Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарыг тэгш,сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар 2018 онд нийслэлд хэрэгжүүлэх автозам барилгын төслүүд, түгжрэлийг сааруулах бодлого болон боловсролын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд буюу ирэх сарын 15-аас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Ажлын хэсгээс хоёр төрлийн санал боловсруулсан байна.

Нэгдүгээрт: дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраана гэв. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Хоёрдугаарт: Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байна.

Мөн цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэх юм. Энэхүү төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тодотгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *