Categories
мэдээ цаг-үе

Ө.Тунгалаг: Ээжийнхээ мэргэжлийн гоё сайхныг дэргэдээс нь харж мэдэрч сувилагч болохоор сэтгэл шулуудсан

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнуулсан Гуравдугаар эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалагтай ярилцлаа.


-Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнуулсан танд баяр хүргэе. Өмнө нь сувилагч хүн ийм цол тэмдгээр шагнуулж байсан нь ховор шүү дээ?

-Юуны өмнө намайг энэ өндөр цолд тодорхойлж өгсөн гуравдугаар эмнэлэгийн хамт олондоо их баярлалаа. Эрүүл мэндийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгийг сувилагчид олгож буй хоёр дахь тохиодол нь энэ. Өмнө нь 1989 онд Эх нялхасын төвийн сувилагч Гончигийн Өөдөс гэж хүн гавьяат цолоор шагнуулж байсан. Энэ цагаас хойш 29 жилийн дараа би энэ шагналыг хүртэж байна.

-Эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаалгаж байна вэ. Таны ээж энэ салбарт их олон жил ажилласан гэсэн?

-Эрүүл энхийн манаанд нийт 45 жил ажиллаж гавьяат цол хүртлээ. Миний ээж энэ салбарт 42 жил ажиллаж гавьяаны амралтаа авсан. Ээж бид хоёр сувилахуйн салбарт 87 жил ажилласан юм байна лээ. Би бол ээжийнхээ мэргэжлийг өвлөж удам дагасан сувилагч.

-Сувилагчийн мэргэжил эзэмшихэд ээж тань их нөлөөлсөн байх. Ээжийнхээ талаар сайхан дурсамжаа хуваалцвал?

-Миний ээж хүүхдийн судсыг олохдоо гаргууд сайн тарианы сувилагч байсан л даа. Хүүхэд байхад ээжийг маань ажлаас нь “Хүүхдийн судас олдохоо байна” гээд өглөө, өдөр, шөнө хэдийд ч хамаагүй дуудаад л аваад явчихдаг байсан. Ээжтэйгээ сайхан амраад унтаж байхад шөнө хашааны хаалга давж орж ирээд, хаалганы хатавчаар гараа хийж онгойлгож шүдэнз зурж гэрэл гаргаад л дагуулаад явчихдаг байсан л даа. Би ээжийнхээ ажилладаг аймгийн хүүхдийн больницэд эмчлүүлж байхад хамт байсан хүүхдийн бие их муудаж эмч нар аваад тарианы өрөө рүү орчихсон. Ар гэрийнхэн нь уйлалдаад, эмч сувилагчид нь ч сандарч гүйлдээд одоо бодоход хэцүү дүр зураг нүдэнд харагддаг юм. Бужигнаж буй хүмүүс “ирлээ ирлээ” гээд шуугилдахад нь хаалга руу хартал ээж маань уртаа дээлнийхээ хормой дээр гишгэлсээр тарианы өрөө рүү орж хүүхдийн судсыг нь олж тариа хийснээр хүүхдэд амьдрал бэлэглэж байсан нь одоо хүртэл санаанд тодхон байдаг. Одоогоос 50 орчим жилийн өмнө судас олдог төхөөрөмжүүд манайд нэвтрээгүй, сувилагч л авьяас, мэдрэмжээрээ судсыг нь олж чадвал амь авардаг хүнд үе байсан шүү дээ. Тэр цагт ээжнийхээ мэргэжлийн гоё сайхныг дэргэдээс нь харж, мэдэрч сувилагч болохоор сэтгэл шулуудсан.

-Ажлын гараагаа хэдэн онд хаанаас эхэлж байсан бэ?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн л дээ. 1973 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаас л ажлын гараагаа эхэлсэн. Дараагаар нь 1980 онд армийн төв эмнэлэгт мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар ажилласан. 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл ээлжийн сувилагч, боолтын сувилагч, хагалгааны сувилагч, ахлах сувилагч гээд энэ ажлуудыг 32 жилийн турш хийж ирсэн дээ.

-Энэ мэргэжлийн гоё сайхан нь юунд оршдог бол. Эмчээс илүү сувилагчид өвчтөнүүдтэй илүү гардаж ажилладаг гэдэг шүү дээ?

-Хамгийн энэрэнгүй хариу нэхдэггүй мэргэжил бол сувилагч. Ээжийн минь олж хатгасан тэр судаснаас амь нь аврагдсан олон мянган хүмүүсийн үр хойч эх орны өнцөг булан бүрт л ажиллаж амьдарч байдаг. Энэ хүмүүсийн баярласан талархсан үг сэтгэгдэлд л сувилагч мэргэжлийн гоё сайхан нь оршдог юм даа. Эмч, сувилагч хоёрын ажлыг ялгаж, салгаж ерөөсөө болохгүй. Сувилагчийн ажлын хариуцлага хүний амь насаар хэмжигддэг, алдах эрх байхгүй. Санаатай, санаандгүй жижигхэн л алдаа гаргахад амь нас яригддаг учраас их хариуцлагатай, бас нэр хүндтэй мэргэжил юм.

-Анх та мэс ажилбарт орж хүний амь аварч байсан дурсамжаасаа хуваалцвал?

-1973 онд сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн сувилагч очоод ажиллаж байхад нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ирэхэд нь их л өрөвдөж ээж, аавыг нь дагаад уйлаад байж билээ. Гуравхан настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэнгэрт халихад их хүнд тусаж байсан. Дараахан нь манай тасгийн эрхлэгч Бадамсамбуу “Сувилагч хүн өрөвч, уян байх ёстой. Хүний зовлонд дасаж болохгүй хатуу байх хэрэгтэй. Хүн хүнийг дагаж мэлмэрээд байвал чи ажил хийж чадахгүй” гэж хэлж үнэтэй зөвлөгөө өгч байсан даа. Мэс заслын сувилагч болоод хариуцлагатай ажилбарт олон орсон. амжилттай болж эдгэрсэн хүмүүсийн талархлын үг хамгийн сайхан байдаг. Бид чинь үүнээс л ажиллах урам зориг авч явдаг юм шүү дээ.

-Сувилахуйн салбарын хөгжил манай оронд ямар түвшинд байгаа вэ?

-Сувилагч гэдэг маань эмчийн баруун гар, шадар туслагч нь байсан. Өнөөдөр бол бие даасан мэргэжил, бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн. Манай улсын хувьд олон улсын жишигт ойртож байна л гэж би хараад байгаа. Яг харьцуулахад хэддүгээр байранд ордогийг нь мэдэхгүй ч мэдлэг, чадлаараа хол хоцорсон зүйл байхгүй ээ. Сувилагчийн ажлыг нэр муутай, цалин багатай гэж хүмүүс ойлгодог учраас бидний үнэлэмж доогуур байдаг. Гэхдээ зах зээлийн ороо бусгаа үед алдар хүнд, албан тушаал, арилжаа наймаа алийг нь ч бодолгүй тарчиг ядуухан ч, сэтгэлээрээ баян байж түмэн олныхоо төлөө зүтгэдэг нь сувилагч нар юм.

-Өөрийн ажил мэргэжилдээ дурлаж, ажиллана гэдэг аз жаргал байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Би чинь жилдээ нэг ээлжийн амралт авахдаа энэ олон хоногийг ажилдаа очилгүй яаж өнгөрүүлнэ дээ л гэж боддог. Амралт дуусаад ажилдаа орохдоо наадамд явах гэж байгаа юм шиг л сэтгэл хөөрч догдолно шүү дээ. Манай эмнэлгийн хамт олон надад ийм сайхан ажиллах орчинг бүрдүүлж өгөөгүй бол ингэж сэтгэл татагдахгүй болов уу. Биднийг ажиллаж, амьдрахад бүх төрлийн дэмжлэг үзүүлдэг хамт олондоо талархал илэрхийлье.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *