Categories
мэдээ цаг-үе

Ц.Багмид: Нефть импортлогчид нэгдэж чадвал томоохон нэг үйлдвэр элбэг барьчихна даа

Монголын анхны нефть боловсруулалтын инженер, доктор, профессор Цагаанхүүгийн Багмидыг урьж ярилцлаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр саяхан энгэрээ мялаасан Ц.Багмид гуай нефтийн үйлдвэрийн талаар иж бүрэн судалсан, социализмын үед Монголын анхны нефтийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан хүн билээ.


-Та Монголын анхны нефтийн үйлдвэр болох Зүүнбаянд ажиллаж байсан тухайгаа ярихгүй юу?

-Монголоос ЗХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит Нефтийн дээд сургуульд очиж суралцсан анхны дөрвөн хүний нэг байлаа. 1960 онд сургуулиа төгсөж ирээд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Би эхлээд хоёр сар орчим оператороор ажиллаад ерөнхий инженер болж 27 насандаа үйлдвэрийн дарга болсон. Уг нефтийн үйлдвэр 200 гаруй ажилтантай байсан. Улсад Налайхын дараа ордог том үйлдвэр байлаа. Тухайн үед Зүүнбаянд нефтийн үйлдвэрийг Монголын тал мэдэлдээ авчихсан байсан юм. Уг нь 1949 онд Зүүнбаянгийн үйлдвэрийг Оросын Засгийн газар байгуулсан юм. Нефть олборлодог, боловсруулдаг, хайгуул хийдэг гурван хэсэгтэй үйлдвэр байсныг 1957 онд оросууд манайд үнэгүй шилжүүлсэн юм. Мөн Сайншандад нефтийн баазтай байлаа. Энэ нефтийн үйлдвэр хаагдах болсон шалтгаан нь түүхий эд нь байхгүй болсон. Мөн газар дороос гардаг газрын тосны ил харагдах нөөц ч багассан. Зүүнбаянд тэр үед тогтоогдсон нөөц нь хоёр сая тонн байсан. Түүнээс бид 600 мянган тонныг нь аваад шууд ундарч гарч ирэхгүй болсноос цаашаагаа авч чадаагүй. Тухайн үед өнөөгийнх шиг техник технологи ч байсангүй.

-Тухайн үед манай улс нефтиэ боловсруулаад, шатахуунаа үйлдвэрлэдэг байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бид газрын гүнээс нефтиэ аваад, гурван дамжлагаар боловсруулаад, бензин, дизель түлш, мазот, кокс гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан. Коксыг нүүрсний оронд түлдэг байлаа. Нүүрсийг бодвол 4-5 дахин илчлэгтэй түлш шүү дээ. Тухайн үедээ Дорноговь аймгийн хэмжээнд л түлшинд ашиглаж байсан. Мазутыг нь нэгдүгээр цахилгаан станцад хэрэглэдэг байлаа. Бензин, дизелиэр говийн хэдэн аймгийг хангадаг байсан үйлдвэр юм. 1962 оны үед бол Монгол Улсын шатахууны 30 орчим хувийг хангаж байсан. Ийм л хүчин чадалтай үйлдвэр байсан. Тухайн үйлдвэр 1950 онд ашиглалтад орсон гэж үзвэл 15-20 жилийн дараа тоног төхөөрөмжийг нь солих ёстой байсан. Шинэчлэл хийх асуудлыг 1968 онд Л.И.Брежнев манай улсад айлчлах үеэр ярьсан юм билээ. Л.И.Брежнев “Танайх үүнийг шинэчлээд хэрэггүй. Манай Ангарскт дэх үйлдвэр танай жилийн хэрэгцээг долоо хоногийн дотор л гаргана. Эндээс танайхыг хангаж өгнө” гэсэн зөвлөмж өгсөн шиг байгаа юм. Бид өөрсдөө шинэчлэх боломж байгаагүй тэгээд үйлдвэр хаагдсан.

-Манай улс нефтийн үйлдвэртэй болохоор олон жил яригдаж буй ч үйлдвэрээ барьж чадаагүй л байна. Нефтийн үйлдвэр барих санал санаачилга улсын хэмжээнд нийт хичнээн удаа яригдаж байсан бэ?

-Ерөнхий сайд асан Д.Содном гуай 1979 онд үйлдвэр байгуулах талаар санаачилга гаргаж, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж Орос руу захидал бичиж байсан ч дэмжигдээгүй. 1990 оноос хойш хайгуул хөгжиж эхэлсэн. Миний хувьд 1994, 1995 оноос хойш яригдаж байсан бараг бүх төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлтэй нь танилцаж заримд нь шинжээч хийж байлаа. 50 мянган тоннын бага хэмжээний үйлдвэрийн 10-аад төсөл бий. 1998 онд “Оюуны ундраа” компани Налайхад нэг сая 500 мянган тонны үйлдвэр барья гэсэн төслийг хийсэн нь боломжийн гайгүй төсөл байсан. Хөрөнгө оруулалт нь бүрэн хэмжээгээр хятадынх байсан болохоор дэмжигдээгүй гэж ойлгосон. Жижиг үйлдвэрүүдээс нэрлэвэл “Сүмбэр ойл” компани Зүүнбаянд жилийн 50 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулах гэж нэг хэсэг явсан. Багануурт гэхэд одоогийн УИХ-ын дарга М.Энхболд шав тавьж байна л гэсэн. Багахангайд бас шав тавьсан гэх мэтчилэнгээр шав тавьсан газар бол олон байдаг. 2000 оны сүүлээр “Сод Монгол” компани Сайншандад үйлдвэр барина гэсэн. Энэ бүхнээс хамгийн гайгүй боловсруулсан төсөл нь 2000 онд “Алтан Дорнод” компанийн захирал Паушокийн 61-ийн гарам дээрх Рашаантад үйлдвэр барих төсөл. Орос талаас ч тэр манай талаас ч тэр энэ төслийг дэмжээгүй. Дараачийн яригдсан төсөл Дархан-Уул аймаг дахь үйлдвэр. 2008 онд “Тоёото” компанийн инженерээр техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн. Бараг зураг төсөл нь бэлэн болчихсон. Гол асуудал нь хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэрийн түүхий эд нь заавал өөрийн улсын түүхий эд байх ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоол гарчихсан байсан. Хэрвээ импортын түүхий эд хэрэглэх болвол гаднаас оруулж ирж байгаа шиг ялгаагүй импортоос хамааралтай хэвээрээ байна гэж үзсэн учраас дэмжигдээгүй. Дараа нь Аж үйлдвэрийн яам байгуулагдаж Бор-Өндөрт үйлдвэр барихаар техникийн үндэслэлийг хийж шав тавьсан. Одоо тэгээд Засгийн газар солигдоод Дорноговьд Энэтхэгийн зээл тусламжаар үйлдвэр барина гэж байх шиг байна.

-Хамгийн сүүлд шийдэгдсэн байгаа Дорноговь аймагт нефтийн үйлдвэр барих болсон төслийг та хэр сайн төсөл гэж харж байна вэ?

-Ерөнхийдөө бололцоотой газар. Гэвч аймгийн төвөөс 20 км зайтай газарт заавал хийх хэрэг байсан ч юм бил үү. Манай улс газрын тосоо Дорнодоос авч таарна. Тэгэхийн тулд 600 км газарт шугам зайлшгүй татна. Дорнодын талд газрын тос олборлож буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн нефть нэмэх 23 градуст царцдаг. Ийм газрын тосыг хоолойгоор шахахын тулд тусгай технологи хийх ёстой ч өртөг өндөрсөнө. Тамсагаас олборлож байгаа тосны 24 орчим хувийг л Монголын тал авах мэдэлтэй. Цаад үлдсэн 76 орчим хувь нь Хятадын Засгийн газар эсвэл хятадын компанийн мэдлийнх гэсэн үг. Тийм учраас газрын тосыг манай хүссэн хэмжээгээр өгөх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Энэ нь улсын бодлоготой холбоотой асуудал. Үйлдвэр байгуулсан нөхцөлд эхний ээлжинд манай талд өгнө гэж гэрээнд туссан заалт бас бий. Эхний ээлжинд өгнө гэдэгт ямар хугацаанд ямар хэмжээгээр гэсэн тодорхой тоо хэмжээ заагаагүй. Тамсагийнхан тэндээс тосыг дэлхийн зах зээлийн үнээр өгнө гэж байгаа. Дэлхийн зах зээлийн үнээр царцамтгай тос заавал авах нь хэрэгтэй ч юм уу. Хэрэв Оросоос түүхий эдийг авах болвол Ангарскаас л зөөнө. Энэ нь мөн оросын бодлоготой холбоотой болно. Тийм учраас бид үйлдвэр барихдаа улсын хэмжээнд бие даасан бодлого гаргаад явна гэвэл учир дутагдалтай. Тал талын ашиг сонирхлуудыг нэгтгэж хоёр том хөрштэйгөө бодлогоо уялдуулахгүй бол бид дангаараа шийдээд явбал нэг өдөр л ажил зогсоно. Ер нь боловсруулах үйлдвэрийн 84 хувь нь түүхий тосны үнэ шингэсэн байдаг гэж үздэг. 100 ам.доллар гэж үзвэл 84 доллар нь түүхий тосны үнэ байх нь. Тэгээд 84 ам.доллараар газрын тосыг дэлхийн зах зээлийн үнээр авчихаад дараа нь учиргүй хямдхан бензин үйлдвэрлэнэ гэдэг бас эргэлзээтэй.

-Манай улсад одоо нэмж газрын тосны нөөц илрэх болов уу?

-Дорнодын Тамсагаас өөр Зүүнбаянд 70 мянган тонныг олборлож байна. Тамсагийнх жилдээ нэг сая 500 мянган тоннын нөөцтэйгөөр олборлож байгаа. Үүнээс өөр газрын тос олборлож байгаа газар байхгүй. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай 1996 онд дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан тэр цагаас хойш 20 гаруй жил өнгөрсөн ч нэмж нөөц олоогүй л байна. Одоогоор нийт 20 гаруй газарт газрын тос байж болзошгүй гэж ихэвчлэн гадны хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил хийгдэж байна. Үнэхээр газрын тос байхгүй бол гадаадын компаниуд орж ирнэ гэж байхгүй. Байгаа нөөцийг илрүүлэхэд тодорхой хугацаа шаардагдаж байна. Дуулдаж байгаагаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд хятадын нэг компанийн эзэмшлийн талбайд нефть илэрсэн гэж дуулдсан. Илэрнэ гэдэг чинь байж ч магадгүй байхгүй ч байж мэднэ гэсэн үг. Дорнод аймагт бас илрэл гарсан л гэсэн. Манай улсад газрын тос Арабынх шиг ч юм уу хэт том орд илрэхгүй гэж геологичид үздэг.

-Нефтийн үйлдвэр барих гэсээр байтал дэлхий нийтэд орлуулах дэвшилтэт технологи гараад ирсэн. Манай Монголын нөхцөлд тухайлбал, байгалийн хийг ашиглах, нөөц байх бололцоотой юу?

-Манайд байгалийн хий байхгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ бол геологичдийн мэдэх асуудал л даа. Байгалийн хий байгаа тохиолдолд ашиглахад болно л доо. Гэхдээ хий чинь бас зохих хэмжээгээр боловсруулагддаг эд. Миний бичсэн “Шатахуун орлуулах алтернатив түлш” нэртэй нэг ном бий. Байгалийн хий, нүүрснээс шингэн түлш гаргах нүүрсний метан гэж бий. Дулаан орнуудад спирт хэрэглэж шатахуун гаргаж байна. Бразильд бидний уудаг спиртэд шатахууныг холиод хэрэглэдэг. Манай нөхцөлд газар тариалангийн ургац тогтвортой биш болохоор спиртээр орлуулах нь тохиромжгүй. Харин нүүрсээр шатахуун үйлдвэрлэх боломжтой. Их олон техник эдийн засгийн үндэслэлийг манайхан гаргасан байсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шатахууны үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэлийг хятадын компаниуд хийсэн байна. Жижиг, том маш олон төсөл байдаг ч одоогоор хэрэгжсэн юм байхгүй байна даа. Ер нь эрдэмтдийн үзэж байгаагаар 2050, 2060 оны үед шатахууныг орлуулсан түлшээр хийнэ. Устөрөгчийг хэрэглэнэ гэж үздэг. Одоо устөрөгчөөр явдаг автомашиныг түрүүчээсээ хийгээд эхэллээ.

-Манайх улс нефтийн үйлдвэртэй болоогүй шалтгааныг хоёр улсын бодлого болон манай улстөрчдийн хамаарлаас үүдэлтэй гэж бас үздэг. Өнгөрсөн хугацаанд үйлдвэртэй болох боломж үнэхээр байгаагүй хэрэг үү?

-Хардалт хэлж байх шиг байна. Манайх нефтийн үйлдвэртэй болчихвол гадны хамаарал багасна л даа. Валютын мөнгөн урсгал дотооддоо шингэнэ. Нефтийн үйлдвэрээ барьчихвал бид дотроо тодорхой зохицуулалтыг хийж болно. Хэрэглэгч нарт хямдхан гаргах уу, тухайн үйлдвэрт татаасыг нь өгөх үү, төсөвт импортоос орж ирдэг татварыг хэрхэх вэ гэх мэт зохицуулалтыг хийж болно. Хэрвээ нефтийн үйлдвэрээ барьчихвал хайгуулын ажил маш их идэвхжинэ. Манайхан үйлдвэр барьснаар ажлын байр нэмэгдэнэ гэж яриад байгаатай би санал нийлдэггүй. Миний үзэж байгаагаар үйлдвэрт үндсэн 300 гаруй хүн л ажиллана. Нефтийн үйлдвэр ихэнх нь автомат тохируулгатай учраас ажлын байр ихээр гардаггүй. Манай улсад олон жижиг үйлдвэр хэрэггүй дээ. Жижиг үйлдвэрээс чанартай бүтээгдэхүүн гардаггүй. Евро стандартад хүрдэггүй. Нефтийн үйлдвэр барих нь огт ашиггүй байна гэж байхгүй. Заавал ашигтай байх нь мэдээж. Уг нь нефть импортлогч нар бүгдээрээ нийлж нэгдвэл томоохон нэг үйлдвэр элбэг барьж байгуулчихна даа. Нэгдэх сонирхол байдаггүй шиг байгаа юм.

-Манай улсын нутаг дэвсгэрийн хоёр ч газар газрын тос олборлон гаргаж байгаа хэрнээ гадны компаниудад эрх мэдлийг өгчихсөн байгаа. Одоо нефтийн үйлдвэртэй болох тухай яригдаад эхлэхээр манайх дотоодоосоо дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах нөхцөлтэй тулж байна. Та энэхүү гэрээг Монголын талд хэр үр дүнтэй болсон гэж үздэг вэ?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гадны компанид ихээхэн эрх мэдлийг өгчихсөн нь үнэн. Тухайн үед гадны хөрөнгө оруулалтад дэмжлэг хөнгөлөлт үзүүлэх ид сонирхолтой байсан үе. Уг нь бол Дорнодын Тамсаг дээр рояалти татварыг авах ёстой байсан. Өмнөх хуулинд рояалти татвар авна гэсэн заалт байсан. Манай гэрээ байгуулсан нөхдүүд мэдлэг, мэдээлэл дутуу байсан учраас рояалти татварыг аваагүй, шууд зардлөө нөхнө утгаар гэрээг хийсэн. Дорнодын гэрээ 1997 оноос эхлээд 2031 онд дуусгавар болно. Тэр үед Тамсагийн нөөц эрс буурна. Үнэндээ манай төр засгийн эрхмүүд үндэснийхээ мэргэжилтнүүдийг үгийг дуулахгүй гадны нэг нөхөр үг хэлбэл тэрийг нь дагаж хуйлрах байдал одоо хүртэл хэвээрээ байна. Одоо Дорноговь аймагт баригдах үйлдвэрийг заавал төмөр замаас 20 км зайтайгаар хийх шаардлага байсан гэж үү. Гурван км зайтай хийж болох байсан. Говь нутагт хаана ч тэгш тал олдоно. 20 км-ийг нөхөх авто зам, төмөр зам гээд л наад зах нь 200, 300 тэрбум төгрөг бас шаардагдах байх. Үүний цаана яг ямар ашиг сонирхол яваад байгааг нь хэлж мэдэхгүй юм. Зарим нь ундны усанд ойрхон хийхгүй гэж үзсэн гэсэн тайлбарыг хэлэх л байх. Олон км зам дэд бүтэц барьснаас ганц усны турба тавих нь өртөг хамаагүй хямд тусна. Манайхан хаана үйлдвэр барих вэ гэдгээ бараг сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг шиг бололтой юм. Эсвэл Монголын талаас гарах мөнгөнөөс шомбодох гэж зориуд өртөг өндөртэй байхаар болгодог ч юм уу хэн мэдэхэв.

-Та өнгөрсөн хугацаанд хаана ажиллаж байв. Эрдэмтэн, судлаач таны туршлага, мэдлэгийг залуучууд ашиглая, хамтран ажиллая гэх саналыг тавьж байв уу?

-Би Монголын анхны нефтийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад дараа нь Төлөвлөгөөний комисст ажилласан. Хангамжийн хороонд ажиллалаа. Эрхүүд худалдааны төлөөлөгч, яамны харьяа газрын эрдэм шинжилгээний захирлаар ажилласан. 1990 оноос хойш НИК ХК-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш ШУТИС-д багш, зөвлөх багшаар ажиллалаа. Мэргэжлийн чиглэлийн 10 гаруй ном гаргалаа. Өнгөрсөн хугацаанд миний үгийг дуулахаар ирж байсан хүн байхгүй ээ. Би Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзах хүсэлт гаргаад уулзаж чадаагүй. Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзах гээд бас чадаагүй. Яахав анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хааяа уулзаж санал зөвлөлдөх юм даа. Намайг үйлдвэрийн дарга байхад Д.Очирбат Шарын голд ерөнхий инженерээр ирж байсан хуучны танилууд л даа. Одоо харж байх нь ээ Ашигт малтмал, газрын тосны газар гэх мэт мэргэжлийн яамд газруудад яг мэргэжлийн улсууд маш их цөөрсөн байна. Бараг байхгүй ч гэж хэлж болохоор. Байсан мэргэжлийн хүмүүсээ засаг солигдохоор халаад хөөгөөд явуулчихсан. Манайх шиг жижиг зах зээлтэй улсын хувьд нефтийн салбарын харьяа бүх газрууд нь хоорондоо маш уялдаа холбоотой ажиллаж чадвал гараас арай дөнгүүр ажил гарчихаар.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *