Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлчид ба Элчин Сайдууд” уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж буй “Сэтгүүлчид ба Элчин сайдууд” уулзалт Blue Sky зочид буудлын Кристалл танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдууд, Ерөнхий консул, Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд оролцсон юм.

Уулзалтыг нээж Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрээр “Эрхэм Элчин сайд нар болон сэтгүүлчид энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ талархал илэрхийлж байна. Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрууд өдөр тутмын ажилдаа Монгол Улсын Засгийн Газар буюу төртэй хамтран ажиллаж ирсэн билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон хамгийн суурь ойлголт, засаглалын нэг хэлбэр юм. Тийм учраас зөвхөн төр засагтай төдийгүй энэ засаглалтай ч мөн адил харьцах хэрэгтэй байдаг. Яг үүнийг нөхөж өнөөдрийн арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн ач холбогдол өдөр бүр улам өссөөр байгаа энэ цаг үед өөрийн мэдээллийг зөвөөр таниулан цацах, хэвлэл мэдээлэлтэй харьцах харилцааны суурь тавигдах, хоёр орны харилцааг зөв урсгалаар явуулах, бодлогын уялдаатайгаар харилцааг хөтлөн явуулахад маш чухал үүрэгтэй.

Миний зүгээс элчин сайд нартаа хандаж хэлэхэд, зарим тохиолдолд хэвлэлийнхэнтэй харилцах харилцааг зөв урсгалаар нь явуулж байгаа үед засгийн газарт сонсгох мэдээ илүү хурдан хүрч байж магадгүй. Хэвлэл мэдээлэл нь дөрөв дэх засаглал гэдэг утгаараа том засгийн газартай дүйцэхүйц учир бүхэл бүтэн засаглал гэж хэлж болно. Биднээс хүчтэй үе байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх гэсэн нэгдсэн нэг бодлогын дор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ажиллаж байна” хэмээн онцлов.

Мөн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүлзүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжил болон 10 жилийн зорилт, 2018 оны бүтээлч ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн тэрээр ярихдаа “105 жилийн түүхтэй Үндэсний сэтгүүлзүйн салбар, 67 жилийн түүхтэй МСНЭ-ийн нэр хүндийг өндөрт өргөж, ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг хамгаалан хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтан ажиллагсад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх ашгийг тууштай хамгаалах, санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж МСНЭ-ийн бие даасан, хараат бус, шинэ дэвшилтэт хөгжлийг авчрахын төлөө зорьж байгаагаа” илэрхийлсэн юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас “Сэтгүүлчид ба Элчин Сайдууд” уулзалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.


-МСНЭ-тэй хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний гол онцлог нь юу вэ?

-Энэ арга хэмжээний гол онцлог нь Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг хэвлэл мэдээллүүдийн байгууллагуудтай холбож өгөх. Тиймээс өдөр тутмын амьдралд гүйцэтгэх үүрэг нь илүү нэмэгдсээр байгаа энэ үед зөв мэдээлэлтэй байх, ялангуяа мэдээллийн эх сурвалж нь найдвартай байх нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал гэж бодож байна. Олон түмэн зөв мэдээлэлтэй байж, ялангуяа гадаад мэдээллийн эх сурвалж нь шалгагдсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэй байх нь чухал. Тэр эх сурвалж нь гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд шүү дээ. Заримдаа тэр бүр нээлттэй байхгүй, хаалттай байх нь элбэг. Тиймээс манай хэвлэл мэдээлэлтэй харьцаж байгаач ээ, манай хэвлэл мэдээллийнхэн ч мөн адил дипломат төлөөлөгчийн газруудтай танилцаад аваач ээ гэсэн үүднээс энэ нээлттэй сувгийг л бий болгож өгөх гэсэн юм. Энд ирсэн элчин сайдуудтай шууд нүүр тулан уулзсан байхад дараа нь ярилцлага авах гээд очиход ч гэсэн илүү дөхөм байна байх. Сэтгүүлчдэдээ ч тус болж байгаа, дипломат төлөөлөгчийн газрууддаа ч тус болж байгаа юм. Хамгийн гол нь мэдээллийг хэрэглэж байгаа хүмүүстээ л найдвартай мэдээлэл хүргэх юмсан гэж хүсэж байна. МСНЭ-ээс цаашдаа ийм уулзалтууд зохион байгуулах бол миний зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаа.

-Бусад орны хэвлэл мэдээлэл гадаадын элчин сайдуудтайгаа уялдаа холбоотой ажилладаг болов уу?

-Уялдаа холбоотой л ажиллана л даа. Ялангуяа гадны хэвлэл мэдээллийнхэн Монголд ирэх юм бол манай Гадаад харилцааны яаманд ирж бүртгүүлдэг. Бид тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлж бусад байгууллагуудтай холбож өгч уулзалтуудыг нь зохион байгуулж өгдөг.

-Энэ уулзалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Үр ашиг нь гэвэл, аливаа дамжлагагүйгээр шууд мэдээллээ авч байх боломж юм. Ялангуяа энд ирсэн улсууд цаашдаа хамтран ажиллах боломжоо л нээж байгаа гэж би хувьдаа үзэж байна. Гэхдээ элчин сайдын яамдууд өдөр бүр нээлттэй байхгүй шүү дээ. Тиймээс энэ нь хамтын ажиллагааны өргөн боломжийг нээж байна гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *