ОХУ-ын Кемерова мужийн худалдааны төвд томоохон түймэр гарч, 64 хүн амиа алдаад байгаа билээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кемеровад иржээ. Эмгэнэлт явдалтай холбоотойгоор тус мужид гурван өдрийн гашуудал зарлаад байгаа юм.
“Зимняя вишня” худалдааны төвд өнгөрсөн ням гарагт гарсан түймрийг даваа гарагийн өглөө унтрааж дууссан билээ. Гал маш хурдан авалцаж, худалдааны төвийн кино театраар үйлчлүүлж байсан хүүхдүүд сураггүй болж, тэдний наймынх нь цогцсыг олсон байна. Хүүхдүүд бүгд бага насных байжээ.
Нас барсан хүмүүсийн цогцсыг таниулах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгааг Оросын Онцгой байдлын газраас мэдээлжээ.
Олон улсын төр, засгийн тэргүүнүүд ОХУ-д эмгэнэлт явдал болсонд харамсч буйгаа илэрхийлсээр байна.