Categories
мэдээ цаг-үе

“Хурд” -ын философи

Хамтлагууд тодорхой хэмжээний өндөрлөгт гарчихаад тал тал тийш тараад явчихдаг, ямар нэгэн баяр ёслолыг тохиолдуулаад дахин эргэн нийлж уран бүтээл хийж, ганц удаа тоглоод л буцаад алга болчихдог жишээ олон. Гэтэл “Хурд” хамтлаг 25 жилийн турш хамт байж, уран бүтээлээсээ нэг ч өдөр хөндийрөөгүй. Үйлдвэр комбинат дахь бэлтгэлийн байрандаа сүүлийн арван жилийн турш ганц ч өдөр алгасахгүй, ганц ч бэлтгэл таслахгүй уран бүтээлээ явуулж байна. Тоглолт хийж, шинэ уран бүтээл гаргаж өнөө цагийн рок, попын ертөнцөд өөрсдийн орон зайгаа улам тэлж хүчирхэгжсээр байна. “Хурд”-ын үйл хэрэг одоо цаг дээр яригдаж байгаа биз, “Тэгж байна”, “Ингэж байна” гэж. Монголын урлагт “Хурд” хамтлаг 25 жил болох хугацаанд анхны шүтэн бишрэгчид дээр нь дараагийн хоёр үе нь нэмэгдэж фенүүд нь залуужиж, Ази, барууны орнуудад шүтэн бишрэгчид нь өдөр өдрөөр өсөж байна. Тэд “Бид чөлөөт уран бүтээлч” гээд бэлтгэлээ цалгардуулж ганц ч өдөр бэлтгэлээ таслаагүй. Өдөр болгон бэлтгэлдээ очиж, хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг төрийн зарим албан хаагчдаас ч илүү ажилдаа үнэнч зүтгэдэг. “Хурд”-ынхан цаг үргэлж бэлтгэлээ хийж, бөмбөрөө нүдэж, гитараа хөглөж студидээ дуу бичиж, шинэ дууны шүлэг, яруу найраг эрэл сурал хийж, хажуугаар нь дуунуудаа дүрсжүүлэх ажлаа амжуулж тасралтгүй ажилладаг. Мэдээж, хүн 25 жилийн турш нэг л ажлаа, нэгэн хэвийн юм хийгээд байхаар уйдах, зугтах мэдрэмж төрж өөр ажил, хамт олон хайж мэднэ. Харин “Хурд”-ын залуус энэ бүхэнд тэвчээртэй, уйгагүй хандаж 25 жилийн турш хамтлагийн ажлаа хийж, Цогоо дуулсаар л явна. Хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Бид үүнээс өөр юу хийж чадах юм бэ. Энэ бол бидний талхаа олж иддэг ганц арга. Тийм болохоор талхтай байхын тулд бид өдөр болгон бэлтгэлээ хийж байна. Хүн чаддаг ганц юмаа л сайн хийх хэрэгтэй” гэж ярьсан удаатай.

Тэдэнд бөмбөрөө нүдэхээс, бэлтгэлээ хийхээс ч дургүй нь хүрэх тохиолдол байлаа ч бэлтгэлийнхээ байранд ирж цугладаг. Тэднийг хэн ч бэлтгэлдээ ир гэж шаардаагүй байхад дүү нар нь түрүүлж ирээд Д.Ганбаяр ахаа хүлээж л суудаг. Ийм их хүмүүжил, хүндэтгэл, уйгагүй зан ховор шүү. Тэд “Бид алдаршлаа” гээд өөрсдийгөө дөвийлгөж, өндөр такстай тоглолт хийж, тоглолтынхоо тасалбарыг үнэд хүргээгүй. Тэд нэр хүндтэй боллоо гээд өөрсдийгөө “ваакум”-жуулаагүй. Харин ч нэр алдрын оргилд гарах тусмаа бөхийж, мэхийж, Монголын ард түмэн, шүтэн бишрэгчдэдээ зориулж дуртай дууг нь хийж өгч, дуулсаар явна. Явцуу хүрээ, хэсэг бүлэг хүмүүст л зориулагдсан гэмээр сонгодог мэтийн зарим урлагийнхан уран бүтээлээ тухайн хүрээний үзэгчдэдээ л хүргэдэг гэж хээнцэрлэж тансаг байдал гаргадаг бол “Хурд” хүн бүхэнд зориулж, дуртай, таалагдсан дууг нь тус бүрт нь зохиож дуулдаг. Тиймээс “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Би Монголтойгоо адилхан”, “Эх орон” гээд олон хит дууг нь гадаадад амьдарч байгаа монголчууд төдийгүй эх орондоо байгаа иргэд ч нулимстай дуулах нь бий.

“Хурд” хамтлагийн энэ баримталж ирсэн зарчим, нийтэд хандаж буй хандлага, биеэ авч яваа даруу байдал бол маш том философи юм. Юманд уйгагүй, чин шударга, тасралтгүйгээр зүтгэсээр байдаг, дургүй хүрэх үедээ ч “Бид бэлтгэлээ хийх ёстой” гэж шүд зуун тэвчсээр байх тэр ухааныг “Хурд”-ын философи гээд байгаа юм.

Энэ бол одооны залуус гэлтгүй хүн бүрт дутагддаг чанар. Хэрэв монголчууд бид “Хурд”-ын философиор явбал эзэмшсэн, сонгосон ажил, мэргэжлээрээ амжилттай ажиллаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтыг гайхамшигтайгаар хурдлуулна, томоор ярихад шүү дээ. Тогтвор суурьшилгүй, “Тэгж байгаад энэ муу ажлаасаа гарч өөр гоё ажилтай болно оо” гэж мөрөөдөгсөд зөндөө. Ийм сэтгэлгээгээр ажилдаа хандсан хүний ажил урагшлахгүй, тэрийгээ дагаад амьдрал нь ч дэвждэггүй. Нэг л их билэг ухаан, авьяастай, олон гадаад хэлтэй, гадаад дотоодод сурсан дипломтонгууд. Гэвч тэднээс “Хурд”-ын философийн дайны юм гардаггүй. Тийм сэтгэлийн хатгүй болохоор дороо хий самардаж санаа нь хоёрддог. “Хурд”-ынхны амнаас л лав энэ олон жилийн турш “Манай хамтлаг дэлхийд нэр нь түгсэн алдартай хамтлаг болно” гэсэн үг гарч байгаагүй юм шүү. Харин энэ их хөдөлмөр, уйгагүй байдлаа “Ингэж л бид талхаа олж иддэг” гэж даруухан тайлбарладаг. “Хурд”-ын философиор бид урдах урдах ажлаа тасралтгүй, уйгагүй хийсээр байх ёстой, эцсийг нь үзтэл тэр л ажлаа хийгээд байх хэрэгтэй юм. Монголчууд бид нэг өдөр гялалзтал сайн ажиллаад түүндээ сэтгэл ханаад, маргааш өдөр нь ямар ч ажлыг хаяад явдаг. Амьдралын ийм хэвшил нь өөрсдийг нь амжилтад хүргэлгүй хорлоод байдаг. Уйдсан ч бай, сонгосон ажлаа л цааш үргэлжлүүлээд явбал тэр нь хэвшил болж зовлон байхаа больж, эзнээ талх байтугайд хүргэдгийг “Хурд” хамтлагийнхан харуулж байна.

Хамтлагууд дундаас амьд хөгжмийн хамтлагийн шүтэн бишрэгчид илүү үнэнч байдаг гэдэг. Үнэнч шүтэн бишрэгчдэд нь ч “Хурд”-ын философи нөлөөлдөг бололтой. “Хурд”-ын тоглолтын тасалбарыг авах гээд өмсөж явсан савхин хүрмээ зарсан фен залуу, “Хурд”-ынхны зурагтай сонины хайчилбар цуглуулж, Хүүхдийн баяр болгоноор “Хурд”-ынханд бэлэг авчирч өгдөг эмээ гээд энэ хамтлагийн шүтэн бишрэгчид олон байдаг тухай тус хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Өдрийн сонин”-д “Нүргэлүүлээд өгнө өө” хэмээх гарчигтай ярилцлага өгөхдөө дурдаж байсан билээ. Тэрээр ярилцлагын үеэр “Олон жилийн өмнө Төв аймагт жаахан охин зургийн дэвтэр дээр наагаад, гялгар уутанд хийчихсэн асар олон цуглуулгаа танилцуулж билээ. “Хурд”-ын талаар сонин дээр гарсан бүх л мэдээ сэлтийг зураг хөрөгтэй нь хайчилж хадгалсаар ирсэн байсан. Тэр охинтой дахин таарахсан гэж бид боддог юм. Нэр усыг нь мартжээ. Харвал ч танина л даа. Одоо хаана, юу хийж яваа бол оо” гэж сурагласан юм.

Төв аймгаас Б.Лхамжав гэх эмэгтэй холбогдож “Танай сонинд өгсөн Д.Ганбаяр ахын ярилцлагыг олж уншлаа. Түүний хайгаад байгаа шүтэн бишрэгч нь би байгаа юм аа. 21 жилийн турш “Хурд”-тай холбоотой сонины хайчилбаруудыг цуглуулж байна” гэсэн юм.

“Хурд” хамтлагийн шүтэн бишрэгч Б.Лхамжав: “Хурд” бол миний нэг хэсэг

Ингээд “Хурд” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч, түүх нийгмийн ухааны багш Б.Лхамжавтай ярилцсанаа хүргэж байна.

-“Хурд” хамтлагийг хэдэн настайгаасаа сонсож эхэлсэн бэ?

-Энэ талаар яривал их урт түүх болно доо. Би багадаа тархи, нугасны хүнд өвчнөөр өвдсөн, бие муутай хүүхэд байлаа. Дунд ангид байхаас л байсхийгээд бие өвдөөд хичээлээсээ чөлөө аваад эмнэлэгт, гэртээ хэвтчихнэ. Гэртээ олон хоногоор хэвтэнэ. Хэвтэж байхдаа уйдна гэж жигтэйхэн. Тэр үед ямар азаар манайд “Хурд”-ын нэг хуурцаг байж таарсан юм бэ дээ. Тэгэхэд “Ээждээ” дуу нь дөнгөж гарчихаад байсныг ч хэлэх үү, ХИТ болж, клипэн дээр нь нэг даруухан ах урт үсээ задгай тавиад толгой сэгсрээд дуулна. Ямар гоё дуулдаг ах вэ гээд л бодоод өнгөрдөг байлаа. Харин тэр хуурцгийг нь сонссоноос хойш нэг л мэдэхэд энэ хамтлагийн дуунуудад дуртай болчихсон байсан. Тэрнээс хойш 21 жилийн турш “Хурд” хамтлагийн үнэнч фен гэгдээд явж байна даа.

-Тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр олон мянган фенүүд дундаасаа таныг онцолсон шалтгаан нь юу юм бол оо?

-2000 оны УИХ-ын сонгуулиар юм, тэр үед “Хурд” хамтлаг “Эрэл” компанитай хамтарч ажилладаг байсан болохоор “Эрэл-Хурд” гэж нэртэй байлаа. Эх орон-Монголын ардчилсан социалист намаас нэр дэвшигчдийг дэмжээд тус хамтлагийнхан Төв аймагт очиж тоглолт хийсэн юм. Тэгэхэд би 14 настай байсан юм. “Хурд”-ынхны сонин хэвлэлд гарсан зураг хөргийг нь дагнаж цуглуулаад хоёр гурван жил болчихсон байлаа. Би тэр тоглолт дээр цуглуулгаа бариад очлоо. Анх удаа би шүтэн биширдэг хамтлагийнхныхаа барааг харж байгаа нь тэр. Хөл газарт хүрэхгүй, тэнгэрт хөөрч байгаа юм шиг бөөн баяр хөөр болж байгаа юм. Тоглолтын дараа автобусанд нь ороод гарын үсгүүдийг нь авахад “Хөөх чи ямар мундаг юм бэ” гэж гайхацгааж магтаж билээ.

-Шинэ дуу, уран бүтээлийг нь хэр хурдан олж сонсдог байв?

-Надад олддог зүйл нь сонин. Гэрэл зураг, фото нь бол олдоно гэж байхгүй. Аймгийн холбооны доор шуудан хүргэж, авдаг газрын тэнд жижигхээн тасаг байсан юм. Тэндээс очиж сонин худалдаж авна. Сонинуудыг эргүүлээд л зогсчихно. Сонин зардаг эгч намайг бүр мэддэг болчихсон. Байгаа бүх сониныг нь эргүүлж “Хурд”-ын тухай мэдээ, нийтлэл, өчүүхэн төдий цээж зураг нь нийтлэгдсэн ч байсан тэр сониныг худалдаж авдаг байлаа. Тэр үед сонин 300 төгрөгийн үнэтэй байсан юм. Дөрөв, тавдугаар ангийн хүүхэд 300 төгрөг гэдэг чинь их мөнгө. Жаахан охиныхоо хобби, сонирхлыг дэмжиж тусалдаг байсан эмээ, өвөө, ээждээ баярлаж явдагаа илэрхийлж байна.

-Нэг хамтлагийг олон жилийн турш шүтээд байхаар тэр хамтлагийнхаа гишүүн тус бүрийн амьдрал, ааш авирыг мэддэг болчихдог байх даа?

-Саяхан би “Хурд” хамтлагийн нэгэн шүтэн бишрэгчтэй танилцсан юм. Би тэр эгчид “Цогоо ах нэг их гоё гэр бүлтэй болоосой. Хараад л баймаар гэр бүл байдаг даа. Хоёр биенээ тэнгэрт тултал магтаад л үнэн голоосоо нэгнээрээ бахархаад үр хүүхдээ дагуулаад явж байгаа гэр бүл байдаг даа. Тийм л гэр бүлтэй болоосой гэж би чин сэтгэлээсээ боддог юм” гэж ярьж байсан юм. “Хурд” хамтлаг бол миний нэг хэсэг дээ.

-Таны цуглуулганд юу юу байдаг вэ?

-Би саяхан сонины хайчилбаруудаа тоолоход 1633 ширхэг зураг байна лээ. Зургаан хуурцаг, найман цомог, 2003 оноос хойших бүх тоглолтынх нь тасалбар байгаа. Бүгдийг нь үзсэн гэсэн үг. 2003 онд хотод оюутан болж ирээд л тоглолтыг нь үзэх боломж бүрдсэн л дээ.

-Нэг хамтлаг, дуучныг ингэж олон жилийн турш үнэнчээр шүтэн бишрэх нь тухайн хүнд юу өгдөг юм бэ?

-Би өөрт тохиолдсон зүйлээ ярья л даа. Ангийнхан, үеийнхэн маань намайг өвчнөөр минь далимдуулж шоолоход надад эмзэг тусдаг байсан, охин хүүхэд болохоор эмзэг байхаас ч яахав. Сэтгэл хэцүү үед “Хурд”-ын дууг сонсоход өөрийн эрхгүй тайвшраад гоё юм мөрөөдөөд сэтгэл минь амгалан болчихдог байсан юм. Арай өөр, задгайдуу хэв маягийн хамтлагийг шүтээнээ болгосон бол би өсвөр насандаа задарч, эвдрэх байсан болов уу гэж боддог юм. “Хурд” хамтлагийнхан чинь тийм биш. Олуулаа өссөн, хар бор амьдралаас гарч ирсэн хүмүүс учраас надад сайнаар нөлөөлсөн гэж боддог.

-Та бүх дууг нь мэдэх нь тодорхой байх?

-Бардам хэлнэ шүү, тэрнийг бол. Онгирч байгаа ч юм биш. Дууны нот нь эхлээд 2-3 такт явахад л тийм дуу гээд нэрийг нь хэлээд бүх шүлгийг нь цээжээр нь уншиж чадна (Инээв).

-“Хурд”-ын дууг сонсохгүй удаж байсан тохиолдол бий юу?

-Сонсохгүй удахаар өлсгөлөн хүн шиг болчихдог ш дээ. Зун Дундговь аймагт очоод нэлээд удлаа. Сар гаран боллоо. Тэгтэл Дундговьд том даншиг боллоо доо. Тэрэн дээр “Харанга” хамтлаг дууллаа. Уг нь их мундаг хамтлаг. Тэгтэл би дуунуудаас нь ямар ч мэдрэмж аваагүй. Танихгүй хүнтэй яриад байгаа юм шиг ерөөсөө ой тойнд бууж өгөхгүй байсан юм. Мэддэг дуу яваад байгаа ч надад дасал биш санагдаад болохгүй байсан. Тэгээд гэртээ ирээд “Хурд”-ынхаа хэдэн цомгийг ээлжилж сонссон чинь хичнээн их тайвширсан гээч. Хүн чинь их хачин байдаг юм байна (Инээв).

-Оюутан хүнд тоглолтын тасалбар худалдаж авна гэдэг том асуудал шүү?

-2004 онд “Монголд төрсөн” тоглолт нь боллоо. Тэрийг үзэх гэсэн чинь мөнгө байдаггүй. Тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхэд би дөнгөж хоёрдугаар курс. Надад 15 мянган төгрөг бол чанга. Тэр үед надад байсан үнэ цэнтэй ганц юм нь монетон бөгж. Эмээ маань намайг оюутан болоод хот руу ирэхэд “Түмний олон, ганган охидын дунд орно. Энийг зүү” гээд тэр бөгжийг өгч байсан юм. Ломбард энэ тэрд түр тавиад эргүүлээд авчихаж болно гэж яагаад ч бодоогүй юм. “UB palace”-ийн гадаа очсон чинь 15 мянган төгрөгийн тасалбарыг хүмүүс 50 мянган төгрөгөөр шаглаж байлаа. Би өнөө бөгжөө тасалбараар солиод дотогшоо орчихож билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *