Categories
мэдээ цаг-үе

Тракторын жолооч П.Доржсүрэнгийн халаасанд генералын мөрдөс байсан түүх

Зүүн гар талаас эхнийх нь хурандаа Б.Балдан, бригадын генерал, газрын дарга П.Доржсүрэн, офицер Баярбат нар

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Гурван жилийн өмнө буюу 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр хошууч Пүрэвийн хүү Зэвсэгт хүчний хянан шалгалт, үнэлгээний газрын дарга хурандаа Доржсүрэн Монгол Улсын 163 дахь генерал цолтон болж байлаа. Энэ удаа бид “Танайд өнжье” булангаараа бригадын генерал П.Доржсүрэнгийн амьдралын замналыг өгүүлэх юм. Өнгөрөгч пүрэв гаригт түүнтэй холбоо барихад ажил дээрээ байна гэсэн тул бид Зэвсэгт хүчний жанжин штабыг зорилоо. Үүднийх нь жижүүр цэргээс эхлээд тавхийтэл ёсолж, дотуур холбоогоороо хэл өгсний дараа бид дотогш нэвтэрлээ. Түүнтэй уулзахаар Баян-Өлгий аймгийн Барилгын цэргийн 340 дүгээр ангийн захирагч ирсэн тул түр хүлээв. Пүрэвийн Доржсүрэн генералын бага нас Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу одоогийн Зүүнхараа хотод өнгөрчээ. Зүүнхараа хотын төмөр замын хойд талын гурван давхар шар сургуулийг буулгах шахам дэггүйтэж явсан жижигхэн шар хүү өнөөдөр М.Борбаатар, О.Үржин нарын араас нэрлэгдэх Мандал сумын гурав дахь генерал цолтон болсон байх юм. Түүнийг бага байхад сургууль дээр нь багт наадам болж, хүүхдүүд сансрын нисгэгч, жолооч, цагдаа болно хэмээн өөр өөрсдийнхөө ирээдүйн мэргэжлийг ярьж байхад наймдугаар ангийн сурагч П.Доржсүрэн харин “Би цэргийн дарга болно” хэмээж багт наадамд цэргийн хувцас өмсөж орж байсан гэдэг. Түүнчлэн гурван авга ах нь зэвсэгт хүчний хурандаа цолтой, нэг авга ах, эгч нь дэд хурандаа цолтой хүмүүс байсан тухай ажлынхаа өрөөнийхөө цонхоор алсыг харан зогсохдоо хэлж байлаа.

Баруун гартаа барьсан халуун цайгаа оочин суух генералын харцнаас цэргийн амьдралын түүхийг уншиж ч болмоор юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Доржсүрэн генералын аав Пүрэв 1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцохдоо Наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороонд эмнэлгийн албаны дарга, хошууч цолтой байлдаж байсан гэнэ. Генерал Доржсүрэн аавтайгаа хамт ахынх нь болох Улаанбаатар хотын Иргэний хамгаалалтын дарга хурандаа Ванчинсүрэнгийнд очихдоо цэргийн малгайг нь өмсөж, мөрдөс, бүсийг нь зүүж өөрийгөө толинд харан ёсолж, эгээ л цэрэг болсон мэт өөрийгөө төсөөлдөг байсан нь өдгөө ч түүний сэтгэлд нэн тод үлдсэн байна. Яг л энэ хувцастайгаа энэ дүрээрээ сургуулийнхаа багт наадамд оролцож байсан нь 1974 он. Цэрэг болох дэврүүн хүсэлтэй хүүг “сахилгагүй” хэмээн ангийн багш Дэмчиг нь ангийнх нь гурван хөвгүүний хамт Заамарын барилгын ТМС-д явуулжээ. 1977 онд ТМС-иа төгсөхөд “Атрын II аян” эхэлчихсэн байсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хуучнаар Номгоны Сангийн аж ахуйд очиж байшин барилга, малын хашаа саравчнаас эхлээд барилгын ажилд ханцуй шамлан оржээ.

Хурандаа П.Доржсүрэн бригадын генерал цолоо гардан авч буй агшин 2015.03.18

Гэтэл нэг өдөр Сангийн аж ахуйн дарга Пэрэнлэй түүнийг дуудаж уулзаад шууд Шаамарын ТМС-д тракторч, комбайнчаар явуулжээ. Зургаан сарын курст сууж төгсөөд Сангийн аж ахуйдаа ирэхэд Пэрэнлэй дарга нь түүнийг Ширээ нуруунд байрлах Атрын дөрөвдүгээр бригадад буулган тракторч, комбайнч болгосон гэнэ. Урт үстэй, өргөн өмдтэй, цээж нүцгэн тэрээр тариан талбайд өдөржин, шөнөжин ажиллаж байхдаа Ардын хувьсгалын 60 жилийн ойн медалиар шагнуулж байсан хэмээн урамтай нь аргагүй өгүүлэв. “Ургацын далай” дууг одоо ч сонссон сэтгэл нь догдолсон хэвээрээ шүү хэмээн инээмсэглэж байлаа. П.Доржсүрэн генерал Номгоны Сангийн аж ахуйд ажиллаж байхдаа дундуур нь Зүүнхараагийн нэгдүгээр сургуульд эчнээгээр суралцаж аравдугаар ангиа Баатарпүрэв багшийн удирдлаган доор төгссөн байна. Тэр үед тракторын жолооч нарыг цэрэгт явуулдаггүй байж. Нас нь 20 гарсан, цэрэгт явах хүсэл дүүрэн тул П.Доржсүрэн цэрэг татлага явагдаж байна гэхээр нь трактор, комбайнаа тэр чигт нь орхин чемоданаа аваад гарчээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах цэргийн комисст яваад очтол “Чи тракторч юм байна. Чамайг чөлөөлсөн, авахгүй” гэхээр нь “Яадаг юм билээ” хэмээн бодон майхны буланд сууж байтал Сангийн аж ахуйн дарга бололтой хүн цэргийн комиссын даргаас хүүхдээ салгаж авах гээд өдрийн хагас гуйсныг анзаарсан тэрээр тэр хүнтэй уулзаж “Ах аа та хүүхдээ цэргээс авах гэж байгаа юм уу. Намайг цэрэгт авахгүй байна. Танай хүүхдийн оронд би явчихъя” гээд сэм хуйвалдах маягтай тэрүүхэн хавьдаа зохицуулаад цэрэгт явжээ. Ингэж л П.Доржсүрэн цэрэгтэй амьдралаа холбосон хэмээн “Афганистан” хэмээх номыг гартаа барин зогсохдоо хэлсэн юм.

Дулаанхаан тосгоноос Улаанбаатар хотын бидний мэдэх Шархадны хоёр өндрийн гэгдэх Радио техникийн 065 дугаар ангид Сэлэнгээс Дорждэрэмийн хамт хоёулаа цэрэг болж гурван жилийн алба хаажээ. Түүнийг цэрэгт байхад сүүлд 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Цогтбаатар хурандаа штабын дарга байсан бол Нанзадын Чулуунхүү гавьяат ар талын албаны дарга, гавьяат тамирчин Артаг биеийн тамирын дарга байсан гэнэ. Цэргийн ангидаа байж байтал ангийн захирагч Балдан хурандаа өрөөндөө дуудахаар нь яваад ортол “Хүү минь чи офицер болох уу” гэхээр нь дуун дээр нь зөвшөөрсөн гэдэг. Тухайн үед авга ах нар нь “Сахилгатай байгаарай, цэргийн эрдэмд шамдаарай, дарга нарынхаа үүргийг сайн биелүүлж байгаарай. Оргож болохгүй шүү” хэмээн захидаг байж. 1979 онд Хятад, Вьетнамын хооронд асуудал хурцадсан тул офицеруудыг бэлдэж эхлэхэд ийнхүү офицер болсон байна. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 10 сарын курст суугаад 1981 онд Зүүнбаянгийн цэргийн ангид бага дэслэгч цолтой очиход Б.Хандмаа хошууч түүнийг хүлээн авсан байна. Энэ хүнээс би их зүйлийг сурсан. Хүний хийж эхэлж буй ажлын гараа хэр сайн тавигдана түүнээс амьдралынх нь зам эхэлдэг хэмээн онцолж байсан юм. Дайчин, шударга, чанга захирагч байсан тул шинэхэн бага дэслэгч ёстой л юм юмыг үзэж, цэргийн амьдралын хатуу хөтүү, жаргалтай байх гэхчлэн бүгдийг сургасан Б.Хандмаа захирагчдаа одоо ч баярлаж явдаг гэж байлаа. Сардаа 640 төгрөгийн цалин авчихдаг байсан гэнэ. Хүн “Ямар хүний гараар орно, яг тийм хүн болдог” хэмээн Доржсүрэн генерал өгүүлэв. Тэндээ хоёр жил ажиллаад салааны захирагч, ротын захирагч болон дэвшээд байж байтал ангийн захирагч нь Улаанбаатар руу явахдаа түүнийг Дивизийн штабт өгчээ.

Цэргийн инженерийн дээд сургуулийн сонсогч. 1988 он

Тэрээр 1983-1987 оны хооронд Дивизийн штабтаа ажилласан байна. “Миний хоёр дахь ширүүн гараар нь орсон хүн Дивизийн штабын захирагч Б.Шагдар генерал байсан. Намайг ажилд сургасан” хэмээн бахархан ярьж байлаа. 1984 онд гадаадын том сайд ирэх болсон тул Зүүнбаянд хар зам тавих хэрэгтэй болсон тул Дивизийн штабын захирагч нь түүнд үүрэг өгчээ. 1984 онд мэдлэг муу байсан тул газраас нэвчсэн нефтийн барагшууныг ухаж аван шороон хөрсийг тэгшилж байгаад хар зам тавьсан байна. Зуны халуун өдрүүдэд өнөөх зам нь хуйларч дэржигнээд, өвөлдөө овойхоос эхлээд харахад л зам болохоос бусдаар жаахан хэцүүхэн зам болж. Доржсүрэн генерал “Сүүлд сонсох нь ээ, Доржсүрэнгийн доргио хар” гээд өнөө замыг маань нэрлэсэн байж билээ хэмээн ярьсан юм. Мөн Б.Шагдар даргынхаа удирдлагаар Зүүнбаянгийн 135 дугаар ангид спорт заал барьжээ.

Ийнхүү 1987 онд Зүүнбаянгийн штабаасаа ЗСБНХУ-ын Калининград хотын Цэргийн инженерийн дээд сургуульд явсан байна. Сургуульдаа таван жил сураад 1992 онд Засвар, ашиглалтын инженерээр төгсөн иржээ. Тухайн үед нийгэм ороо бусгаа хэцүү байсан ч зорилгоосоо хазайлгүй явсаар сургуулиа төгсөж ирээд Налайхын 017 дугаар ангид батальоны захирагчаар томилогдсон байх юм. Тус ангийн захирагч Дондогдорж хурандаа түүнийг Мөнгөнморьтын хойд талын Алтан судлын аманд зам тавих үүрэг өгч. П.Доржсүрэн хоёр батальон цэрэг аваад 1993 оны гуравдугаар сард яваад очтол 5-6 км үргэлжлэх намган дунд зам тавих хүндхэн даалгавар өгчээ. Тэдний цэргүүдээс гадна Мөнгөнморьтын шоронгийн хоригдлууд мөн ажиллаж байсан гэнэ. Тэнд долоон сарын хугацаанд ажиллахдаа намган дунд анх яаж зам тавихыг сурсан юм даа хэмээн инээмсэглэв. 1993 онд дээрээс дуудахаар нь яваад очтол түүнийг Батлан хамгаалах яамны инженерийн хэлтэст ахлах офицероор томилжээ.

Орос цэргийн ангиуд гараад дуусчихсан байсан тул Шивээ-Говь, Чойроос эхлээд олон буудлагын батальоны тэсрээгүй үлдсэн сум, бөмбөгүүдийг устгах ажлыг хийж байсан гэлээ. 1997 онд ОХУ-ын Москва хотын Инженерийн академид явж гурван жил суралцан улаан дипломтай төгссөний дараа уг академи татан буугджээ. Академиа төгсөөд Зэвсэгт хүчний Жанжин штабт Сургалтын хэлтсийн ахлах офицероор ажиллаж, 2001-2006 оны хооронд Булганы Хялганатын ус гатлалтын ангийн захирагчаар томилогдов. Тэнд ажиллаж байхдаа Эрдэнэтийн цэргийн ангитай хамтран ус гатлалтын томоохон хээрийн сургуулийг Сэлэнгэ мөрөнд явуулж байсан тухай Зэвсэгт хүчнийхэн өдгөө ч ярьсаар байдаг юм. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс очиж сонирхож байсан гэдэг. Улсын эдийн засаг хүнд, Хялганатын цэргийн ангийнхан нь дэлгүүр бүрт өртэй тул хүмүүсээ өрнөөс гаргахын тулд хөрөө раман дээр мод зүсэж, цагдаад хүртэл дуудагдаж байсан гэж байлаа. “Манай цэргийн ангийнхан бүгд өртэй байна. Ганц удаа ч гэсэн ангийн хамт олондоо тус нэмэр болъё гэж бодсон юм” хэмээн хэлснээр “Дахиж тэгж болохгүй шүү” гээд хөрөө рамыг нь лацдаад явсан гэнэ. Түүнийг Хялганатын цэргийн ангид захирагчаар ажиллаж байхад 2006 онд Ц.Тогоо генерал дуудаж “Хэлтсийн дарга бол” гэхээр нь “Би хэлтсийн дарга хийх болоогүй байна. Дахиад хэдэн жил цэргүүдтэй ажилламаар байна” гээд Налайхын цэргийн ангид томилогджээ. Тэндээ цэргийн инженерүүдийг бэлдэх тал дээр түлхүү анхаарч байсан гэдэг. Доржсүрэн сахилга алдсан тул албан тушаал буурч Батлан хамгаалах цэргийн академид багшаар томилогдон багшлах болсон гэдгээ хэлсэн юм.

Бригадын генерал П.Доржсүрэн ажлын өрөөндөө

Харин нэг жил гаруй багшаар ажиллаж байтал түүнийг Жанжин штабын хүний нөөцийн даргаар томилсон байна. 2010 онд Засгийн газрын шийдвэрээр барилгын цэргийн гурван анги байгуулахаар болж Баян-Өлгийд эхний 340 дүгээр ангийг байгуулах үүрэг аваад тус оныхоо зургадугаар сард Баян-Өлгий аймагт очсон юм билээ. 1990 оны өмч хувьчлалаар хувьчлагдан балгас болчихоод байсан аймгийн хуучин Авто баазын байшинг цэргийн анги болгон оржээ. “2013 онд тэр цэргийн ангид очиход үнэхээр гоё байсан шүү. Балгасыг та үнэхээр сайхан цэргийн анги болгон тохижуулсан байна лээ” хэмээн түүнд урам өгөхөд “Миний сайн гэж юу байхав. Гар нийлэн ажилласан залуучуудын минь гавьяа тэр. 2011 онд тэргүүний тохижилттой анги болсон” гэж байлаа. 2012 оноос эхлэн аймгийн хэмжээнд барилга барьж эхэлсэн бол 2013 онд маш хүнд нөхцөлд Асгатын мөнгөний ордын зам, барилга, гүүрийг барих үүрэг авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг билээ. Гол руугаа тулсан асгатай өндөр ууланд зам тавихад хамгийн хүнд байж. Стратегийн уг замыг П.Доржсүрэн хурандаагаар удирдуулсан 340 дүгээр ангийнхан есөн метр өргөнтэй замыг долоон сарын хугацаанд барьсан байдаг. Уг зам 340 дүгээр анги болон Баян-Өлгий аймгийнхны нэрийн хуудас болсон юм. Тэрээр “Бидэнтэй хамт 4-5 компани хамт орсон ч ашиггүй гээд гарсан. Бид харин өндөр эрсдэл үүрч ороод ашигтай ажилласан. Ашгаа бид Батлан хамгаалах яамны Хөгжлийн санд тушаасан. Цэргүүд маань ч мэргэшсэн” гэж байлаа. Тэднийг ажиллаж байхад нуранги асгаас 1000 шанага шороо чулуу авч байж хоёрхон метр зам ахиж байсан гэдэг. П.Доржсүрэн генерал “Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дэвшүүлсэн “Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжих бүрэн үндэстэй. Улаан гараараа чулуу өргөж зам, гүүр барьж байсан хүний хувьд Алтанширээгийн 20 км замын далангийн ажлыг цэргүүд хийчихнэ. Асгатын тийм хэцүү нурангитай, хаалттай газар цэргүүд зам тавьж чадаж байгаа юм чинь Сайншанд, Алтанширээд зам тавихад ямар ч хүндрэлтэй зүйл байхгүй. Хатуу хучилттай замыг манай цэргүүд тавьчихна” гэж байсан юм.

2014 оны арванхоёрдугаар сард түүнийг гэнэтхэн дуудаж Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газрын даргаар томилсон гэдэг. Тухайн үед цэргийн анги нь барилгын ажил хийж байсан тул дулаан оруулаад ажлаа дуусгаад очъё гэсэн ч дээрээс өгсөн тушаал тул идэр есийн хүйтэнд суудлын пикап машиныхаа ард өөрийн хогшил болох хэдэн хайрцагтай ном, угаалгын машин, өмсөх хувцсаа ачаад Улаанбаатарт иржээ. Баян-Өлгий аймагт хэдэн жилийн өмнө очиход та монгол гэрт амьдарч байсан. Сүүлд байшин саванд орсон уу гэхэд “Монгол гэр гоё шүү дээ. Би Баян-Өлгийд очоод л гэрт амьдарсан. Ирэн иртлээ гэрт амьдарсан” гэж байлаа. Түүний одоо эрхэлж буй ажил нь товчоор хэлбэл зэвсэгт хүчний мэргэжлийн хяналт гэсэн үг. П.Доржсүрэн генерал хэзээ ч генерал болно гэж бодож байгаагүй гэнэ. Гурван жилийн цэргийн албаа хаагаад эргээд тракторын жолооч болох байх даа хэмээн боддог байсан ч хувь заяаны төөрөг түүнийг цэргийн замд хөтөлснөөр өнөөдөр бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээд байгаа юм.

П.Доржсүрэн ахлагчтай “Адмирал” хамтлаг

П.Доржсүрэн хэзээний л спортод хорхойтой нэгэн. Сагс, волейболыг бол зав гарвал тоглочихдог аж. Саяхан түүнд “Алдар” спорт хорооны орлогч дарга Д.Цог-Эрдэнэ хурандаа “Олимпийн алдар” одонг гардуулжээ. Цэргийн залуусыг урлаг, спортоор давхар хүмүүжүүлэх ёстой гэдэг зарчим барьдаг хүн бол Доржсүрэн генерал. 2016 онд “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдашд хадаг барин шавь орж бөмбөр тоглож сурсан гэдэг. П.Доржсүрэн генерал хурандаа, офицер, ахлагч нараар эгнээгээ бүрдүүлсэн “Адмирал” хэмээх хамтлаг байгуулан өнөөдөр салбартаа цахиур хагалж яваа талаар Жанжин штабынхан ам уралдан ярьдаг. Түүний хариуцан ажилладаг Хяналт шалгалт, үнэлгээний газрынхан Жанжин штабын хэмжээнд спорт, урлагаараа манлайлдаг аж. 2017 онд П.Доржсүрэн генерал зам, барилгын Зөвлөх инженер болжээ. Зам, барилгын чиглэлийн хүн 2014 онд ирээд Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга болчихоод онолын ном болон өмнөх дарга нарын хийсэн ажлуудыг маш их судалж ажлаа гартаа оруулж авсан байдаг. Нэг өглөө хүмүүстээ үүрэг өгөөд зогсож байтал нүүр нь татаад амнаас нь шүлс, нүднээс нь нулимс гоожоод нүүр нь муруйчихсан гэдэг. Ядаргаанд орсон тул Цэргийн госпиталийн мэдрэлийн тасагт хэвтэн Баярсүрэн эмчээр эмчлүүлж байтал 2015 оны гуравдугаар сарын 17-ны орой эмнэлэгт байхад нь Жанжин штабын дарга Ц.Бямбажав генерал ажил дээр хүрээд ир хэмээн дууджээ. Эмнэлгээсээ яваад очтол “Монгол Улсын Ерөнхийлөгч сая 20 цагт зарлигт гарын үсэг зурсан. Та генерал болно. Өнөө шөнөдөө багтаж хувцсаа бэлд” гэхээр нь нэг л итгэж өгөлгүй гайхаж байгаад шөнөжин явж хувцсаа хийлгүүлсэн гэнэ. Үүрээр очиж хувцсаа аваад өглөө морин цагт бригадын генерал цол хүртсэн байна. Генералын мөрдөсөө аваад зогсож байхдаа л итгэсэн хэмээн инээмсэглэв. Яг генерал болох мөчид Цолмонгийн Ванчинсүрэн, Гоонойн Чимид, Ванчинсүрэнгийн Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат эмч, дэд хурандаа Ванчинсүрэнгийн Бадамсүрэн, дэд хурандаа Алгаа ах нарыгаа, аав, ээжийгээ бодож байсан хэмээн ихэд бодлогоширонгуй өгүүлсэн юм.

П.Доржсүрэн генерал удам дагасан цэргийн хүн гэдгийг дээр онцолсон. Тэгвэл Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн соёл хүмүүжлийн офицер, ахмад Лхагвацэрэн, нөхөр нь Насанжаргал нь Краснадарын цэргийн анги төгсөөд монголд ажиллаж байгаад одоо Воронежийн нисэхийн академид сурдаг ахмад бий гэнэ. Тэднийх хоёр хүүхэдтэй юм билээ. Батлан хамгаалахын их сургуулийн анхны барилгын ангийг төгссөн охин Доржханд нь Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албанд ажиллаж байгаад одоо ар талын газарт барилгын хэлтсийн мэргэжилтэн хийж байгаа гэнэ. Доржханд охин нь АНУ-д суралцахаар шалгалт өгч нэгдүгээр байрт шалгаран тэнцээд байгаа аж. Түүний амьдралыг цэргээс салгаж ойлгохын аргагүй.

П.Доржсүрэн генерал Аж үйлдвэрийн сайд асан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Дондогдоржийн Эрдэнэбаттай цэцэрлэг, сургуульд байхын нэг ангийн хүүхдүүд юм билээ. Д.Эрдэнэбат маань онц сурдаг, толгойтой хүүхэд байсан. Манай ангиас хэлтсийн даргаас эхлээд хувийн компанийн захирлууд, аварга ногоочид төрөн гарсан шүү хэмээн ангийнхнаараа бахархаж байлаа. П.Доржсүрэн генерал “Тунгалаг Тамир” киног үргэлж үздэг гэнэ. Чөлөөт цаг гарвал бөмбөрөө дэлдэж, сагсан бөмбөг, волейбол тоглож, унадаг дугуй унах, ном унших дуртай гэж байсан. Түүний ажлын өрөө, гэрийнх нь номын сан арвин баялаг юм билээ. Ажлын ширээнийх нь хажуугийн жижиг ширээн дээр “Эстрадын Баянмонгол чуулга”, “Соёл-Эрдэнэ” гэсэн пянзнаас эхлээд нэн ховор пянз болон хуучны пянз тоглуулагч байсан юм. ОХУ-д сурч байхад нь “Мелодия” дэлгүүрийн худалдагч шинээр ирсэн пянзыг түүнд бэлдээд тавьчихдаг байсан гэдэг. Гэрт нь хичнээн пянз өрөөтэй байсныг тоолох завдал гарсангүй. Түүний ширээн дээр хөөрөг, үдээсний машинаас эхлээд үзэг, харандаа тэргүүтэн өрөөтэй байна. Мөн Батлан хамгаалах стратеги, Зэвсэгт хүчний стратеги, Монголын ардын арми, Чингис хаан, Цэргийн урлаг: түүх, сургамж, Дэлхийн түүх, Монголчууд, Социалист монгол, Аугаа эх орны дайн тэргүүт хичнээн ч ном байгаа юм бүү мэд. Чөлөөт цагаараа ном унших дуртай гэдэг нь түүний номын сангаас мэдрэгдэнэ.

Ханандаа морин хуур, домбор тэргүүт хөгжмийг залжээ. “Баян-Өлгийн хүүхдүүд өглөө эрт домбороо үүрээд Соёлын төв рүүгээ явж байгаа харагддаг. Тэд өв соёлоо ийнхүү сурч байна. Баян-Өлгийд домбор тоглодоггүй казах хүүхэд гэж байдаггүй. Харин бид үр хүүхдүүддээ морин хуураа ингэж өвлүүлж чадаж байгаа билүү” хэмээн хэлж байлаа. Мөн “Хурд” хамтлагийнхантай авахуулсан зургаар ханаа чимжээ. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. П.Доржсүрэн генерал хэдэн ч удаа нүүсэн юм бүү мэд. Орон байрны асуудлаас эхлээд цэрэг хүний өмнө тулгардаг бүхий л асуудлыг даван туулсан нь гарцаагүй. Үүрэг хүлээж хоолтой хоолгүй, байртай байргүй, хүүхдүүд нь сургуулиас сургууль дамжсан хүндхэн нөхцөлд ажиллаж амьдардаг ч хэзээ ч үүнийгээ зовлон болгож ярьдаггүй. Энэ тухай тэрээр “Цэргийнхэн насны тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж өгдөг. Үүнийг нь болиулах талаар заримдаа яригддаг. Яахав дээ, хөөрхий. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, өдөржин хүйтэн цардмал талбай дээр зогсож, тэсэрч дэлбэрэхээс эхлээд бүхий л зүйлд хамгийн түрүүнд ордог энэ хүмүүсийг 20-30 жил ажиллаад тэтгэвэртээ гарахад нь амьдралын чинь баталгаа гээд 30 сая төгрөг өгдөг. Үүнээс нь хасна гэдэг. Орон байр, байшин сав, эмнэлэгт үзүүл гэж өгсөн хэдэн төгрөгөөс зулгаадагт нь гайхдаг. Тодорхой эрхээ хязгаарлуулсан, бие засахдаа хүртэл зөвшөөрөл авч гардаг ийм хүмүүсийнхээ хэдэн төгрөгөөс төр засаг хасаад төсөв бүрдэх юм уу. Надад үнэхээр таалагддаггүй” гэж байсан юм.

Генералынх эдүгээ Амгаланд орон сууцанд төвхнөөд амжсан аж. Түүний амьдралын зарчим “Хүн анх ямар байсан түүгээрээ байх ёстой. Худлаа ярьдаггүй шударга байх ёстой. Би худлаа ярьдаг хүнд дургүй. Хүн хөдөлмөрч байх хэрэгтэй. Болсон ч бай, болоогүй ч бай хийж бүтээж байх хэрэгтэй. Үнэн үгийг нүүрэн дээр нь тасхийтэл хэлдэг байх ёстой” гэж байсан юм. Ааваасаа сурсан энэ бүх үнэт зарчмаа өнөөдөр амьдралдаа мөрдлөг болгожээ. П.Доржсүрэн генерал хүн ялгаж харьцдаггүй гэдэг нь өдрийн хагас хамт байхад мэдрэгдэж байлаа. Ажлын хамт олон нь ч үүнийг дуу нэгтэй баталж байсан юм. Тэглээ гээд дундаа орж хавтгайраад байдаггүй аж. П.Доржсүрэн өөрөө архи, тамхийг огт хэрэглэдэггүй болоод ч тэр үү архи уусан хүнд ясны дургүй гэдгээ хэлсэн.

П.Доржсүрэн генералыг албан хаагчдадаа болон тэдний ар гэрийнхэнд үргэлж анхаарал тавьж байдаг хэмээн Б.Балдан хурандаа болон офицер Баярбат нараас гадна хамт олон нь ам сайтай байдгаа нуулгүй хэллээ. Генералын зүгээс алдаа гаргасан хүмүүсээ цалингаар нь шийтгэхээс илүү өөрөөр нь ажил хийлгэж арга хэмжээ авдаг юм билээ. Байлдагчаас нь эхлээд цэргийн амьдралын хатуу хөтүүг мэддэг болохоор цалингийн хувиар шийтгэнэ гэхээр бүлтийсэн хэдэн хүүхэд нь нүдэнд харагдаад ер болдоггүй юм гэж хэлж байсан нь нэн тодхон байна.

П.Доржсүрэн генерал гуравдугаар сарын 18-ны өдөр “Өглөө”, “Сүхбаатар” зэрэг уран сайхны киног заавал үздэг юм байна. Заамар, Шаамарын ТМС-д суралцаж, барилгачин, тракторч, комбайнчаар мэргэшсэн залуу өнөөдөр Зэвсэгт хүчний бригадын генерал цолтой болж, эх орныхоо энхийн манаанд зогсож буй Пүрэвийн Доржсүрэнгийн туулсан амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *