Categories
мэдээ цаг-үе

Монгол, БНСУ-ын засгийн газар хоорондын комисс хуралдаж байна

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын комиссын 3 дугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар БНСУ-аас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын чиглэлийг эцэслэн тогтоох юм. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д энэ оны нэгдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг байгуулсан билээ. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болсон. Зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа ба 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Уг 500 сая ам.долларын зээлийн зарцуулалтын төслүүдийн судалгааг БНСУ-аас томилогдох ажлын хэсэг энэ сард манай улсад ирж хийсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар эцэслэн тогтооно. Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй 13 төлөөлөгч Монголын талаас, мөн БНСУ-ын талаас 13 төлөөлөгч оролцож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *