Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 метрийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байдалтай байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нарт үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан, болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна. Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажил зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж буй ажээ.
Гуравдугаар сарын эхээр Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байв. Жишээлбэл: Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75% нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын савын 90% цастай, цасны усны нөөц нь 0.40 шоо.км байна. Харин Увс нуур, Тэс голын савын 85% нь цастай, цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна.
Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.