Categories
мэдээ цаг-үе

Завхан аймгийн Тэс сумын бүрэн дунд сургуулийн 1988 оны төгсөлт болох “8B” ангийнхан

Завхан аймгийн Тэс сумын бүрэн дунд сургуулийн 1988 оны төгсөлт болох “8B” ангийнхан “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. Тэд бага ангиа “Боловсролын тэргүүний ажилтан” С.Үдэнбаарай, дунд ангиа Д.Өнөрчимэг багшийн удирдлага дор 29-үүлээ төгсжээ. Тэд дунд сургуулиа төгсөөд гуч дахь хавартайгаа золгож байгаа нь энэ юм. Төгсөлтийнхөө гучин жилийн ойгоо угтаж төрөлх сургууль дээрээ 2018 оны долдугаар сарын 11-нд уулзахаар болжээ. Уулзалт зохион байгуулах хариуцлагатай үүргийг Ч.Гантулга, Д.Ариунбаатар, ангийн дарга Б.Батсайхан нар хүлээгээд байгаа аж. “Нэг ангийнхан” булангаар уулзалтын тов зарласнаа ангийнхандаа дамжуулж байгаагаа ч Улаанбаатар хотод байх нөхөд нь уламжилсан. Тэд дунд сургуулиа төгсөөд тал тал тийш нисэн одож, сая нэг амсхийн халуун ам бүлээрээ уулзах гэж буй нь энэ юм. Хэдий анги танхимдаа мөр зэрэгцэн суулгүй гучин жилийг ардаа орхисон ч Тэс голынхоо хөвөөн дээр даарах, ядрахаа үл анзааран тоглон наадаж байсан мөчүүд нь одоо ч тэдний сэтгэлд тодхон.

“8B” ангийнхан сургуульдаа сурлага, урлаг, спортоороо эхний эгнээнд жагсана. Тэд ангиараа нэгэн жигд сайн сурлагатай. Тэр дундаас Д.Ариунбаатар, Б.Мөнхтогтох нар гоцорно. Математик, физикийн хичээлдээ тун сайн Б.Мөнхтогтохын хувьд сургуулийн тэргүүний сурагчаар ч тодорсон нь бий. Сайхан дуулдаг Х.Энэбиш, Д.Төвсанаа нар урлаг уран сайхны арга хэмжээнд тэргүүлж оролцоно. Б.Батсайхан спортоороо ангийнхнаа манлайлаад зогсохгүй сургуулийнхаа нэрийн хуудас болдог байж. Сагс тоглоно, гүйнэ, бөх барилдана гээд түүнд чадахгүй спортын төрөл тун ховор. Авхаалж самбаа, идэвх санаачилгатай энэ ангийнхан дэггүй, дүрсгүйгээрээ ч сургуульдаа онцгойрно. Ч.Гантулга, Г.Баттулга тэргүүтэй дүрсгүй хөвгүүдээс багш нар ч халагладаг байж. Тэд охидыг төдийгүй үеийнхэн, дүү нараа ч шоглох нь энүүхэнд.

Энэ талаар Ч.Гантулга “Г.Баттулга бид хоёр их ч дүрсгүй байж. Бид хоёр үймүүлж байгаад физикийн хичээл дээр тааруухан дүн авч билээ. Уг нь хичээлдээ тааруу нөхөд биш л дээ. Тухайн үед нэг нь л буруу зүйл хийсэн бол бүгдээрээ шийтгүүлдэг байсны нэг жишээ тэр болов уу. Манайхан ангиараа шийтгүүлсэн тохиолдол бишгүй их. Бүгдээрээ коридорт гараа өргөж зогсоно, анги цэвэрлэнэ. Ер нь эргээд бодоход бид ч их дүрсгүйтэж багшийнхаа цалингаас багагүй хасуулдаг байж. Тэглээ гээд багш минь бидэнд гомдож тунирхаж байсан удаагүй. Аль болох л өмгөөлж, хамгаалж, хичээлд нь суулгах гэж хичээдэг байж дээ. Намайг хүмүүс одоо ч багын зангаар минь дүрсгүй гэж боддог шиг байгаа юм. Одоо бол өнөөх дүрсгүй нөхөд их томоожсон шүү. Хүний хань, аав, бүр өвөө ч болцгоосон байна.

Бид Тэс голынхоо хөвөөн дээр өвөл зунгүй л тоглож наадацгаадаг байлаа даа. Өвлийн улиралд өглөө гэхэд голын хөвөөгөө дагаад битүү манан болчихсон байдаг сан. Өвлийн тэр хүйтэнд биеийн тамирын хичээл гадаа орох нь цөөнгүй. Манай сумын урд талд онгоцны буудал бий л дээ. Хоёр километр орчим үргэлжилсэн урт төмөр хашаа байдаг юм. Бид ч даарахыг үл ажран өнөөх хашаагаа тойроод гүйнэ. Зарим нэг нь нуугдана, дөтлөнө. Тэгж яваад багшдаа баригдана гээд хөгтэй юм их болдог сон. Яагаад ч юм манай сумынхан биеийн тамиртаа их сайн. Цаг уурын эрс тэрс байдал ч их нөлөөлдөг байх” хэмээн ярьсан.

Ч.Гантулгыг өнгөрсөн шинэ жилээр хүмүүнлэгийн үйлс олонтаа хийсэн хэмээн төрийн дээд “Алтан гадас” одонгоор мялаажээ. Тэрээр тэмдэглэлт баяруудаар хэд, хэдэн хувьд асрамжийн газруудаар явж хүүхдүүд баярлуулдаг байна. Мөн жүжигчин Г.Ундармаатай хамтран сайн үйлсийн аянд хамтран ажилласаар иржээ. Одоо тэд “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-ийн зарим хэсгийг засаж, янзлахаар ажиллаж байгаа юм байна.

Түүний хувьд ангийнхаа 30 жилийн ойн уулзалтад зориулж “Бид нэг ангийнхан” хэмээх шүлэг тэрлэжээ. Шүлгийн мөртөөс дурдвал

“Адилхан бичигдсэн хайрын захиаг

Ангийн охиндоо олуул атгуулсан

Анхил багын гэнэн жаалууд

Амьдрал хүүрнэх эрчүүд болжээ

Аяа, хөвгүүд минь

Ангийн андууд минь

Бид нэг ангийнхан

Бид нэг үеийнхэн

Буурал хяруу тэргүүнд нь суусан ч

Буцаад нэг ангийнхан” гэсэн байна.

Тэд сахилга сул, дүрсгүй ангийн тоонд ордог байсан ч хоорондоо тун эвтэй байжээ. Бусад анги шиг хэд, хэдээрээ нийлнэ гэж үгүй. Шийтгүүлсэн ч, магтуулсан ч хамтдаа л явдаг байж. “30 жилийг ардаа орхисон ч гэнэн багын тэр сэтгэл үргэлжилсээр л явна даа. Нэг нь эмнэлэгт хэвтсэн ч бүгдээрээ л очиж эргэдэг байж билээ. Ганц удаа ч биш. Өдөр бүхэн очдог сон. Хаа нэгтээ уулзахаараа бид бусад руугаа ярьдаг юм” хэмээн тэд хуучилсан.

“8B” анги 11 охинтой. Ангийн хамгийн хөөрхөн охинд Н.Энхцэцэг, С.Сарантуяа нар орно. Тэдгээрт захиа илгээсэн хэнийг ч ангийн хөвгүүд зүгээр орхидоггүй байсан гэнэ. Одоо Н.Энхцэцэгийн хувьд зургаан сайхан хүүхэд төрүүлж өсгөн Алдарт эхийн нэгдүгээр одон хүртжээ. Тус ангийнхан өнөөдөр бүгдээрээ салбар бүртээ амжилт дүүрэн яваа. Тэр дундаа “Жи ти эл” ХХК-ийн захирал “Алтан гадас” одонт Ч.Гантулга, Итальд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол анагаах ухаан“ эмнэлгийн захирал С.Сарантуяа, физик, математикийн багш Б.Мөнхтогтох, Улаанбаатар төмөр замын Хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга Д.Ариунбаатар нар нь сум орон нутаг, цаашилбал Монгол Улсынхаа нэрийг гаргаж яваа юм. Дунд сургуулиа төгсөөд мал маллахаар сэтгэл шулуудсан ангийн нөхдөөс нь Р.Болдбаатар, Г.Баттулга, Х.Доржрагчаа, Н.Энхцэцэг нар мянгат малчин болжээ. Мөн ихэнх нь хувиараа бизнес эрхэлж байгаа бөгөөд амжилт, бүтээл олз омог дүүрэн явж байгаа аж.

Дашрамд дурдахад, “8B” ангийнхан гучин жилийнхээ уулзалтын хүрээнд сургуулийнхаа спорт заалны зураг төслийг гаргаж өгчээ. Учир нь Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургууль спорт заалныхаа зураг төслийг гаргаж чадаагүйн улмаас засварт орж чадахгүй цөөнгүй жилийг үдсэн юм байна. Зураг төсөл нь хэдийнээ бэлэн болчихсон учир тун удахгүй Завхан аймгийн Тэс сумын хүүхэд, багачууд шинэхэн спорт танхимтайгаа золгох нь ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *