэ. Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй болно гэсэн үг. Нэг хүн өөрийн ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой болно гэдгийг ч хулгайчдад анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *