Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн үнэтэй алмаас “Ягаан од” 83.2 сая долларын үнэтэй

Катийн зүүж буй энэ бөгжний анхны эзэн нь Диан гүнж

Одоо дэлхий дээр жилд 100 орчим тонн синтетик алмаас үйлдвэрлэж, үйлдвэр болон гоёл чимэглэлд ашиглаж байна. Алмаасны чанарыг 4С гэсэн хэмжигдэхүүнээр үнэлдэг. С-carat буюу жин, С-clarity буюу тунгалаг байдал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт гэж.

Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан алмаасуудын нэгдүгээрт, “The Pink Star” алмаас, 83.2 сая ам.доллар. 59.60 каратын энэхүү ягаан алмаас нь одоогоор дэлхийн хамгийн үнэтэй очир эрдэнэ гэгддэг. Хоёрдугаарт, “The Wittelsbach-Graff” алмаас 80 сая ам.доллар. Гүн хөх өнгөтэй уг алмаас нь 31 карат. Гуравдугаарт, “The Graff Vivid Pink” алмаас. 46 сая доллар. Английн тэрбумтан Графф Лауресийн уг алмаасыг 2010 онд 46 сая доллараар худалдан авчээ. Энэхүү ягаан алмаас нь 24.78 карат.

Харин “Кохинур” алмаасыг ямар ч дуудлага худалдаагаар оруулахгүй, ямар ч үнээр авах боломжгүй, үнэлэхийн аргагүй үнэт эрдэнэс гэж үздэг. 105 каратын уг алмаасын нэрийг утгачилбал “Уулсын гэрэл”. Энэтхэгээс гаралтай уг эрдэнэсийн төлөө дундад Азийн орнуудын хаад, ноёд хоорондоо тэмцэлдэж байжээ. Одоо уг алмаас Лондонд буй. Жуулчдын хамгийн ихээр зорьж очиж үздэг гол үзмэрүүдийн нэг нь.

Алмаас ховор учраас үнэтэй гэж ойлгодог. Гэтэл тийм ч ховор биш гэнэ. Харин түүний маш бат бөх чанарыг эвдэж үнэт эдлэл хийх явц нь өөрөө өртөг ихтэй учир тухайн эдлэлийг үнэтэй болгодог аж. Тиймдээ ч дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн, одоо ч үнэт эдлэл сонирхогчдын атаархлыг татдаг алмаасан шигтгээтэй бөгжнүүд очир эрдэнийн үнэ цэнийг улам бататгаж байгаа юм. Алмаасан шигтгээтэй бөгжнүүд олон зууныг элээн, олон эзний гарыг дамжихдаа элдэв түүх, домог яриагаар хачирлагдаж бидний үед иржээ.

Холливудын од Грэйс Келлигийн зүүдэг байсан алмаасан бөгж дэлхийн хамгийн алдартай үнэт чулуунуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Жүжигчин бүсгүйг Монако улсын гүнж болгосон энэхүү сүйн бөгж нь 10.47 карат бөгөөд одоо дөрвөн сая доллараар үнэлэгддэг. Түүний хуримын ёслолыг 30 сая хүн үзсэн байдаг.

Хунтайж Уильяамын гэргий Кэйт Миддлетон гүнжийн зүүж буй 12 каратын сафир чулууг очир эрднээр тойруулан чимсэн бөгжний анхны эзэн нь Диана гүнж байжээ. Уэйлсийн хунтайж Чарьлзын эхнэр Диана гүнжийн сүйн бөгж анх 60 мянган ам.долларын үнэтэй байсан ч эзэн хааны гэр бүлийн хувьд үнэлж болшгүй чухал эрдэнэ болсон тул түүхэн дэх хамгийн нандин эрдэнэсүүдийн тоонд тооцогддог.

Лийрэн хэлбэртэй, шар очир эрдэнийг Өмнөд Африкаас олсон бөгөөд 110.3 карат. “Нарны дусал” нэртэй уг алмаасан бөгж 10.9 сая доллараар зарагджээ. Уг алмаасыг 2010 онд олсон бөгөөд шинжилгээгээр 1-3 тэрбум жилийн настай гэж тооцоолсон байна.

Алдарт жүжигчин Элизабет Тэйлор энэ алмаасан бөгжиндөө маш их хайртай байжээ

Алдарт жүжигчин, сайхан бүсгүй Элизабет Тэйлор алмаасанд дуртай, алмаасан эдлэлийн хорхойтон байсныг урлаг судлаачид мэднэ. Тэрээр үнэт эдлэлийн томоохон цуглуулгатай байжээ. 33 каратын, тунгалаг, өө сэвгүй цагаан алмаасан бөгжиндөө хамгийн их хайртай байсан гэдэг. Нөхөр Ричард Буртон нь түүнд бэлэглэж байжээ.

I Наполеоны илдний бариул дээр, XV Людовик хааны титэм дээр гялалзаж Регентийн очир алмаас

Олон зуун жилийн турш түүхийн элдэв нугачаа, цаг төрийн үймээнийг даван туулж өнөө бидний үед ирсэн алмаасууд бий. Хараал шингэсэн, эзэд нь амиа алддаг, далдын хүчний хорлолтой гэх мэтээр “цоллогдож” ирсэн очир алмаасууд одоо дэлхийн өнцөг булан бүрт музейн үзмэр болон нийтэд дэлгэгдэж байна. Маш ховор хийцтэй, тансаг эрдэнэс учир харсан хүний харааг булааж, атаархах, шунах сэтгэлийг нь хөдөлгөдөг учир нүдний хор орж эздэдээ ээлгүй байсан байх магадлалтай гэж тайлбарладаг юм.

XVII зууны үед Султан хааны мэдэлд ирж байсан “Spoonmaker’s Diamond” алмаас нь 86 каратынх. Хааны угсааны олон эмэгтэйчүүдийн тэргүүн гоёл нь болж байсан энэ эрдэнэс Туркийн Топкап ордны музейд хадгалагдаж байгаа юм байна. Түүхэнд алдаршсан бас нэг алмаас бол “Орлов”-ын алмаас. Дэлхийн хамгийн том таван алмаасын нэг болох уг очир эрдэнэ нь Оросын Их Екатерина хатан хааны гоёл байжээ. Хатан хааны дотны хүн Григорий Орлов алмаасыг хатанд бэлэглэсэн түүхтэй. Тиймээс “Орлов”-ын алмаас гэж нэрлэх болсон бөгөөд Энэтхэгээс гаралтай үнэт чулуу. Орлов үнэт эрдэнэсийг хатан хаанд бэлэглээд хариуд нь сэтгэл зүрхийг нь эзэмдэж, гэргийгээ болгож авна гэж мөрөөддөг байжээ. Мөрөөдөл нь биелээгүйд ганцаардан шаналсаар нас барсан гэдэг.

Одоо Луврт хадгалагдаж байгаа Регентийн очир алмаас нь 410 карат. Энэ алмаас цагтаа I Наполеоны илдний бариул дээр, XV Людовик хааны титэм дээр гялалзаж байж. Энэ мэтээр дэлхийн улс орнуудын түүхэнд алмаас тодорхой хэмжээгээр мөрөө үлдээсэн байдаг. Харин Монголын Эзэнт гүрний үед Чингис хааны цэргүүд дэлхийн талыг эзэлж байсан ч үнэт эрдэнэс, тэр дундаа алмаасанд амиа тавьж, шунаж байгаагүйг түүхээсээ бид мэднэ. Хэрэвзээ Чингис хаан очир эрдэнэ, үнэт эрдэнэст дуртай нэгэн байсан бол одоо бид Чингис хааны алмаасан бөгж, алмаасан шигтгээтэй илд гэх мэтээр ярьж л байх байсан болов уу.

Грэйс Келлигийн зүүдэг байсан энэхүү алмаасан бөгж дэлхийн хамгийн алдартай үнэт чулуунуудын нэг

Гэхдээ хүн төрөлхтөн алмаас гэдэг эрдэнийн чулууны өнгө, тансаг үзэмжид нүд унагадаг ч очир эрдэнийг “Тэнгэрийн чулуу” хэмээн хүндэтгэсээр ирсэн байдаг. Алмаас зүүсэн хүнийг цахилгаан цахидаггүй, гэнэтийн ус үер хамж явдаггүй гэдэг номтой. Тийм ч болохоор Буддын шашинт улс орнууд алмаасыг оройн дээд Очирвааньтай эн зэрэгцүүлэн биширсээр ирсэн байдаг. Манайд ч ялгаагүй энэ үеэс эрдэнэсийн чулууг дээдлэн, өндөр гавьяа байгуулсан хүнд олгодог Монгол Улсын Баатар цолны тэмдгэн дээр таван ширхэг алмаас эрдэнийг таван хошуу хэлбэрээр шигтгэсэн байдаг юм.

One reply on “Дэлхийн хамгийн үнэтэй алмаас “Ягаан од” 83.2 сая долларын үнэтэй”

ЗнНззгшнн%_н,_нзн_үггнлн_ү8гнСсснршнаёшнсасүагүгнашнгү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *