Categories
мэдээ нийгэм

Х.Булгантуяа “Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь болсон төрийн сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч иргэдийг өөрөөрөө бахархах сэтгэлийг бий болгоё”

Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018 зурган илэрцүүд

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018” эхэллээ. Зөвлөгөөнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал болон Нийслэл, дүүрэг, 21 аймгийн Татварын албадын дарга нар оролцлоо.

ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал зөвлөгөөний дэгийг танилцуулж, оролцогчдоор батлуулснаар зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа нээж, хэлсэн үгэндээ “Жил болгон зохион байгуулдаг “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-д хүрэлцэн ирсэн Татварын ерөнхий газар, нийслэл, аймаг, дүүргийн Татварын албаны дарга, татварын улсын ахлах байцаагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Татварын алба улс, орон нутгийн төсөвт 2017 онд 3.3 их наяд төгрөгийг татварын орлого төвлөрүүлэхээс 3.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөнөөсөө 116.9 хувиар, 2018 оны эхний хоёр сард 547.2 сая төгрөгийг татварын орлогоос төвлөрүүлэхээс 728.6 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 133.2 хувиар давуулан, амжилттай биелүүлсэн байна. Та бүхэндээ Сангийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлье.

Татварын алба Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээдэг билээ. Энэ үүргийг биелүүлэхэд Сангийн яам, удирдлагууд бүх талаар Татварын албатай хамтарч ажиллаж ирсэн. Татварын алба татвар төлөгчдийг орлогоо үнэн зөв мэдүүлэх, татвараа хугацаанд нь төлдөг болгоход чиглүүлж, ажиллах ёстой. Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь болсон төрийн сан хөмрөгийг арвижуулахад хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч иргэдийг өөрөөрөө бахархах сэтгэлийг бий болгох нь татварын байгууллагын нийгэмд хүлээсэн үүрэг төдийгүй иргэдийн төр засагтаа итгэх итгэлд томоохон өөрчлөлт авчирах учиртай юм. Дээрх төлөвшлийг бүрдүүлэн, татварын үйлчилгээг мэргэжлийн төвшинд, ил тод, хурдан шуурхай үзүүлэх замаар татварын өрийг барагдуулж, төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлж байгаагаас Татварын албаны үйл ажиллагааг дүгнэж болох юм.

Өнөөгийн нийгэм, эдийн засгийн амаргүй нөхцөлд энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж, Татварын хууль тогтоомжийн хүрээнд хуулиа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Иймд Татварын алба дараах гурван зүйлийг нэн тэргүүнд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг Сангийн яамнаас ТЕГ-тай хамтран шинэчлэн боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж, удаа дараа санал авч байна.
Сангийн яамнаас Татварын багц хуулийг энэ хаврын чуулганд өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Татварын багц хуулийн тухайд Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмүү өртөгийн албан татварын хуулиудад өөрчлөлт орно. Үүнээс гадна багц хуулийн хүрээнд дагалдах 20 хуульд өөрчлөлт орно. Татварын багц хууль дээр татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс илүү татварын бааз суурийг нэмэгдүүлье гэж байгаа.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

Энэ хүрээнд Монголын Татварын албанаас энэ онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг сайшааж байна” хэмээлээ.
Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнд Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат илтгэл тавьж, татварын албаны 2017 онд хийсэн зарим ажил, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Татварын албадын удирдлагуудтайгаа санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэхээр “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-өөс уриалга гаргасан юм. Түүнчлэн ТЕГ-ын дарга Д.Занданбат, дэд дарга Б.Заяабал, ТЗУГ-ын дарга Л.Нэргүй нар харьяа татварын албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулснаар энэ удаагийн “Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн-2018” амжилттай болж, өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *