Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Улсаа гэсэн ганцхан эрх ашгийн төлөө нэгдэж ажиллая

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар товч танилцуулав.

Тогтвортой улс төр, тогтвортой бодлогогүй, сахилга, хариуцлага алдагдсан, дураараа авирладаг байдал газар авсан, тооцоо судалгаагүйгээр их хэмжээний өр тавьж, үр дүнгүй зарцуулсан, хүнд суртал, дарамт их байснаас олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан зэрэг нь монголчууд бидний өмнө тулгарсан зовлон. Зовлонгийнхоо шалтгааныг олсон учир засч залруулах үүднээс шударга ёс тогтоож, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, хатуу шаардлага тавьж ажиллаж байгаагаа хэллээ.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүнд 1,2 хувьтай байсан эдийн засаг 2017 онд 5,2 хувьтай гарч, гурван жил дараалан буурсан зээлжих зэрэглэл дээшилсэн, эдийн засгийн өсөлт ирэх онд 8 хувьд хүрнэ гэж Дэлхийн банк таамаглаж байгаа зэргийг дурдав.

Хүн ам, малын тоо нэмэгдэж, төсвийн орлого давж биелэн, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, валютын нөөц нэмэгдсэн, аж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ өссөн, төсвийн алдагдал буурч байгаа зэрэг ололт, амжилт байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид энэ бүхнээ бататгахаас гадна олсон орлогынхоо хэмжээнд зарлага гаргаж төсвийн алдагдалгүй, дотоод, гадаад өргүй болохыг зорьж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Засгийн газар иргэдээ эрүүл хүнсээр хангаж, гэр, орон сууцтай, боловсролтой, ажилтай орлоготой байлгаж, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад анхаарна. Энэ нь хүчтэй, хараат бус эдийн засагтай байх ёстой гэсэн үг. Үүний тулд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, мал ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараа давхар хөгжүүлнэ гэв.

Ойрын жилүүдэд эрчим хүч, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2020 он гэхэд баруун аймгуудыг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбоно гэв.

Монголчууд улс төржиж, талцалгүй, улсаа гэсэн ганцхан эрх ашиг, эдийн засгаа өөд нь татаж, иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө нэгдэж ажиллах ёстой. Сонгуулийн үеэр л улстөржицгөөе. Бусад үед нь ажлаа хийе гэж Ерөнхий сайд үзэж байна. Энэ чиглэлээр улс төрийн нам, улстөрчдөөс гадна иргэд ч хамтран зүтгэе гэж уриалсныг Увс нутгийн иргэд талархан хүлээж авлаа.

Нутгийн иргэд Ерөнхий сайд болон дагалдсан яваа сайд нарт хандаж санал, хүсэлтээ илэрхийллээ.

Иргэн Ц.Лхагва: “Жангар” зэрэг тууль, үлгэр, бий биелгээг дунд сургуулийн хөтөлбөрт оруулж заадаг болгоё. 1956 онд ашиглалтад орсон Соёлын ордныг засварлах, эсвэл шинээр барихад анхаарах хэрэгтэй байна.

Иргэн н.Цэцэгмаа: Эмнэлэг байгуулж 15 хүнийг ажлын байраар ханган, улсдаа татвараа цаг хугацаанд нь төлж байгаа. Сонгон шалгаруулалтад орох ёстой гэсэн үндэслэлээр нэг хүнд ногдох Нийгмийн даатгалын хөнгөлөлтөө авч чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх залуу, эрч хүчтэй хүн. Хувийн хэвшлээ дэмжээрэй.

Малчин н.Намсрай: Хүүхэд, залуусын дунд соёл, хүмүүжлийн ажил аль болох түлхүү зохион байгуулж байх. Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, дадал, ухамсар суулгах шаардлагатай болжээ.

Иргэн н.Батаа: Аймаг, орон нутгийн ажил сайн байгаа. Хөрсний ус орж ирж айл өрхийг усанд автуулан, зам, талбай эвддэг. Далан барьж энэ усыг хуримтллуулан ногоо, цэцэг услах зэрэгт ашиглах боломж байна. Хөнгөлөлттэй зээл олговол хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн иргэдээ сүү, хадлан зэргээр хангах боломжтой.

Иргэн н.Догоосүрэн: Асуудлыг газар дээр нь шийдэж байгаад бид баяртай байна. 4 мянган хүнтэй долоодугаар баг Өрхийн эмнэлэггүй. Иргэд гурван газарт хуваагдаж эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж байгааг анхаарна уу. Гэр хорооллыг цэвэр, бохир усаар хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Иргэн н.Зундуй: Орон нутагт ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний багт амжилт хүсье. Ард түмэн итгэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөө яаравчлуулья. Хоёр парламенттай болох хэрэгтэй байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлье. Авлига, офшорчид Монгол төрийг муухай харагдуулж байна. Үүнийг таслан зогсооход энэ Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Банкны хүүгийн дарамтыг арилгах хэрэгтэй байна.

Иргэн н.Батсуурь: Халамжийн мөнгийг иргэн, тухайн хүний асран хамгаалагчийнх нь дансанд шууд хийж байх шаардлагатай байна. Мөнгөө авах гэж ажлаа алдах тохиолдол их гарах юм.

Иргэн н.Мөнхнаран: Манай компани тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа. Энэ нь Засгийн газрын тогтвортой бодлогын үр дүн гэж үзэж байна. Төрийн албан хаагчид ээлжийн амралтаа авч гадаадад ажил хийхээр явж байна. Төрийн албанд дэг журам, сахилга бат чанга байх хэрэгтэй.

Иргэд мөн 1072 хувьцааг амилуулах, төмөр замаа барих, ахмадуудын дийлэнх нь банкны зээлтэй, одоо зээл авья гэхэд үр хүүхдээр нь барьцаалдаг болсон тухай хөндлөө. Түүнчлэн зарим цөөн хүн төрийн нэр хүндийг унагаж байгаад анхаарах, хариуцлагагүйн зудтай тэмцэх, усалгаатай тариаланг дэмжих, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, малын тоо толгойг өсгөсөн малчдыг Улсын аваргаар шалгаруулдаг байх бус, харин эрчимжсэн аж ахуй, фермерийг түлхүү шагнаж урамшуулах, чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх, зэрэг санал, хүсэлт тавьж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд нар иргэдийн санал, хүсэлт, гомдолд хариулж, заримыг нь судлан ойрын хугацаанд бичгээр хариу өгөхөөр болов.

Алслагдсан нутагт ажиллан тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдэж, санал бодлыг нь сонсож байгаад иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэн, шударга, эрч хүчтэй ажиллахыг захилаа. Мөн эдийн засгаа өсгөн, иргэдээ ядуурлаас гаргаж, амьдралыг нь сайжруулна гэсэн итгэл, хүлээлт маш их байгааг хэлж байв.

Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон дагалдан яваа сайд нар, албаны бусад хүний орон нутаг дахь албан томилолт Увс аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзсанаар өндөрлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *